Comment.mn

Биткойны ханш 9766 ам.долларт хүрлээ

 Биткойны ханш зогсолтгүй өссөөр өнөөдрийн байдлаар 10 мянган ам. доллар руу нэлээн дөхжээ. Технологийн хувьсгалаар бий болсон биткойн нь мэргэжлийн хүрээнийхэн болон жирийн иргэдийн хувьд ямар үр дагавартай вэ гэдэгт хариулт авахаар Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Цахим мөнгө: Бид хаашаа явж байна вэ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол банкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл, “Ард бит”-ийн захирал Б.Золбоо, Математикийн хүрээлэнгийн судлаач Ц.Түвшинтөр, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Ганзориг, “Цахим Эгэрэг” компанийн үүсгэн байгуулагч М.Хашчулуу нар оролцож биткойны боломж, эрсдлийн талаар мэдээлэл өгсөн юм.

“Ард” санхүүгийн нэгдлийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Ганзориг, “Биткойны ханш өсч, 9766 ам.долларт хүрээд буй энэ үед уг криптовалютыг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд гүйлгээнд орсон криптовалютын тоо 1300-гаас давсан бөгөөд зах зээлийн нийт үнэлгээ нь 308 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүний талаас илүүг нь биткойн дангаараа бий болгож буй юм. Биткойны зах зээл цаашдаа 100 дахин тэлэх боломжтой. Биткойны үнэ энэ онд 600 гаруй хувиар өсч дэлхийн хатуу валютын орлогыг нэмэгдүүлсэн. Тодруулбал өмнөх оны мөн үеэр 700 ам.доллар байсан биткойны ханш өнөөдөр 9000 ам.долларыг хол даваад байна. Энэ хэрээрээ Блокчэйн технологийг сонирхож, судалж байгаа томоохон банкууд, улс орнууд нэмэгдсээр байна” хэмээв.

“Мобиком”-ын кэнди, “Юнител”-ийн жижи зэрэг үүрэн операторуудын гаргасныг технологижоогүй цахим мөнгө гэж нэрлэж байгаа. Харин криптовалютын эдгээрээс ялгарах ялгарал нь блокчэйн технологид суурилдагаараа онцлогтой. Хэрэглэгчийн мэдээлэл, арилжааны банкуудын сервер дээр хадгалагддаг бол блокчэйн технологи дээр мэдээлэл блок, блокоор баталгаажсаны дараа зөвшөөрөгддөг.

Криптовалют нь гурван шинж чанарыг агуулдаг бөгөөд цахим хэлбэртэй буюу биет бус гэдгээрээ онцлогтой. Криптовалют эзэмшигч нь ямар ч банктай харилцах шаардлагагүй, хүссэн үедээ санхүүгийн гүйлгээ шууд хийх боломжтой. Төвлөрсөн бус системтэй буюу криптовалютыг аль нэг улсын Төвбанк гаргадаггүй. Түүнчлэн дэлхий нийтэд биткойныг хоёр төрлөөр хэрэглэж байна. Тодруулбал арилжаа болон төлбөр тооцооны хэрэгсэл байдлаар ашиглаж буй бөгөөд биткойноор үйлчилдэг 200 гаруй мянган үйлчилгээний байгууллага бий болсон. 3000 гаруй биткойны АТМ-ажиллаад эхэлсэн байх жишээтэй. “Туркиш Эйрлайнс” тийзээ биткойноор борлуулж байна. Аялал жуулчлалын дэлхийн хамгийн том сайт болох “expedia.com” биткойныг ашиглан онгоцны бүх тийзүүд, зочид буудлын төлбөр, машины түрээсийн үйлчилгээг онлайнаар борлуулж байна. Швейцарь улс татвараа биткойноор авч буй бол Японд хүнсний бүх дэлгүүрийн сүлжээ нь биткойн руу шилжих бэлтгэлээ хангаж байгаа хэмээн “Ард бит”-ийн захирал Б.Золбоо ярилаа.

Дэлхийн улс орнуудын 90 гаруй Төвбанк блокчэйн технологийг судалж буй аж. Монголбанк ч мөн Ажлын хэсэг гаргаж, энэхүү технологийн давуу тал, ашиглах боломж ба эрсдлүүдийг судалж эхэлсэн тухай Төвбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл онцолсон юм.

Тэрээр, Судалгааны гол зорилго нь криптовалютыг технологийг судлах, боломж ба эрсдлийг тодорхойлох суурь судалгаа хийж, бодлогын зөвлөмж гаргана. Эдийн засгийн төвлөрөл, мөнгөний бодлогоор бид Швейцаруудыг хэзээ ч гүйцэхгүй. Криптовалют нь цоо шинэ ойлголт учраас дэлхийн улс орнуудын олонх нь ажиглалтын байдалтай байгаа. Харин Японд биткоиныг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрч, зохицуулж эхэлсэн бол Хятадад эсрэгээрээ, хориглосон байх жишээтэй. Тэгвэл ирэх оноос хэрэгжиж эхлэх Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг, цахим мөнгөний зохицуулалт багтсан. Энэ нь биткоин, этереум зэрэг олон улсын криптовалютыг зохицуулахгүй бөгөөд “нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байна” гэсэн шаардлага тавих юм” гэлээ.

Өнөөдөр блокчэйн технологийг 20 сая гаруй хүн ашиглаж байгаа аж. Биткойныг хэрэглэдэг хүн 100 саяыг хол давжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Блокчэйн технологийг ашиглан үндэсний крипто цахим мөнгө гаргах гэж байгаагаа “Эгэрэг” төслийн санаачлагч М.Хасчулуу мэдэгдсэн. Ингэснээр төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлэг хямд төсөр болж цаг хэмнэнэ гэдгийг тэрээр онцлоод, “Манай технологийн туршилт үндсэндээ дууссан бөгөөд одоо зах зээлд нэвтрүүлэх ажлаа эхлүүлэхэд бэлтгэж байна. Ингэснээр хэрэглэгч ханшийн эрсдэл хүлээхгүйгээр төлбөр тооцоогоо хийх боломж бүрдэнэ. “Эгэрэг” гэдэг нэртэй энэхүү цахим мөнгө нь блокчэйн дээр суурилсан, төвлөрсөн удирдлагатай холбогдох бөгөөд нэг төгрөгтэй тэнцүү үнэлгээтэй байх юм. Монголчууд ухаалаг утас ба интернэтийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байна.Өнөөдөр манай иргэд 2.4 сая ухаалаг утас хэрэглэж буй бөгөөд 30 сумаас бусад нь интернэтэд холбогдсон гэсэн судалгаа гарсан. Энэ давуу талаа ашиглан бид блокчэйн технологиор олон зүйл дээр дэлхийд анхдагч болох боломж бидэнд бийГэтэл мөнгө шилжүүлэхийн тулд хагас сайн, бүтэн сайн өдрийг өнжилгүйгээр мөнгөн шилжүүлэг хийх боломжийг бид бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр мөнгө шилжүүлэхийн тулд 500 төгрөгийн шимтгэл төлдөг системийг халж шуурхай үйлчилгээг бий болгох юм. Гүйлгээнээс маш бага хэмжээний шимтгэл авна. Улмаар энэ систем Монголын онлайн худалдаа, төлбөр тооцооны салбарын хөгжилд маш том хувь нэмэр оруулах юм. Дотоодын болон олон улсын гүйлгээний зах зээл дээр банкуудтай тодорхой түвшинд өрсөлдөх эхлэл үүсэхийн зэрэгцээ бэлэн мөнгийг хэрэглээнээс хална” хэмээн ярив.

Блокчэйн технологи нь цахим мөнгө төдийгүй бусад олон салбарт боломж нээж байгаа. Гэхдээ боломжийг эрсдэл дагадгийг Математикийн xүрээлэнгийн судлаач, доктор Ц.Түвшинтөр анхаарууллаа. Мөн тэрээр Хамгийн гол нь биткойныг хөгжүүлэхийн тулд хүчээ нэгтгэж шинэ технологийг судалж, нэвтрүүлэх, улмаар олборлогчдоо бэлтгэх шаардлага гарч ирж байна гэдгийг тодотгосон юм.

Мөн үеэр “Ард бит”-ийн захирал Б.Золбоо “Крипто Үндэстэн чуулга уулзалт- 2017”-г ирэх 12 дугаар сарын 2-нд Корпорэйт Конвеншн Сентерт зохион байгуулах гэж байгаа дуулгалаа.

Чуулга уулзалтаар блокчэйн технологийн онцлог, цахим мөнгөний хөгжил, ирээдүйн төлөв, зохицуулалтын орчны талаар дэлхийн мэдээллийг нэгтгэн, Монгол Улсад хэрхэх талаар санал солилцох аж. Мөн үеэр блокчэйн технологийг нэвтрүүлж буй мэргэжлийн компаниуд болон криптовалютын үйлчилгээ үзүүлж буй санхүүгийн байгууллагууд танилцуулга хийх юм байна.

Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.