Comment.mn

Арилжааны банкуудын татаасыг багасгая

Арилжааны банкинд өргүй Монгол  айл гэр өнөө үед нүдний гэм болчихоод байна. Өгөх хүний гар өвчүүн дээрээ, авах хүний гар алд дэлэм гэгчийн үлгэрээр банкны зээлийн системийн бодлогод цаламдуулсан иргэд одоо зөвхөн зээл төлөхийн төлөө амьдарч байгаа гэхэд ч хилсдэхгүй.  Нэгэнт мөнгөө гаргаад иргэнд зээл олгочихсон учир асуудал үүссэн тохиолдолд банк гэдийх бүрэн эрхтэй. Тийм нөхцөл бүхий бэлэн гэрээн дээр мөнгө авахын түүс болсон иргэд гарын үсэг зурж орхисон хойно, эцэст нь ямар ч аргагүй байдалд орно.

За яахав, зээл бол дүүрч. Мөнгийг нь авчихсан юм тань өндөр хүүгээр нь төлөхөөс аргагүй.  Энэ тал дээр гялайж гялтайх  ганц мэдээ бий. Тэр нь  арилжааны банкуудын зээлийн  хүүг буулгах чиглэл засгийн газар, Монголбанкинд очоод буй. Сөрөг хүчин хаа очиж, банкны зээлийн системийн бодлогыг өөрчлөх тал дээр бодьтой ажил эхлүүлэхээр эхний шийдвэрээ парламентаар гаргуулж чадсан нь энэ. Мөнгөний бодлогын хүрээнд энэ шинэчлэл хийгдэх юм.  Гэхдээ арилжааны банкууд эл шийдвэрийг хэрхэн хүлээж авах, Монголбанкнаас бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх арга зам  гаргах зэрэг асуудлууд  эргэлзээтэй, хүлээлттэй байна.  Үүнийг ингээд орхимз.

Иргэдийн гар дээр очиж буй мөнгөн урсгалыг тэр чигээр нь арилжааны банкууд дамжуулах үүрэг гүйцэтгэж буй. Гэтэл арилжааны банкууд үйлчилгээний нөхцөлдөө асар их мөнгөн суутгал авч буй нь иргэдийн бухимдлыг төрүүлэх болсоор удаж байна. Энэ тал дээр  тэд ямар ч хяналтгүй ажилласаар өдийг хүрлээ. Бэлэн мөнгөний машинаас гүйлгээ хийхэд 50-100 төгрөг, өөр банкны машинаас бол 500 төгрөг, банк хоорондын шилжүүлэг 300-3000 төгрөг, виз хүссэн иргэнд тодорхойлолт гаргахдаа 4000 төгрөг гээд үйлчилгээ тутамдаа өндөр татаастай. Иргэн хүүхдийн мөнгөө өөр банкнаас авахын тулд шилжүүлэг хийлгэхэд 6000 төгрөг төлж байна.  Арилжааны банкууд энэ маягаар иргэдээс татдаг татаасаараа үйл ажиллагааны зардлаа нөхдөг гэх.

Өнөөдөр суурин газар амьдарч буй иргэд карт хамгийн ихээр хэрэглэж байна. Арилжааны банкууд ч бэлэн мөнгөний машиныг хүртээмж сайтай байршуулах болсон. Тэр хэрээр асар их татаас төвлөрч, банк ашигтай ажиллаж буй гэх.  Арга яадарсан нэг нь өөр банкны машинаас  авч 500 төгрөг суйлуулахгүйн тулд  буудал сэлгэн алхаж, ухаалаг машин хайна. Арилжааны банкуудын  бэлэн мөнгөний машины татаасаа тэглэх хэрэгцээ үгүйлэгдсээр байна.

Арилжааны банкууд, ялангуяа ХААН банк бол хэрэглэгчээ зүгээр л  нэг цаг хүлээлгэх хэвшилд оруулаад хэдэн жил боллоо. Салбаруудынх нь хананд хэдэн арван тэрбумын ашигтай ажилласан батламж гялтайх мөртлөө теллер, банкны багтаамж, суудал нь сэлт нь хэвээрээ. Яарч сандарч явдаг иргэд банкны оочер хүлээн, зүүрмэглэж авдаг гэх хошин яриа ч бий.  Үйлчилгээний газар нойлгүй байдгийн  алтан дүрмийг банкууд үлгэрлэн үзүүлж байна. Ер нь яаж өөртөө ашигтай, иргэдэд хохиролтой байхын ухааныг манай арилжааны банкууд асар сайн тооцоолон, хэрэгжүүлж байна. Тэдэнд хяналт ч алга.

Хяналт тавиад ч хүчрэгдэх янз алга. ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгийн эхлүүлсэн зээлийн нэг хувийг банк татдаг байдлыг эсэргүүцэх ажил ерөнхийдөө ялагдал хүлээсэн. Эрх ашгаа хамгаалах болохоор арилжааны банкууд яаж нэгдэж, ямар сайн өмгөөлөгч авч, шүүхэд нөлөөлөл үзүүлж чаддагийг бид харлаа. Асуудал арилжааны банкнуудын талд шийдэгдсэнээр иргэд хохирогч хэвээр үлдэж буй нь энэ.

Жилийн жилд асар өндөр ашигтай ажилладаг арилжааны банкууд өнөөдөр эдийн засгийн ийм хүнд үед ч сөхөрсөн юм алга. Мөнгөний эргэлт багасаж буй ч тэд ерөнхий зардлаа татаасаар зохицуулдаг тул  шууд гарлага бараг л хүлээдэггүй гэж болно. Төрөөс арилжааны банкуудын татаас, зээлийн хүү, үйл ажиллагааны уян хатан нөхцөлд хяналт тавих учиртай. Гэтэл эсрэгээрээ мөнгөний хүндртэлтэй асуудлууд  дээр Төр тэдний царайг харж буй учир хатуу аашилчихаж чаддаггүй.  Гэвч иргэдээс талх тариа, автобус унааны мөнгийг нь мөнгөө байршуулсных нь төлөө хамж авдаг татаасны тогтолцоонд шударгаар хяналт тавих ёстой баймаар.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.