Comment.mn

Улс төрд санаархах үе дамжсан “хунтайжууд”


Сүүлийн 25 жил төрийн зардлаар  орон гэрээ төвхнүүлж,  төсвийн хөрөнгөөр бэл бэнчингээ зузаатгасан улс төрчдийн хойчийг залгамжлагчид одооноос эхлэн орон гэрээсээ гарч улс төрд орохоор   “булталзаж” эхэллээ.

Аав нь улс төрч бол хүү охин нь энэ л замыг сонгодог, үүнээс өөр ажил хийж чаддаггүй юм болов уу гэмээр нөхцөл байдал бүрдэж эхлэлээ. Миний мэдэхийн феодалын нийгмийн үеийн   хаант засаг төрд л  үе залгамжилсан хунтайж,  ван, гүн гэж сонсож байснаас биш, ардчилсан төрд ийм зарчим хандлага байдаг гэдгийг дуулаагүй юм байна. Харин манай улсад бол үе дамжсан улс төр үргэлжлэх нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Нэг хэсэг нөхрийнхөө алдар,  аавынхаа нэр, ахынхаа сүрээр УИХ-ын гишүүн болж байсан жшиг байдаг бол одоо бүр үүнээс илүү  хандлага бий болох нь бололтой. Товчхондоо Монголын улс төрд үе дамжин уламжлагддаг “гаж” сэтгэлгээ бодитой бий боллоо.

Тухайлбал,  сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн “бай” болж байнга үзэгдэх болсон МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар л гэхэд ирэх 2016 оны сонгуульд МАХН-аас нэрсийн жагсаалтаар аавынхаа ард бичигдэх юм гэсэн ам дамжсан яригдаж эхлэлээ.

Тэгвэл МАН-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан гэхэд Сонгинохайрхан дүүргийн НАМЭХ-ны даргын сонгуульт ажилтай бөгөөд, хотын томоохон дүүргүүдийн нэг болох СХД-ийн МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлж явна. Тэрээр удахгүй намын дарга аавынхаа нэр сүрээр дамжин улс төрд хөл тавих нь  дамжиггүй ээ.

Үйлдвэр худалдааны сайд болон ГОК-ийн захирал асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн хэмээх “эрхи танхил банди” Уул уурхайн дэд сайд,  МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг өөрт нь дэндүү “томдсон” ажил хийж байна.

МАН-ын дарга, Ерөнхий сайд асан  Сү.Батболд сүүлийн үед өөрийн  хүүгээ сүрхий сурталдан таниулах болжээ. Гадаадын өндөр өртөгтэй сургуульд суралцана гэнэ үү суралцлаа ч гэнэ үү шуугиулаад л явсан. Одоо тэрээр хүүгээ ирүүлж, 2016 оны сонгуулиар төр засгийн аль нэг өндөр албанд “шургуулах”-ыг зорьж байгаа биз.

Мөн УИХ-ын гишүүн асан  Батжаргалын Батбаяр хүүгээ Эрдэнэс Тавантолгойн даргаар тавиад авсан. Хүү Б.Батбилэг ямартай ч Монголчуудын баялагийн нэг болсон  байсан бэлтэй уурхайн хаяаг сахиад “хэвтсэн” гэж байгаа. УИХ-ын эмэгтэй гишүүд үүнээс юу дутахав гэсэн шиг Д.Сарангэрэл гишүүн өөрийн хүү Б.Улам-Өрнөхөө  Худалдан авах ажиллагааны газрын дарга болгоод авсан гэнэ билээ.

Ингээд  яриад байвал   үе залгамжилсан хунтайж, гүн, вангуудын жагсаалт нэлээд  урт болох нь тодорхой юм.

Энэ байдлаар  хунтайж,  ван гүнгийн “засаглал” үргэлжилсээр байх ахул хэдэн жилийн дараа  цөөн хэдхэн гэр бүл Монголын төр засгийн бодлогыг ээлжлэн удирдах юм байна  л даа.

Яндаж болшгүй далай шиг  эх орныг маань яасан идэж ууж ханадаггүй гэр бүлүүд вэ?

Тэдэнд  “одоо болно” гэж хэлэх  эрх, “зогс” гээд болиулах боломж  ард түмэнд маань байгаа нь яамай даа.

 

Ц.Мөнх

Ugluu-logo2028

Эх сурвалж: www.ugluu.mnsanaarhagch531961644201506100106

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.