Comment.mn

Ээжийгээ эмчлүүлж эрүүл болгох хэрэгтэй байна

Энэ сарын 7-ны өдрийн оройн 22:00 цагийн орчим Баянгол дүүргийн 15 хороонд байрлах 24 дүгээр байрны орцонд гэр лүүгээ орж явсан настай эмэгтэйг дээрэмдэж гэмтээсэн хэрэг гарсан.

Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс яаралтай мөрдөн шалгаж, хэргийг үйлдсэн гурван этгээдийг саатуулан шалгаж эхлээд байна. Сэжигтэн этгээдүүд нь Дорнод аймаг, Увс аймгийн Давс сумын харьяат 21-24 насны Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй иргэн А, Б, М нар шунахайн сэдлээр үйлдсэн нь тогтоогджээ.

Хэрэг гарсны маргааш тус орцны хяналтын камерын бичлэгийг хохирогч эмэгтэйн хүү сошиалаар цацсанаар энэхүү дээрмийн хэргийг шалгаж эхэлсэн. Улмаар орцны камераас гадна цагдаагийн гудамжны хяналтын хэд хэдэн камерын бичлэгийн тусламжтайгаар хэрэг үйлдсэн гэмт этгээдүүдийн явсан чиглэл, суусан тээврийн хэрэгслийг тодорхойлж, нэгдүгээр сарын 8-ны оройн 19 цагийн орчим “Чандмань” гэх автомашин угаалгын газраас баривчилжээ. Сэжигтэн А нь тус угаалгын газарт ажилладаг бөгөөд оршин суух газартгүй тул мөн тэнд амьдардаг байжээ. Одоогоор сэжигтэн гурван этгээдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Сэжигтнүүд хэрэг гарсан өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд мөнгө олох зорилгоор дээрэм хийхээр тохиролцож, хорооллын 28 дугаар сургуулийн арын байрны хажуугаар явж байсан хохирогч эмэгтэйг дагаж дээрэмдсэн гэж мэдүүлжээ.

Хэргийн хохирогч Ц нь 73 настай бөгөөд ясны бэртэл авсны улмаас ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Эмэгтэйн биеийн байдлыг эмчлэгч эмчээс тодруулбал “Хохирогч эмэгтэйн баруун түнх мултарч, зүүн атгаал буюу гарын шууны яс, хамрын яс хугарсан гэмтэлтэй ГССҮТ-ийн Ясны тасагт хэвтэн эмчлүүлж байна. Амь насанд халгүй хэдий ч өндөр настай хүн учир биеийн байдал сайнгүй байна. Хэдийгээр эмнэлгээс гарах нь тодорхойгүй байна. Өвчтөний биеийн байдлаас харвал ясны хугарал эдгэх хүртэл удаан хугацаанд эмчилгээ хийх шаардлагатай байгаа” гэв.

Хохирогч эмэгтэйн хүүтэй бид утсаар холбогдож уулзах хүсэлт тавьсан боловч тэрээр “Ээжийнхээ биеийн байдалд санаа зовж эмнэлгээр яваад зав зай муутай байна. Тэгээд ч хэргийг үйлдсэн сэжигтнүүдийг цагдаагийнхан олж илрүүлсэн болохоор энэ хэргийн талаар дахин мэдээлэл өгөх хүсэлгүй байна. Одоо бол ээжийгээ эмчлүүлэх эрүүл болгох л хэрэгтэй байна” гэсэн юм.

С.Ням

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.