Comment.mn

Засгийг барьцаалсан популизм

Энэ парламент бүрэн эрхийн хугацааныхаа отгон хаврын чуулганыг хэдхэн хоногийн дараа нээнэ. Сонгууль угтсан хаврын чуулганы өдрүүд ширүүхэн үргэлжлэх төлөвтэй. Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар  МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс гарах тухай өргөдлөө бүлгийн дарга Н.Батцэрэгт хаяглан хүргүүлжээ. Нэгэнтээ энэ парламентын бүрэн эрхийн хугацааны ганцхан чуулган үлдсэн энэ үед дээрх гишүүд энэ үйлдэл нь эрх ашгийнхаа төлөө хийсэн улс төрийн нүүдэл.

Дараагийн алхам нь намын гишүүнээсээ татгалзаж өөр намд элсэж ч магадгүй. Ямартай чГ.Уянгыг ХҮН-д элсэнэ гэсэн явган яриа байсан хэдий ч эрхэм гишүүн тухайн үедээ үүнийг үгүйсгэж байлаа. Уг нь түүний улс төрийн замнал эрх баригч АН-аас эхлэлтэй. Гэхдээ улс төрийн аль хүчинд элсэх нь тохироо бүрдэхээс л шалтгаалах биз. Л.Цогийн тухайд УИХ-ын дэд даргын албан тушаал түүний улс төрийн карьерын хамгийн өндөр цэг байсан гэдэгтэй олон хүн санал нэгдэж байна лээ. Парламентын бүрэн эрхийн хугацаанд Засгийн газар хоёронтоо солигдож, одоо ч тус эвслээс бүлгийн даргын болон сайдын томилгоо хийгдэх орон зай гарсан үед ямар нэг албан тушаалд томилогдох болоход нэр нь дурдагдахгүй байгаадаа гомдоллосон эрхмүүд эвслээс гарлаа гэх яриа ордноор нэг явж байсан.

Хоёр гишүүний дээрх мэдэгдлийн дараагаар “Шударга ёс” эвсэл дэх МАХН, МҮАН-ын дарга нар байр сууриа илэрхийлэн хамтарсан мэдэгдэл гаргасан. Хоёр намын удирдлагууд “Шударга ёс” эвслийн нэрийн өмнөөс УИХ-д нэр дэвшин сонгогдсон Л.Цог Г.Уянга нар шийдвэрээ гаргахын өмнө эвсэл, намын  удирдлагууд, нөхөдтэйгээ уулзаж, санал бодлоо солилцолгүй, улс төрийн ёс зүйн жудаггүй алхам хийсэнд харамсаж байна гэдгийг онцолсон байна лээ.

2012 оны УИХ-ын сонгуулиар эвсч оролцсон МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” парламентад 11 суудал авсан. Өнгөрсөн хугацаанд тус эвслээс гишүүн Д.Батцогт гарч, АН-д элссэн билээ. Харин одоо дээр хоёр гишүүн эвслийн бүлгээс гарахаа мэдэгдлээ. Парламентад 8 буюу түүнээс дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах эрх бүрддэг. Л.Цог, Г.Уянга нар гарсан хэдий ч 8 гишүүнтэй “Шударга ёс” эвслийн бүлэг задрахгүй. Тиймээс ч намын дарга нар “Шударга ёс” эвслийн бүлэг цаашид ч үйл ажиллагаагаа явуулах хууль эрхзүйн чадамжтай гэдгээ мэдэгдэж, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгах бодлого хэвээр байгааг онцолсон байна лээ.

Гэхдээ асуудал үүгээр дуусахгүй. “Шударга ёс” эвсэл дэх өнгөрсөн хугацаанд “дан дээл”-тэй, дотроо гомдолтой явдаг, жагсаалтаар сонгогдсон О.Баасанхүү гишүүнийг эвслээс гарч магадгүй гэж таамаглал байна. Нэр бүхий хоёр гишүүнээс өмнө эвслийн бүлгээсээ гарч МАН эсвэл АН-д элсэхээр гүйж явсан гэх яриа байдаг. Тиймээс эдүгээ эвслийн бүлгийн чадамж О.Баасанхүү гишүүн дээр тогтож байна. Хэрвээ тэр эвслийн бүлгээс гарахаа мэдэгдвэл “Шударга ёс” задарч хамтарсан Засгийн газар нурна. Тиймээс эвслийн бүлгийг хууль эрхзүйн чадамжтай, Засгийн газрыг тогтвортой байлгая гэвэл “Шударга ёс” эвсэл дэх МАХН Засгийн газрын гишүүний нэг квотоороо О.Баасанхүүтэй тохиролцох ажиллагаа ч явагдаж мэдэх. Зарим нэг нь Л.Цогийн оронд О.Баасанхүүг УИХ-ын дэд дарга болгох тохироо хийгдэх болно гэсэн болжморыг төрийн ордноор нисгэж явна.

“Шударга ёс” эвсэл дэх МАХН Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлэх хүнээ Ерөнхий сайдтай тохиролцож чадахгүй дөрвөн сар болж байгаа. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарт хайнга орхигдсон, өвчний жагсаалтаас хасагдаад байсан улаанбурхан өвчин газар авч, хүний амь ч хохирлоо. Тиймээс Ерөнхий сайд ирэх хаврын чуулган эхлэнгүүт Эрүүл мэндийн сайдын томилогоог чуулганаар яаралтай оруулахаа салбарын удирдлагуудад амласан. Харин үүн дээр “Шударга ёс” эвсэл дэх намын удирдлагууд хамтарсан мэдэгдэлдээ “АН болон АН-ын эрх бүхий албан тушаалтны санаачлагаар хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа эвслийн аль нэг гишүүнийг солих өөрчлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газрыг байгуулсан анхны гэрээ хүчингүй болно” гэж анхааруулан шантааж хийсэн байна лээ.

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улс төрийн хүчнүүд, тэр дундаа парламентад суудалтай, Засгийн газарт хамтарсан намууд бие биенээ сөрсөн ямар үг, үйлдэл хийхийг таашгүй. Ирэх сонгуулиар иргэдээсээ оноо, парламентад суудал авахын тулд Засгийг барьцаалсан тоглолт ч үргэлжилж магадгүй.

Хаврын өдрүүд хавсарга багатай, төр түвшин, түмэн олон амгалан байг ээ.

Н.Энхбат

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.