Comment.mn

МАХН-аас татгалзсан Т.Дуламдорж, Д.Батмөнх, Д.Энхжаргал нар руу живх шидлээ

МАХН-ын нэр бүхий есөн гишүүн намынхаа гишүүнчлэлээс татгалзаж буйгаа илэрхийлж хэвлэлийн хурал хийлээ.

Тодруулбал, ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал тэргүүтэй МАХН-ын нэр бүхий гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаагаа илэрхийлж, хэвлэлтийн хурал хийсэн ч намын ахмад гишүүд хурлыг бусниулж, бужигнуулаад хаясан юм.

Намаасаа гарч байгаа гишүүдийн хувьд МАХН-ын гишүүн байхаас татгалзаж МАН-ыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Тэдний зүгээс “Намынхаа гишүүнчлэлээс татгалзаж байгаа явдлыг аль 13-р зууны үеийн урвагчдын түүхтэй адилтгаж яриад байгаа нь буруу. Үндсэн эрхийнхээ дагуу олгогдсон эрхээ эдлэх эрхтэй. Гэтэл урвагч, шарвагчаар нь дуудах нь утгагүй зүйл. Сонгуульд хоёр нам эвсэж нэгдэх орох үйл ажиллагаанд гишүүдийн санал бодлыг сонсдоггүй. Хэдхэн цөөхөн хүний эрх ашгаар сонгуульд оролцож, намын гишүүдийн хүсэл зоригийг мохоож хорьж байна. Үнэндээ гишүүдийн хүсэл зоригийг хорьж болдоггүй юм. Дарга нар нэгдэж чаддаггүй юм бол гишүүд нэгдэж чаддагаа харуулж байна. Үнэхээр шударга ёс гэж байдаг юм бол бид нийтлэг эрх ашгийнхаа төлөө явна. Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлээд энэ намаас гарч байгаа юм шүү. Нөгөө талаар энэ олон хүмүүс яагаад намаасаа гарч байгааг сайн дүгнэж цэгнээрэй. Бусдаас буруу хайхын оронд өөрсдөөсөө буруугай хайгаарай. Үнэнийг хэлэхэд хорт хавдар идэгдсэн байгаа шүү. Тиймээс бид том эрх ашиг нийтлэх эрх ашгийнхаа төлөө сонголтоо хийж байгаа гэдгийг зөвөөр ойлгоорой” гэлээ.

А.Үүрцайх “Би БЗД-ийн МАХН-ын дэд дарга, Бага чуулганы гишүүн. Гэхдээ өнөөдөр энэ намын гишүүнчлэлээс татгалзаж байна. Биднийг сонсох, эрх ашгийг дээдлэх битгий хэл ахмадуудаа, залуусаа хүндэлдэггүй учраас гарч байна” гэв. Харин эдгээр хүмүүсийг эсэргүүцсэн намын ахмадууд тэдэн рүү дайрч давшилж, элдвээр хэлж Ш.Энхжаргалын өөдөөс хүүхдийн живх шидэж эсэргүүцлээ илэрхийлэв. Тэд “Эдгээр ичих нүүргүй эмзэглэх сэтгэлгүй муухай хүмүүс Ч.Улаан болон Д.Тэрбишдагва хоёрт худалдагдсан биеэ үнэлэгчид. Үнэнийг хэлэхэд манай намын аль сайхан өнгөтэй өөдтэй зүйлийг эд нар авсан нь үнэн. Гэтэл өнөөдөр яаж байгаа. Намынхаа хамгийн том албан тушаалыг мөнгөн аяга сүүтэй, хадагтай бариад өгч байсан. Тэгтэл намаа орхиж, өөр намд урваж байгаа урвагчид. Та нарыг дарга болгосноос даам гаргаагүй шүү. Эд нараар дутахгүй ээ. Тэртээ тэргүй манай нам цэвэршиж, дахин мандах болно. Гарч ирнэ” гэлээ.

МАХН-ын гишүүн А.Одончимэг “Маргааш бид энэ хүмүүсийн талаар мэдээлэл хийнэ. Нам нэргүй байхад эднийг бид нар ажилтай орлоготой болгосон. Д.Батмөнх даргад Д.Тэрбишдагва МХЕГ-ын даргын суудлыг авч өгсөн гэдгээ өөрөө ярьж байсан удаатай. Тиймээс хэвлэлийн хурлаараа энэ хүмүүсийн “НО”-г чөлөөтэй дэлгэнэ. МАХН-ын эрх, эрх чөлөө, хувь заяа Н.Энхбаяр даргатай холбоотой биш. Энэ намын төлөө тэмцэж явсан эгэл жирийн иргэд бид нарын хувь заяатай холбоотой. Харин ч өнөөдөр МАХН цэвэршиж байна. Монголын түүхэнд анх удаа цэвэршсэн нам шүү. Бусад дандаа оффшор данстай хүмүүс ш дээ” гэв.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.