Р.Амаржаргалыг дэмжсү

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн сонгууль хаяанд ирээд улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодруулах гэж байна. Ардчилсан намаас гэхэд хэд хэдэн хүн л нэрээ дэвшүүлээд байна. Бүгд л манай нэртэй улстөрчид байна аа…
Гэхдээ бид хэнийг нь сонгох вэ гэдэг талаар ултай бөгөөд нухацтай бодох хэрэгтэй юм. Нам дотроосоо урцалдаж байгаад нэгийг гаргалаа гэхэд цаана нь түүн лүгээ өрсөлдөх “мөст даваа” бий. Хальтарч ч магадгүй. Хальтаргаж магадгүй. Магадгүйгээр ч барахгүй. Гэтэл хэн нь хальтрахгүй тэр давааг даваад гарах чансаа чадалтай вэ?
Нийт ард түмний дотор нэр хүндтэй, итгэлийг нь даах, ноён нуруутай, оюуны хирц, сэтгэлийн хаттай, эзэн богд Чингис хааны айлдснаар “гадас болж төрийг бэхлэн сахиж, аргамж болж улсыг барин хатуужих” тийм л хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болох ёстой юм даа.
Тийм ээ, эх орон, элгэн түмнээ юуны өмнө боддог зөв хүнийг л сонгох хэрэгтэй. Тийм хүн гэвэл Амаржаргал л байх шиг ээ. Би Амаржаргалыг сайн танихгүй, мэндийн зөрөөтэй л явдаг. Гэхдээ энэ хүний улстөрчийн хувьд ярьж хэлж, хийж үйлдэж байгааг нь молхи би ажиглаж суудаг юм аа. Үнэндээ молхи би Р.Амаржаргал, Д.Бямбасүрэн хоёрын TV – гээр ярьж байгааг нь бүрэн сонсдог юм. Р.Амаржаргал өөдөө гарч ирж ч үзлээ, огцорч ойчиж ч үзлээ. Сонгогдож ч үзлээ. Сонгогдохоос татагалзаж ч үзлээ. Эдгээрийн аль алинд бардамнаж сайрхдаггүй, гутарч гунидаггүй хүн харагддаг. Улстөрийн хат, сэтгэлийн хат гэж энэ байх аа.
Хэдийгээр тэрбээр өөрийгөө таниулах гэж нэг их цоролзоод байдаггүй ч ард түмэн түүнийг үгүйлдэг юм байна лээ. Үүнийг би өнгөрсөн сонгуулийн үеэр л мэдсэн юм. “Амаржаргалыг яагаад дэв­шүүл­сэнгүй вэ?” гэсэн харууслын үг олон түмний амнаас нэлээд унаж байхыг би сонссон. Тэр байтугай МАН – ыг дэмжигч зарим өвгөд хөгшдийн амнаас. Энэ бол нэг үг шүү! Тэгээд тэрбээр хэний ч, өөрөөр хэлбэл, өөрийн, хүний удирдлагын алдааг зоригтой шүүмжилж чаддаг.
Тэднээс тэс өөр үзэл баримтлалтай байгаагаа хулчигнан нуудаггүй, бардам хэлж чаддаг юм билээ. Энэ нь зарим улстөрчийн сэтгэлд үл нийцэх авч гаднын ямар ч нөлөөнд орохгүй байж чадах шударга улстөрч гэдгийг харуулна.
Өөрөөр хэлбэл, намын эрх ашиг гэж явцуурах бус, Монголын эрх ашгийг дээдлэх хүн гэдэг нь харагдаад байдаг. Энэ бол улстөрч хүний ноён нуруу л даа.
Мөн тэр бол эдийн засагч мэргэжилтэй, тэр дотроо зах зээлийн эдийн засгийн шаггүй мэдлэгтэй, улс орноо хямралаас гаргах арга нь “гуйлга” биш гэдгийг олж харсан хүн юм гэдгийг би TV – гээр хэлж ярьж байснаас нь мэдсэн юм. Тийм ээ, манай төр “арван ембуу харахаар алгаа тосдог аав”, ембүү харагдаагүй ч алгаа тосдог аав шиг ажиллаж болохгүй, өөрийн оюунаа ухаж, тархиа уудлан ажиллабал гаднын царай харахгүйгээр хөл дээрээ амархаан босох тухай Та бид түүний ярьж байсныг бахархан чагнаж байлаав шүү.
Одоо манай монгол хэлэнд “оюунлаг” гэж нэг нэр томъёо орж иржээ. Тэгвэл би тэр нэр томъёог Амаржаргалд хамааруулах гээд байна л даа. Арестотель, Күнз зэрэг эртний философчдын төр барихын ухааныг судалдаг гэдгийг нь би бас гадарлах юм аа. Яаж мэдсэн юм гэвэл өчүүхэн миний тэр тухай бичсэн зүйлийг уншчихсан, эдгээрийн бүр эртний монгол орчуулгууд нь бий юу гэж асуугаад, би англи, орос хэлээр нь үздэг юм гэж хэлж байсан.
Одоо Күнз, Арестотель, Гегелийг судалдаг улстөрч манайд ер Амаржаргалаас өөр бий болов уу? Оюуны хирц гэж энэ байх аа. Мөн түүнд оффшор ч гэх юм уу, авилгал гэх ч юм уу, фракц ч гэх юм уу тийм “сүүл” байхгүй цэвэр улстөрч байх аа. Амаржаргалын тухай Та бид мэдэж байгаа минь ердөө л энэ юм. Намынхан нь түүний өөр өөр авууштай чанарыг мэдэж байгаа биз ээ. Зөвхөн намынхнаар нь тогтохгүй!
Учир иймийн тул Ардчилсан намын гишүүд фракц энэ тэрийг умартаж, Р.Амаржаргалыг санал нэгтэйгээр дэвшүүлэн гаргаж, Ерөнхийлөгчийн сэнтийд өрсөл­дүүлнэ хэмээн найдан уриалж байна.
Ардчилсан намынхан дуугарвал дуу нэг дугтарвал хүч нэг байвал л сонгуульд ялна даа!
Ардчилсан намын гишүүн биш боловч Монголын ардчиллын төлөө дотроо үхэж явдаг
Өвгөн Хатагины Го.Аким 
(Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, утга зохиолын доктор, профессор)