Comment.mn

Төсөв мөнгөгүйгээс өвчтөнүүд эмчилгээгүй болоход хүрээд байна

 

Халтиргаа гулгаанаас болж гэмтэж, бэртсэн хөгшид нэг хэсэг ГССҮТ- ийг зорих нь их байсан. Харин урин дулаан цаг ирж, барилгын ажил эхэлж, хүүхдүүд гадаа тоглох болсонтой холбоотой иргэд гэмтэж, бэртэх нь ихэсчээ. Тиймээс манай сурвалжлах баг ГССҮТ-ийг зорилоо. Биднийг 19.40 цагийн үед очиход тус төв хөл хөдөлгөөн ихтэй байв. Уйлсан хүүхдүүд, сандарсан эцэг эх, ухаан алдсан, хөлөө гэмтээснээс үүрүүлсэн, тэврүүлсэн хүмүүс биднийг угтав. Эдгээр хүнд дөрвөн эмч зэрэг үзлэг хийж байгаа ч хаанаа ч хүрэлцэхгүй ар араасаа гэмтсэн иргэдийн хөл тасрахгүй, арай хөнгөвтрийг нь түр хүлээлгэж байлаа. Биднийг байх цаг орчмын хугацаанд 20 орчим хүн гэмтэж, бэртсэн байдалтай ирсэн юм. Тэдгээрийн багагүй хувь нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хэмээн өвчтөний түүхээ нээлгэж байгаа харагдав.
Ганцхан цагийн хооронд 20 орчим хүн ирж байхад биднийг явснаас хойш бүхэл шөнийн турш хэчнээн хүн ирэх нь ойлгомжтой. Тэдгээрийн тал хувь нь 2-10 насны хүүхдүүд эцэг, эхийн анхааралгүйгээс гар, хөлөө бэртээсэн, хугалсан байдалтай ирж байгаа харагдлаа. Мөн есөн настай хүү хичээл дээрээ ширээн доогуур унагасан балаа авах гээд ширээгээ мөргөн толгойд нь цус харваснаас ухаан алдсан байдалтай ирж байв. Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлгийн яаралтай тусламж авахаар өдөрт 250-450 хүн очдог. Эдгээрийн 10 хувь нь хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Мөн нуруу нугас, тархи толгойн хүнд гэмтэл авсан нь ухаан алдсан байдалтай түргэн тусламжаар ирнэ. Олонхи нь 20-30 гаруй насны залуус байгаа нь харамсалтай. Тэд голдуу автомашин, ажлын байрны осол, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодолдсоноос гэм тэж ирдгийг тус төвийн яаралтай тусламжийн тасгийн эмч нар хэлж байлаа.
ДИЖИТАЛ РЕНТГЕН ЗУРАГ 20-25 МЯНГАН ТӨГРӨГ 
Гэмтэж, бэртсэн иргэд хамгийн түрүүнд юу нь, яаж гэмтсэнийг оношлохын тулд рентген зураг авахуулах шаардлагатай. Гэтэл рентген зураг авахуулахад үнэтэй байдаг аж. Учир нь, дижитал аппараттай болсноос хойш үнэтэй болсон гэнэ. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамааран нярайн түнх, түнхний эхо шинжилгээ 10 мянга, толгой, цээж, сээр, аарцаг, өвдөг, шууны рентген зураг авахад 20-25 мянган төгрөг. Хөл гараа гэмтээсэн хүмүүс кассанд мөнгөө төлөөд зургаа авахуулж байв. “Рентген зураг авахуулахад үнэтэй байдаг юм байна. Хурдан мөнгө авч ир” хэмээн ар гэр рүүгээ утас цохин, сандрах иргэд цөөнгүй байв. Энэ үеэр хөлөө гэмтээсэн хүүгийн ээжтэй цөөн хором ярилцлаа. О.Алтай, -Миний хүү ахтайгаа тоглож байгаад унаад хөлөө гэмтээж, гишгэж чадахгүй байна. Яг яасныг нь мэдэхгүй. Олон хүнтэй болохоор хүлээж байж үзүүллээ. Эхлээд рентген зураг авахуул гэсэн. Дунд чөмөгний зураг авахуулахад 20 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Сандарсандаа мөнгө авалгүй гарсан болохоор нөхрөө гэрээс мөнгө авчруулахаар явуулсан. Яарч, сандарсан мөнгөгүй үед эрүүл мэндийн даатгал төлдөг байсан ч яах учраа олохгүй ингээд сууж байна. Ямар ч улс оронд ард түнийхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьдаг гэсэн. Гэтэл манайд төсвийг нь хасч, танахаар иргэд нь яаж эрүүл байх юм бэ” хэмээн нэлээн бухимдангүй байв.
ХҮНД ГЭМТЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗУРГИЙГ АВЧ ОНОШИЛДОГ ТОМОГРАФ БУЮУ МRI АППАРАТ ЗОГСОХОД ХҮРЧЭЭ 
Яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай буюу толгой, нуруу нугасны хүнд гэмтэлтэй өвчтөний оношийг томограф буюу МRI-гаар нарийвчлан оношилж, цаашид ямар хагалгаа эмчилгээ хийх вэ гэдгийг тодорхойлдог. Энэ аппаратаар өдөрт 12-14 хүн үйлчлүүлдэг байна. Гэвч ГССҮТ-ийн томограф, МRI аппарат удахгүй зогсоход хүрээд байна. Өөрөөр хэлбэл, энэ аппаратыг цэнэглэгч шингэн нь дуусч байгаа юм. Аппаратыг ажиллуулагч, цэнэглэгч шингэн нь 35 литр буюу 35 хувьд хүрчихвэл ажиллахгүй автоматаар зогсоно. Одоогоор ГССҮТ-ийн засвар үйлчилгээний төсвийг танаснаас цэнэглэгч шингэн нийлүүлэгч компанид 155 сая төгрөгийн өртэй болсон байна. Тус нийлүүлэгч компани өмнөх өрөө төлж, дараагийн үйлчилгээг бэлэн мөнгөөр ав гэсэн шаардлагыг тавиад эхэлжээ. Тиймээс МRI аппарат ажиллахгүй зогсч ГССҮТ хүнд байдалд ороход ойрхон байгаа аж. Дээрх асуудлыг салбарын сайд нь яаралтай шийдэж өгөх үүднээс сайдын багцын хөрөнгөөсөө 100 сая төгрөгийг гаргах шийдвэрийг Сангийн яамд хүргүүлсэн байна. Гэвч төсвийн тухай хууль, хөрөнгө оруулалтын 42 дүгээр тогтоолд тусгаснаар 100 сая төгрөгөөс дээш хөрөнгийг Худалдан авах ажиллагааны газраар дамжуулах ёстойгоос дээрх асуудлыг шийдэхэд багагүй хугацаа орохоор байна. Хэрэв энэ аппарат зогсвол ухаан алдаж, хүндээр гэмтсэн иргэдийг эмчлэх боломжгүй болно гэсэн үг. Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Ц.Тунгалаг “1.5 DSL-н хүчин чадалтай, найман сувагтай МRI оношилгоо буюу соронзон томографийн аппарат ГССҮТ-д ажиллаж байгаа юм. Энэ аппарат нь маш олон эмгэгийн өөрчлөлтийг илрүүлдэг.
Ингэснээрээ эмчилгээ ний чиглэл, хандлагыг тодорхойлж цаашид ямар эмчилгээ хийх вэ гэдгийг тодруулдаг ач холбогдолтой. Энэ аппарат өдөртөө 12-14 хүнд шинжилгээ хийдэг. Нэг хүнд цагаас цаг гучин минутын хооронд шинжилгээ хийдэг. Аппаратны хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг гелийн шингэний хэмжээ 39 хувьтай байгаа. Хэрэв 35-аас доош хувьд хүрвэл аппаратны хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах боломжгүй болно. Цэнэглэгч шингэнийг өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас эхлэн зээлээр авч эхэлсэн. Харин одоо зээлээр авах боломжгүй болсон” гэв
М.ЭНХЦЭЦЭГ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.