Стокгольм хотын гэрэл зурагчин Магнус Веннманын авсан гэрэл зурагнуудыг толилуулж байна. Сирийн дүрвэгсдийн хүүхдүүдэд зүгээр л унтаж амрах аюулгүй газар хэрэгтэй байгаа аж.
Ламар, 5 настай, Серб
“Ламар Багдад хот руу, гэртээ буцаж очихыг маш их хүсч байгаа. Тоглоомуудаа санаад байгаа юм. Гэвч манай гэрийн яг дэргэд бөмбөг дэлбэрсэн тул тэнд амьдрахын аргагүй болсон. Резинэн завиар тэнгис гатлах гэсэн 2 удаагийн бүтэлгүй оролдлогын дараа бид Унгарын хаалттай хил дээр ирлээ. Хүү маань одоо ингээд ойд, хүйтэн газар айдсаар дүүрэн унтаж байна” гэж Ламарын эмээ ярьжээ.
Абдулла, 5 настай, Белград, Серб
“Абдулла цусны өвчтэй, бидэнд эм авах мөнгө ч алга. Сүүлийн хэд хоног Белградын Төв станцаас холгүй хоноглоллоо. Хүүгийн маань нүдэн дээр эгчийг нь алсан. Хүү маань шөнө бүр хар дарж зүүдлэх юм” гэж эх нь ярьж байна.
Ахмед, 6 настай, Хоргос, Серб
“Бид явган явж байгаа тул Ахмед 6 настай ч цүнх үүрч явахаас өөр аргагүй болоод байна. Одоо ядраад өвсөн дээр унтаад өглөө. Уг нь их зоригтой хүү, гэвч орой болохоор уйлаад байх юм. Одоо бид Унгараас яаж гарах талаар л бодоцгоож байна” гэж хүүгийн алагдсан эцгийнх нь дүү өгүүлжээ.
Марам, 8 настай, Амман, Иордан
Марам дөнгөж сургуулиасаа гэртээ ирээд байтал пуужин унаж охины толгой шархаджээ. Тэрээр 11 хоног ухаангүй байсан гэнэ. Одоо ухаан орсон ч, эрүүндээ гэмтэл авсан тул ярьж чадахаа больжээ. Хээрийн эмнэлгийнхэн тэднийг Иордан руу илгээсэн байна.
Ралия, 7 настай, Рахаф, 13 настай, Бейрут, Ливан
Ралия Рахаф 2 аавынхаа хамтаар Бейрутын гудамжинд хоног төөрүүлэх болжээ. Тэдний эх, ах хоёр нь гранатанд өртсөн байна. Тэд картон цаас дэвсээд бие биедээ наалдан унтдаг. Рахав “муу хөвгүүдээс “ их айдаг тухайгаа ярихад Ралия уйлж эхэлжээ.
Мояд, 5 настай, Амман, Иордан
Мояд ээжтэйгээ хөтлөлцөн зах руу явж байтал ойролцоох такси дэлбэрч эх нь тэр дороо нас баржээ. Толгой, нуруундаа гэмтэл авсан хүүг онгоцоор Иордан руу илгээсэн байна.
Валаа, 5 настай, Алеппо, Сири
Валаа гэртээ харихыг маш их хүсч байгаа. Дүрвэгсдийн лагерьт ирсээр шөнө болгон уйлах болжээ. Учир нь тэдний гэрийг шөнө дөлөөр довтолсон юм байна.
Ахмад, 7 настай, Хоргос, Серб / Рьюске, Унгар/
Ахмадыг гэртээ байж байтал бөмбөг унаж, хүү толгойдоо шарх авсан боловч амьд үлдэж чаджээ. Харин бяцхан дүү нь үхсэн байна. Одоо Ахмад бусад мянга мянган дүрвэгсдийн хамт ой тайга, цардмал зам, автобусны буудал зэрэг тааралдсан газраа хоноглосоор Унгарын хаалттай хилийг зүглэж байна. Хүүхдүүд шөнөдөө ч амарч чадахгүй хар даран зүүдэлдэг аж.
Шираз, 9 настай, Суруч, Турк
Шираз 3 настай байхдаа саа өвчинд нэрвэгдэж ярьж, явж чадахаа больжээ. Дайн эхлэхэд ээж нь түүнийг хөнжилд боож аваад Айн-эль-Араб-Туркийн хил дээр авчирсан байна. Шираз бүтэн өдөржин дүрвэгсдийн лагерьт модон вандан дээр хэвтэж байдаг.
Шехд, 7 настай, Унгар
Шехд зураг зурах их дуртай байжээ. Гэхдээ одоо дайн тулаанаас өөр юм зурахаа больсон гэнэ. Бас охин бусад дүрвэгч хүүхдүүдийн нэгэн адил тоглож наадахаа бүр больж, томчуудын айдас хүйдсийг хуваалцах болжээ. Хүнсний зүйл олдохгүй их хэцүү гэнэ. Тэд замын дагуу ургасан моддын зэрлэг жимсээр гол зогоосоор өдий хүрчээ. Шехд Унгарын хилийн ойролцоо газар унтаж байна.
Амир, 20 сартай, Захла, Ливан
Амир дүрвэгсдийн лагерьт төржээ. Хүнд нөхцөл хүүгийн хэвийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж байна. Тэрээр огт дуугардаггүй, бас тоглодоггүй байна. Гэхдээ инээх дуртай гэнэ. Тэд майханд амьдарч байна.
Юлиана, 2 настай, Хоргос, Серб
Цельсийн 34 градус. Газар унтах Юлианагийн нүүрэн дээр ялаа сууж охин нойрондоо тийчилнэ. Охиныхоо нойрыг хамгаалсан эх нимгэн алчуураар бүтээжээ. Унгар хилээ дүрвэгсдээс хамгаалж өргөст тор татсан байгаа. Гэвч хэдэн өдрийн дараа Хоргос хотын хилийн боомтыг нэвтэрч болох байх гэж эцэг эх нь найдаж байна.
Фара, 2 настай, Азрак, Иордан
Фара, түүний эгч 9 настай Тисам хоёр бөмбөгөөр тоглох тун дуртай. Аав нь олдсон бүхнээ бөөрөнхийлөн бөмбөг хийж охиддоо өгдөг боловч тэр нь дороо эвдэрнэ. Маргааш гэхэд л бүх зүйл өөрчлөгдөж жинхэнэ бөмбөг олдох байх гэж охид орой бүр залбирдаг.