Comment.mn

Г.Уянга: ЕРӨНХИЙ САЙД УЛСАА ЧИРЭЭД БАЙЛГҮЙ ӨӨРӨӨ ЯВСАН НЬ ДЭЭР

Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн асан Г.Уянгатай ярилцлаа.

АН МАН-ыг Засгаас хөөх талаар ярьж байна. МАН-ынхан хөөгдөж байснаас өөрсдөө гарна гэсэн байр суурьтай байгаа. Хамтарч Засаг байгуулсан атлаа гэрээгээ муу биелүүлсэн гэж бие бие рүүгээ бурууг тохож байна. Таны хувьд энэ бүхнийг юу гэж дүгнэж байна вэ?

Нэгийгээ Засгаас хөөх, нөгөө нь гарах гэсэн нь надаас шалтгаална гэж үү.

Хамтарсан Засгийн газар хэр үр дүнтэй ажилласан бол?

25 жил үзсэн кино, сонссон хөгжим бол МАНАН. Энэ хоёрыг урд хойно нь оруулаад Монголыг өөрчлөхгүй. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанарт өөрчлөлт гарахгүй. Нийгмийнхээ суурь гэрээ Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр ямар ч найдвар хэнээс ч хүлээх хэрэггүй гэсэн үг. Засгийн газрыг огцруулах талд санал өгөөд, санаачилга гаргаад байгаа нь өөрчлөгдөнө гэж найдсаных огт биш. Ердөө л зовлонг хурдан дуусгах гэснийх.

Таны хувьд шийдлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг байнга хөнддөг шүү дээ. Ер нь Засгийн газраа ойр ойрхон унагаад байвал ажил урагшлах уу?

Байлгаад байсан ч урагшлахгүй. Нэгдүгээрт, унах ажлаа Ерөнхий сайд өөрөө хийсэн. Дубайн гэрээгээр үндэслэн түүнийг унагах ч багадна. Зүй нь эрүүгийн хариуцлагад татах ёстой юм. Засгийг унагаах нь зорилго биш, дээр хэлсэн том зорилгод энэ үйлдэл үйлчилж чадах уу, хэрэгтэй юү гэдэгт байгаа юм. Би хэрэгтэй гэж  үзэж байна.

Засгийн газар нь УИХ ажил гацаагаад байна гэсэн тайлбарыг хэлдэг шүү дээ?

“Шийдлийн” нэртэй Засгийн газрын “шийдчихсэн” ажлуудыг нь гацаах байтугай таслан зогсоох ёстой. Тэгэхгүй бол “Шидлийн засаг” болох гээд байна. Монголыг өрөнд тавиад тууж байхад нүдээ аниад явуулаад байж болохгүй. Хуулийн төслүүдийг УИХ журмаараа хэлэлцээд батлахыг нь батлаад, болохгүйг нь буцаагаад явуулж байгаа. Ер нь энэ парламентад хэн ч гомдол тавиад байх учиргүй. Нөгөө 25 жилийн өмнө баталсан Үндсэн хуулиар мөрөөдсөн “ардчилал” чинь энэ шүү дээ. Одоо нэг их ад үзээд, уурлаж бухимдаад, шоолж баалаад байх явдалгүй. Монголын ардчилал өөрөө өөрийгөө толинд харж байгаа нь энэ.

Зарим улстөрч Дубайд үзэглэсэн гэрээг ашигтай, Оюутолгой эргэлтэд орсноор манай улсын эдийн засаг сайжирна гээд байгаа?

Одоо сэргэж байгаа юм шиг санагдаж магадгүй, ер нь бол үгүй дээ. Ард иргэдийн амьдрал бол бүр сайжрахгүй гэдгийг баталгаатай хэлмээр байна. Яагаад гэж асуух байх. Нэгдүгээрт, энэ гэрээ нийгмийн олонхид ямар ч хамаагүй. Оюутолгойд ажилд ордог, тэнд бараа шахдаг, түүгээр дамжиж бизнес нь хөдөлдөг компаниудын олонх нь эрх мэдэлтэн, мөнгөтнүүдийг тойрсон хүрээллийнхэн. Хоёрдугаарт, төсөлд зээл авч цааш явуулснаар хүмүүс ажилтай болно. Оюутолгой ажилчдаа халахгүй болно гэдэг. Энэ сайн. Гэхдээ хүмүүс ажиллаад цалингаа аваад явж байгаа нь нэг, хоёр мянган. Цөөн хүн амьжиргаагаа залгуулж байгаа нь эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэхгүй. Ер нь уул уурхайн салбар ажлын байр олноор бий болгодоггүй. Дээр нь монголчуудаас илүү гадныхан олноор ажиллаж хамаагүй их цалин авч байгаа. “Оюутолгой”-н уурхайг барихад ч, ашиглахад ч тэр. Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан шалгалтын дүнг нууцалж байсныг олон нийтэд ил болгосон. Тэндээс энэ баримтыг харж болно. Гэхдээ цалин бол дотоод хуримтлал бий болгодоггүй. Мөн компаниуд ажилтай болно, түүгээр дамжиж олон мянган хүн дам ажлын байраар хангагдана, тэр компаниудаас татвараа авна, үүгээр төрийн албан хаагчдын цалинг тавина гэлцдэг. Гахайн хялгасаар дээс томж найзыгаа уснаас аврах гэдэг дэвхрэг, шоргоолжны үлгэртэй адилхан сонсогдож байгаа биз. Гэвч үүнийг мушгиж, муулах шалтгаан алга. Бас л сайн хэрэг. Гэхдээ цөөн нийлүүлэгч компанийн ажилчид болон төсвийн ажилчдын нэг хэсэг амьжиргаагаа залгуулна, эндээс бас ямар ч хуримтлал үүсэхгүй. Компани ашгаа хийнэ. Тэр ашиг ч бас л хуримтлагдсан өрийг төлөхөд ямар ч падлийгүй, эзний л орлого юм. Гэтэл хоёр  жил хүрэхгүй хугацааны дараа төлж эхлэх энэ их өр зээлээ яах болж байна аа, хэдүүлээ. Оюутолгойгоос ашиг хийж байгаа компани нь цөөхөн. Харин өрийг нь монголчууд гурван саяулаа төлөлцөнө гэдгээ мартаж болохгүй.

Уг нь тэр даруй ам.долларын ханш буурсан. Харамсалтай нь, шүүмжлэлтэй зэрэгцээд дахин өслөө?

Ам.долларын ханш буурч, төгрөгийн ханш тогтворжиж, эдийн засаг сэргэнэ гэдэг. Ханшны бууралт түр зуурын үзэгдэл. Бид импортлогч, хэрэглэгч, нэг компаниас хараат төсөвтэй улс хэвээр байсан цагт төгрөгийнхөө ханшийг тогтвортой удаан хугацаанд барих чадваргүй байх болно. Ханш Г.Уянга, С.Ганбаатар хоёроос болж хөдөлдөггүй гэдгийг эхлээд ойлгож авах хэрэгтэй. Мөн “Оюутолгой” зээлээ авч цаашаа явах нь дэлхийд эерэг мессэж түгээж хөрөнгө оруулалт Монгол руу цутгана гэдэг. Монголд мөнгө цутгаад байх төсөл бараг алга. “Оюутолгой”, “Тавантолгой”, түүний дундах цахилгаан станц гэсэн гурвалаас олигтой орлого олохооргүй гэрээг бид хийчихсэн. Эдгээр төслүүдээс Монголд зүйрлэвэл, хусам нь, алимнаас ганц зүсэм, поончигноос бол нүх нь оногдох юм даа. Дэлхийд үнэтэйд тооцогдох том ордоо амьжиргаа залгуулах төдий орлогын төлөө бусдад найр тавьж болохгүй л дээ, төрт улс юм бол. “Оюутолгой”-н хангалтын дийлэнхийг гадны компаниуд хийдэг. “Жиангсу Жиангду” гэдэг Хятадын групп 2010-2012 он гэхэд л барилгын ажлын найман гэрээ байгуулж, тэрбум 71 сая ам.доллар авсан байх жишээтэй. Тэр байтугай манай хөрөнгө оруулагчид өөрөө өөртөө зээлээр тоног төхөөрөмж нийлүүлээд хүүтэй нь биднээр төлүүлж суудгийг бид шалгалтаар мэдэж авсан. Муу гэрээг улам муутгахад бидний амьдрал сайжирч, эдийн засаг сэргэнэ гэж байх уу.  Харин ч нэг их удалгүй энэ их өрөө төлөх гэж томоохон асуудалд орно. “Оюутолгой” одоо найдвар биш дарамт болно. Хэрэв гэрээг энэ чигээр нь явуулсаар байвал. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниудад төлөх үндсэн өр бараг гурван тэрбум ам.доллар болчихоод байна.  Яг энэ янзаараа үргэлжилбэл, уучлаарай, бид эндээс ногдол ашиг горьдолтгүй. Ноогдол ашиг байтугай өрөнд ороод салах болчихоод байна. Ерөнхий сайд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхдөө улсаа тэр чигээр нь ангал руу чирээд байх хэрэггүй. Зүгээр л өөрөө явсан нь дээр.

Та С.Баярын нууц хөрөнгүүдийг ил гаргасан. Энэ асуудал АТГ-д шалгагдаж байгаа гэсэн. Юу болж байгаа вэ?

Авлигатай тэмцэх газар иргэн С.Баярыг шалгаж эхэлснээ надад албан бичгээр мэдэгдсэн. Миний хувьд баримтуудыг олон нийтэд хүргэж, тэдний хяналтыг бий болгосон. Анхны эх сурвалжтай нь ч холбож өгсөн. Одоо шалгах газар нь шалгаж дүгнэлтээ гаргаад, хуульд заасан арга хэмжээ авах ёстой гэдгийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн та бүхэн хянаж, сануулж байх үлдлээ. Би хувьдаа үүргээ “онц сайн” гүйцэтгэлээ. АТГ-ыг  ямар дүгнэлт гаргахыг харцгаая. Үүгээр мундахгүй төсөв авдаг АТГ-ыг  өөрийг нь бас давхар шалгаж байгаа хэрэг. Нийгмээ, төрөө ямар болчихоод байгааг харах бас нэг том индикатор юм даа, энэ хэрэг.

С.Баяр өөрөө ийм хөрөнгөгүй гээд л байгаа?

Тэр долоон байшин Ерөнхий сайд асан С.Баярт байгаа бүх хөрөнгө гэдэгт би л лав огт итгэхгүй. Тэр баримт АНУ-д байгаа хөрөнгийг нь төдийгүй мөнгө угаадаг сүлжээг нь илрүүлсэн. АНУ-ын бүртгэлийн систем, ил тод байдал үнэхээр манай ардчилагчдад үлгэр жишээ болохоор, дүр эсгээгүй байгаа биз. Тэр дундаа бүртгэлийн төгөлдөршилтөд уриалсан хүн өөрөө төгөлдөршсөн бүртгэлийн системийн үр ашгийг үнэлж цэгнэнэ байх.  АТГ үүнд бас анхаарч мэргэжлийн түвшинд ажиллах биз.

АТГ-ын мэдээллээр хэргийг эцэслэн шийдсэн юм шиг ойлгогдсон?

Би тэгж ойлгоогүй. Эцэслэсэн бол буруутай эсэхийг нь хамт мэдээлэх ёстой биз дээ. Үүнийг АТГ-аас тодруулах хэрэгтэй. Надад хуулийн дагуу шалгаж байна, хуулийн хугацаанд шийдэж хариу өгнө гэсэн бичиг ирсэн.

Та бид хоёр түрүүнд Оюутолгой төслийн талаар ярьсан. Тэгвэл нөгөө нэг том төсөл бол яах аргагүй Тавантолгой. Энэ төслийн ажил гацаа байдалтай байгаад байна. Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?

Тавантолгойн одоогийн гэрээ бол Оюутолгойн гэрээний хувилбар. Оюутолгойн зээлээр “Рио Тинто” өрөө төлж хүндрэлээс гарна, Тавантолгойгоор “МСS” өрөө төлж хүндрэлээс гарна. Харин энэ хоёр гэрээ энэ чигээрээ явбал Монголчууд бүгдээрээ хэдэн үеэрээ амь зуух баялгаа алдаад л дуусна.

Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Энержи ресурс” компани их хэмжээний өртэй. Түүгээр ч барахгүй ойрын хоёр жил дампуурах магадлалтай гэсэн. Ер нь Тавантолгойг  хөдөлгөх найдвар байна уу?

Хөдлөхгүй таг гацчихаад байгаа юм биш, Оюутолгой, Тавантолгой аль аль нь явдгаараа явж байгаа. Зогсчихоод, тэр зогсолт нь монголчуудаас болоод гацсан зүйл байхгүй. Манайхан бас мэдэж байж ярьмаар байна. Оюутолгойн ил уурхай ажиллаж байгаа. 2018 оныг дуустал ямар ч саадгүй хэвийн явна. Тавантолгой ч гэсэн нүүрсээ гаргаад борлуулалтаа хийж байна. МАНАН-гийн 2008 оны амлалтын өрийг түүгээрээ төлөөд байгаагаас биш. Удахгүй төлж дуусах юм билээ. Гацаад зогсчихоод байгаа гэж сурталчилаад байгаа нь амжиж идэж уух гээд сандарч байгаа хүмүүсийн яриа. Бид Засгийн газар эзэн хүний ёсоор ажил хэрэгч хандаад салбаруудаа зохицуулаад явчихвал тэгтлээ хүндрээд байх айхтар шалтгаан байхгүй. “Рио Тинто” элдвээр дарамт учруулж байгаа ч бид чинь эрх биш нэг улс байна даа, даваад гарчихмаар санагдах юм. Эдийн засгийн өсөлт буурснаас хасах болоогүй, гагцхүү бүх зүйл учир замбараагаа алдсанаас улс төрийн, оюун санааны, эдийн засгийн замбараагүйтэл нүүрлээд байгаа юм.

niigmiintoli.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.