Comment.mn

Б.Цэвээнравдан:Ховд аймаг баруун бүсийн төв болон хөгжиж байна

Улаанбаатар хотноо “Ховд аймгийн өдрүүд”   болохоор бэлтгэл ажлууд нь базаагдаж байна. Энэ үеэр Ховд аймгийн засаг дарга Б.Цэвээнравдантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

– Сүүлийн гурван жилийн дотор 1200 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон-

Нийслэлд зохион байгуулагдах “Ховд аймгийн өдрүүд”-ийн талаарх ерөнхий мэдээллээр ярилцлагаа эхлүүлэх үү?

Аймгийн ИТХ-аас гарсан шийдвэрийн дагуу олон угсаатны өлгий болсон  “Ховд аймгийн өдрүүд”-ийг Нийслэлд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлуудаа базааж байна. Өдөрлөг энэ сарын 10-14-ны хооронд нийтдээ 5 хоног үргэлжилнэ. Өдөрлөгөөр Ховд аймгийн биет болоод биет бус соёлын үзэсгэлэн, урлаг соёлын арга хэмжээ, “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, “Ховд аймаг- Монгол улсын хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлэг  гэсэн үндсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагдана.

Энэ өдөрлөгийн гол зорилго нь сүүлийн жилүүдэд Ховд аймагт өрнөж буй бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, урлаг соёлын хөгжлийг олон нийтэд сурталчлах цаашлаад хөрөнгө оруулагчдыг татах зорилготой юм.

“Ховд аймаг- Монгол улсын хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлгийн хамрах хүрээллийн талаар мэдээлэл өгнө үү?

– Энэ хэлэлцүүлгээр Ховд аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, боломж, гарцын талаар холбогдох албаныхан санал солилцох юм. Хэлэлцүүлэгт  УИХ болоод засгийн засгийн гишүүд, яамд, удирдах  шатны байгууллагуудад ажиллаж буй үйлдвэржилтийн бодлого хариуцсан албаны хүмүүс оролцоно. Мөн банк санхүү, бизнесийн салбарынхан, нутгийн зөвлөлийн  дарга нар оролцож, санал бодлоо илэрхийлэхээр төлөвлөсөн.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь  хөрөнгө оруулалтыг татах явдал. Бид орон нутагт буй бодит боломж, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Үүн дээр төрийн бодлогын хүрээнд ямар чиглэлээр дэмжих хэрэгтэй байгаа, бизнесийн салбарынхан манай аймагтай хэрхэн хамтарч ажиллаж болох зэрэг асуудлаар санал  солилцох юм.

Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн  өнөөгийн байдал ямар түвшинд явж байна вэ?

– Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн байдал харьцангуй өөдрөг  төсөөлөлтэй, бодит үзүүлэлттэй явж байгаа. Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа ч Ховд аймгийн ДНБ 2013 онд 29 хувиар, өнгөрсөн онд 32 хувиар өссөн. Энэ нь сүүлийн жилүүдэд тодорхой нэр бүхий хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд хийгдэж байгаатай салшгүй холбоотой. Энэ хэрээр эдийн засаг эрчимтэй өсөж байгаа. Эдийн засгийн энэ эерэг үзүүлэлтэд үндэслэн, Ховд аймаг, сумдын хөгжлийг тэлэх суурь ажлуудыг нэлээд эрчимжүүллээ.

Тухайлбал?

–  Ховд хотод хоёрдугаар дулаан станц, мегастрал шугам, дулаан түгээгүүрүүдийг шинээр барьж, ашиглалтад оруулсан байгаа. Цэвэрлэх усны насосын асуудлыг шийдэж, цэвэрлэх байгууламжийнхаа хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх ажил бараг дуусах шатандаа явж байгаа.

Хотын өсөн нэмэгдэх хэрэгцээг цахилгаанаар хангах дэд станцын шугмын өргөтгөлийг хийж, хот тохижилтын шинэчилсэн төлөвлөгөөг боловсруулж дуусгасан зэрэг ажлуудыг мөн онцлон нэрлэмээр байна. Ховд хот өнөөдрийн байдлаар 40 мянган хүн амтай. Цаашид 80 мянга ба түүнээс дээш хүн ам бүхий үйлдвэрлэлийн цэгүүд хөгжих, баруун бүсийн хөгжлийн төв,  таталцлын цэг, Шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн төв болон хөгжихөд шаардагдах дэд бүтцийн бүх асуудлууд нь шийдэгдсэн байгаа.

Цаашид үйлдвэрлэл хөгжих  тал дээр дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдсэн гэлээ. Тэгвэл өнөөдрийн түвшинд үйл ажиллагаагаа явуулж буй, дөнгөж эхэлж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдээ хэрхэн дэмжиж байгаа бэ?

– Бидний зүгээс Ховд аймагт үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн ээлтэй, ногоон хөгжлийн загвар аймаг болох  зорилго тавин ажиллаж байна.  Энэ ч үүднээс үйлдвэрлэл эрхлэх  хүсэлтэй, эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд инженерийн шугам сүлжээ нь бүрэн шийдэгдсэн газарт үйл ажиллагаа явуулах боломжоор хангахаар нээлттэй тендер зарласан. Цаашлаад төслүүдийг холбогдох газруудтай нь холбох, орон нутгийн дотоод нөөц боломжид үндэслэн дэмжих,  үйлдвэрлэлээс гарсан бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тал дээр бодит байдлаар туслах ажлуудыг хийж байна. Тухайлбал, “Ховд аймгийн өдрүүд”-ээр манай үйлдвэрлэгчид үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулна. Энэ нь эргээд сурталчилгаа, эдийн засгийн бодит дэмжлэг болдог.

Үйлдвэрүүд шинэ тутам үүсэн хөгжих хурд нь ямар байна?

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ховд аймагт 70 гаруй Жижиг дунд үйлдвэрлэгчид шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мөн бүс нутгийн чанартай томоохон үйлдвэрүүд ашиглалтад орж, Чингис бондоор зээл авсан тохиолдол ч байна. Одоо Эрдэнэбүрэнд томоохон усан цахилгаан станц, жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр, баруун бүсийн малын гаралтай түүхий эдийг боловсруулах цогцолбор үйлдвэрүүд баригдахаар ажлаа эхлүүлсэн байгаа.

Аймгийн төв цаашид тэлж хөгжөөд ирэхээр барилгын салбараа хөгжүүлэх, орон сууцжуулах ажлууд гарч ирнэ. Энэ асуудлаа яаж шийдэх бэ?

– Аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн дотор 1200 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон. Энэ бол манай аймагт өмнө нь  тавин жилийн хугацаанд баригдсантай тэмцэх тоо юм.

– Ховд аймаг замын хөгжлөө дагаад үсрэнгүй хөгжинө-

Алтайг тойрсон эдийн засгийн шинэ бүслүүр үүснэ гэж яриад байгаа. Энэ талаар?

– Хуучин баруун аймгууд хатуу хучилттай замаар холбогдоогүйн улмаас нэг л хаягдсан маягтай байсан бол одоо  харьцангуй өөрчлөгдсөн. Алтайн нуруу өөрөө Монгол, Хятад, Казасхтан, Орос  гэсэн дөрвөн орны  хил хязгаарыг зааглан оршдог. Тэр утгаараа Алтайг тойрсон Олон улсын цагариг  зам ирэх оны эцэс гэхэд ашиглалтад орно.

Энэ зам ашиглалтад орсноор Алтайг тойрсон шинэ эдийн засгийн бүслүүр үүсэж, манай аймагт транзит тээвэр, Олон улсын  лобистик, ачаа, бөөний худалдааны төвүүд үүсэх боломжтой. Яагаад гэвэл, Ховд аймаг энэ замын гол тэнхлэг болж байгаа. Нийт тавигдах бүслүүрийн 750 км замын 500 гаруй км нь Ховд аймгийн газар нутагт тавигдах юм. Энэ эдийн  засгийн шинэ бүслүүр нь дан ганц Ховд аймаг гэлтгүй Монгол улсын төсөвт цаашид  томоохон эерэг нөлөөллийг авчирна гэж албаныхан тооцоолж байна.

Аймаг бүрт уул уурхайн шийдвэл зохих асуудлууд хүлээгдэж байдаг. Танай аймгийн хувьд?

Ховд аймгийн нийт газар нутгийн 97 хувь нь онгон дагшин хэвээрээ байгаа. Бусад  аймгуудтай харьцуулахад гар аргаар алт олборлогчид, хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг энэ чиглэлийн нөхөрлөл, хоршоо харьцангуй бага. Манай аймгийн Цэцэг, Дарви сумын нутагт “Хөшөөтийн уурхай” үйл ажиллагаа явуулж байна. Зам барих ажлаа харьцангуй сайн шийдэж,  урд хөрш рүү коксжих нүүрс экспортолж байгаа. Хайгуулын чиглэлээр  газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдсан, хайгуул, өрөмдлөгийн ажил явагдахаар болсон талбай байна.  Аймгийн хэмжээнд нийт 40 орчим компаниуд хайгуулын лиценз авсан байдаг. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 4-5 компани байгаа. Бусад нь жил бүр талбайн татвараа төлөөд явдаг компаниуд юм.

Та аймгийнхаа ойрын таван жилийн хөгжлийг хэрхэн харж байна. Аймгийн хэмжээнд шийдэгдэж чадахгүй байгаа тулгамдсан асуудлынхаа талаар?

– Аймгийн түвшинд төрийн ажлууд харьцангуй сайн явагдаж байгаа ч хүндрэлтэй асуудлууд бас  бий. Хязгаар нутгийн хөгжил аажмаар, удаашралтай явагддаг. Энэ нь өөрөө баруун аймгуудын үндсэн хүндрэлийн нэгд тоологддог гэж ч хэлж болно. Хязгаар нутаг учраас шатахуун болоод бараа бүтээгдэхүүн харьцангуй өндөр үнэтэй байна. Энэ хэрээр оршин суугчдын амжиргааны өртөг өндөр гарах нь бий. Одоо зам харилцаа хөгжиж байгаа  учраас бараа  бүтээгдэхүүний үнэ тогтворжих, шатахуун үнийн хөөрөгдөл  үүсэхгүй байх боломжууд үүснэ. Ингээд харахаар ойрын таван жилийн хугацаанд Ховд аймаг замын хөгжлөө дагаад үсрэнгүй хөгжиж чадахаар байгаа. Монгол улс 5 мянган км хатуу хучилттай замтай. Үүний 1000 гаруй нь сүүлийн жилүүдэд Ховдод  тавигдлаа. Зам дагаад хөгжил ирдэг. Тиймээс бид их өөдрөг төсөөлөлтэй байгаа.

Удирдах бүтэцдээ бүх угсаатны төлөөллийг оруулан ажиллаж байна-

Танай аймаг олон үндэстэн ястнуудаас бүрддэг. Үндэстэн ястнуудын эв нэгдлийг хангах  нь үе үеийн удирдлагуудын анхаарвал зохих асуудал байсаар ирсэн.  Яг таны тухайд ямар ажлуудыг хийж байна?

– Олон угсаатнууд амьдарч байгаа нь өөрөө манай аймгийн онцлог, давуу тал болж өгдөг. Угсаатны бүлэг хоорондын өрсөлдөөн байдаг учраас Ховд аймаг ерөнхийдөө хөдөлмөрч ард түмэнтэй гэгдэх нь ч бий.  Мэдээж  олон угсаатны эв эеийг цогцлоох асуудал  бол үе үеийн аймгийн удирдлагуудын  хамгийн тэргүүнд анхаардаг зүйл юм. Миний хувьд олон угсаатны эв эетэй, төрийн ажилд хүртээмжтэй оролцох байдлыг нь хангаж,  тэдний саналыг ажилд хэрэгт бодит тусгах зорилго тавин ажиллаж, үр дүнг нь бодитоор хүртээд явж байна.

Тодруулбал?

– Аймгийн хэмжээнд  эмнэлэг, цэцэрлэг, сумдын захиргаа зэрэг байгууллагад  ажиллдаг 40 гаруй удирдах ажилтан байна. Энэ удирдах бүтэцдээ бүх угсаатны төлөөлөл, улстөрийн намын төлөөллүүдийг оролцуулан ажиллуулж байгаа. Бид цөөхүүлээ. Тиймээс бид дотоод нөөц бололцоогоо ашиглан, олон хүмүүсийн санал бодол, оюуны чадамжийг төрийн албанд нэвтрүүлэн, ажиллах хэрэгтэй. Тухайлбал, манай аймагт цөөн хэдхэн Узбек бий. Тэдний төлөөлөл аймгийн ИТХ болон Орон нутгийн өмчит компанид ажиллаж, маш өндөр бүтээмжийг үзүүлж байна.

Аймгийн ИТХ  л гэхэд  АН-аас 27, МАН-аас 13, бусад намаас 1 хүний бүрэлдэхүүнтэй. Намын нөлөөлөл харьцангуй бага, дотоод зөрчилдөөн, албан тушаалын төлөөх хөөцөлдөөн багатай байдлаар ажлаа явуулдаг.

–  Үндэстэн угсаатнуудын биет болоод биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх  чиглэлд ямар ажлууд хийгдэж байна?

Аймгийн засаг даргаар сонгогдсоныхоо дараа миний бие олон овог угсаатны биет болоод биет бус соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Алтан өв” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлж  байгаа. Нийслэлд өрнөж буй энэ “Ховд аймгийн өдрүүд” ч  эргээд энэ олон угсстаны биет болоод биет бус соёл, зан заншил, ахуй соёлын хөгжлийн дүр төрхийг олон нийтэд сурталчлахад чиглэгдэж байгааг онцлууштай.

Аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болгон “Алтан өв” , “Өв соёлоороо гоёцгооё” зэрэг наадмуудыг зохион байгуулж байгаа.

Угсаатнуудын хүүхдийн боловсролын асуудалд тодорхой бэрхшээл  тулгарч байна уу?

– Манай аймгийн Ховд сумын нийт ард иргэдийн 97 хувь нь казак. Тус суманд Боловсролын яамнаас зөвшөөрөгдсөн стандартын дагуу казак хэл дээр  сургалт нь явагдаж, сурах бичгээ эх хэл дээрээ хэрэглэдэг. Үүнээс гадна тухайн угсаатны хүүхдүүдийн хэл ярианы онцлог, эртний үг хэллэгийн өөр байдал зэргийг хоногшуулах үүднээс албан бус гэр сургалтуудыг зохион байгуулдаг. Ер нь  боловсролын стандартын дагуу сургалт явагдахад угсаатан хоорондын хэлний асуудал тодорхой бэрхшээл үүсгэдэг ч багшийг мэргэшүүлэх, заах аргадаа өөрчлөлт оруулах замаар шийдээд явж байгаа.

Угсаатны соёлын онцлог дээрээ тулгуурлаж, аялал жуулчал хөгжүүлэх боломжийн тухайд?

– Ер нь олон овог угсаатны нүүдлийн соёл иргэншил, язгуур урлаг, биет болоод биет бус соёлын өвийг аялал жуулчлалтай холбох ажил манай аймгийн хөгжлийн шинэ гарцуудын нэг юм. Тэр дундаа угсаатнуудын  нүүдлийн соёл  иргэншил аялал жуулчлалын салбарын анхаарлыг татсаар ирсэн. Энэ чиглэлд цаашид тодорхой ажлууд хийгдээд явна. Бид эхний ээлжинд “Алтан өв” наадмаараа тодорхой сурталчилгааны ажлуудыг амжиллтай хийж байгаа.

Эрүүл мэнд, боловсролын салбарыг орон нутагт төвлөрсөн байдлаар хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна?

– Баруун бүсийн төвлөрсөн оношлогооны төв манай аймагт ажилладаг.  2003 онд ашиглалтад орсон тус төв нэршил  төдий малгай байсныг бид өөрчилж, гадны төсөл санхүүжилтээр техник технологийн дэвшилтийг нэвтрүүлэх зорилгоор ажлууд хийж байгаа.

Ховд аймаг энэ жил  элсэлтийн ерөнхий шалгалтын чанрын үнэлгээгээр улсдаа гуравдугаар байр эзэлсэн. 2012 онд бид 16-р байранд орж, түүнээс хойш энэ салбарт тухайлан анхаарч, сургалтын чанрыг дээшлүүлж ирлээ. Түүнээс гадна 30 гаруй жилийн  түүхтэй Ховд сургууль маань их сургууль болон хөгжиж, геологи, эдийн засаг, цэцэрлэгийн багш, нягтлан зэрэг   орон нутагт эрэлттэй байдаг ажилтан бэлтгэн гаргаж байна. Мөн мэргэжилтэй ажилтан бэлтгэж, ажлын байраар хангах тал дээр анхаарч байгаа.

Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин хэр байна?

–  Ховд аймаг 20 мянга орчим айл өрхтэй. Өрхийн амжиргааны түвшингээр нь авч үзбэл, 11 хувь нь амжиргааны түвшинээс доогуур орлоготой айл өрхүүд эзэлдэг. Амжиргааны түвшнээс доогуур орлогтой өрхүүдийн амьдралыг аваад үзэхээр суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихэвчлэн байна. Мөн нас нь залуу хэдий ч залхуурлын ядууралд орсон залуус ч байна. Яг энэ чиглэл рүү мэргэшүүлэх сургалт зохион байгуулах ажлууд хийгддэг.

Түүнээс гадна ажилгүйдлийн түвшинг ерөнхийд нь харж байгаад аймгийн засаг даргын тусгай захирамж гаргасан. Энэ нь ямар учиртай юм гэхээр, төрийн байгууллагууд тодорхой квотын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулах. Удирдлага нь энэ захирамжийг биелүүлэхгүй байгаа тохиолдолд хариуцлага тооцох замаар шийдэж, үр дүнг эхнээс нь харж байна.

Ярилцлагын төгсгөлд нутгийн зон олон, Нийслэлд суугаа Ховдчуудад хандан юу хэлмээр байна?

– Юуны өмнө Нийслэлд зохион байгуулагдах “Ховд аймгийн өдрүүд”-д нутгийн зон олон, Нийслэлд суугаа Ховд аймгийн уугуул иргэд, цаашлаад Монголын ард түмнийг хүрэлцэн ирэхийг уриж байна. Эл өдрүүдээр дамжуулан Нийслэлчүүд манай Ховд аймгийн олон угсаатны ахуй байдал, урлаг соёлын гайхамшиг, биет болоод биед бус соёлын өвүүд, үзэсгэлэн зэргүүдтэй танилцаж болно.

Мөн эргэх дөрвөн цагийн хэдийд ч Ховд аймгаар зочлон ирсэн хэн бүхнийг бид найрсгаар угтан авна гэдгээ хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.