ОХУ-д төлөх их өрийг Н.Энхбаяр засаг тэргүүлж байх үедээ тус улстай харилцан тохиролцож тэглэсэн гэдэг. Тэгвэл саяхан Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр уг өр хэвээр байгаа талаар дурдагджээ. Тодруулбал, Л.Пүрэвсүрэн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 19 дүгээр хуралдаанд оролцох үеэр дээрх асуудал хөндөгдсөн байна. ОХУ-ын Чита хотод болсон хуралдааны үеэр анхаарал татсан нэг асуудал нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс ОХУ-аас рублийн зээл авах хүсэлтэй байгаа тухайгаа мэдэгдсэн явдал байсан. Манай улс өнгөрсөн жил хэдийн хэмжээний рублийн зээл авахаа хэлж, оросын эрх баригчдад хандсан аж. Гэвч уг асуудлыг шийдэхэд зарим нэг бэрхшээл байгаа бөгөөд өмнөх өр төлөөс төлөгдөөгүй гэсэн шалтгаан байгаа гэнэ. Монголын эрт дээр цагт тавьсан их өрийг хүчингүй болгох асуудал шийдэгдээгүй учир зээлжих боломж хязгаарлагдсан бололтой. Оросын Төрийн Думаар асуудлыг баталчихвал дахин зээл хүртэх гарц нээгдэх юм байна. Тэгэхээр Оросын хууль дүрмийн дагуу хуучин өрийг хүчингүй болгоогүй нөхцөлд шинээр зээл авах талаар зүүдлээд ч хэрэггүй болжээ. 2000 онд В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа Монголд айлчлах үеэр манай Засгийн газар Их өрийн талаархи асуудлаа шийдүүлэхээр тавьсан байдаг. Үүний дараа буюу 2003 оны зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 2-ны өдрүүдэд тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр ОХУ-д албан ёсны айлчлал хийж хоёр орны хооронд үүссэн шилжих рублийн өрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх арга замыг тохирсон талаархи мэдээлэл бий. Тодруулбал, хоёр улсын Ерөнхий сайд нар Их өрийн 95-аас доошгүй хувийг хөнгөлөхдөө мэргэжлийн яамдад тооцоогоо нарийвчлан шалгуулж, өр барагдуулах арга, механизмаа олон улсын жишигт нийцүүлэх үүргийг өгснөөр өрийн асуудал шийдвэрлэгдсэн гэдэг. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайдын айлчлалын дараа Санхүү, эдийн засгийн сайдын ахалсан Их өрийн асуудлыг зохицуулан шийдвэрлэх комисс ОХУ-ын холбогдох байгууллагуудтай ажиллаж, өрөөс чөлөөлөх хэмжээг тохиролцон асуудлыг бүрэн шийдсэн тухай өнөөдөр ч ярьдаг. Н.Энхбаярын гавьяаг мандуулсаар ирсэн билээ. Гэтэл өнөөдөр юу болж хувирав. Бас л хариулт нэхсэн асуулт болж байх шиг. Өнгөрсөн цаг хугацаанд их өрийн асуудал шийдэгдсэн гэсэн ойлголттой явсан нь төөрөгдөл болж байх шиг. Албан ёсоор хүчингүйд тооцоогүй байхад нь бид баяр хөөр болон суусан хэрэг үү. Намбарваан гуай их өрийн асуудлаар дахин тайлбар хийх цаг ирсэн бололтой.
Эх сурвалж: Nuudel.mn