Comment.mn

БХЯ-ны нэр барьж Оросуудаас мөнгө нэхсэн Б.Колягийн “булай” дэлгэгдлээ

Б.Бат-Эрдэнэ аварга Батлан хамгаалахын сайд болсон нь жил гаруйн өмнө болсон явдал.  Аварга сайд болсон даруйдаа өөрийн багийг бүрдүүлж байгаа нь энэ гээд  БХЯ-нд мэргэжлийн бус хүмүүсийг томилж байв.

Мэдээж түүний томилгоо дунд мэргэжлийн хүн ч байсан. Гэвч мэргэжлийн гэх томилгоо нь Монгол-Оросын харилцаанд сэв суулгахаар болжээ.  Хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй хүн нь Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн ерөнхий захирал, хурандаа Б.Коля.

Энэ эрийг Батлан хамгаалахын сайд өөрийн “баруун гар”-аар томилсон. Ингэхдээ БХЯ-ны Ерөнхий хянан шалгагч болгосон.  Өмнө нь уг албыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Болдбаатар хашиж байсан бөгөөд түүнийг үүрэгт ажлаас нь халаад Б.Коляг томилсон байдаг.

Харин өнөөх нь  албан тушаалаа ашиглан Оросуудаас мөнгө нэхэж, Солонгосын банкаар дамжуулан шилжүүлэхийг шаардсан байх юм. Гэвч үүнийг үл тоомсролон Батлан хамгаалахын сайд Б.Коляг Генерал цолонд тодорхойлохоор болсон байх юм.

 

Б.Коля гэгч хэн бэ?

Б.Коля нь Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэтэй нэг нутаг нугын хүн. Б.Бат-Эрдэнийг сайд болохоос өмнө Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Харин сайд болсны дараагаар БХЯ-ны Ерөнхий хянан шалгагч болж, сайдын баруун гар, жинхэнэ гал хам нь болсон.

Цэргийн прокуророор ажиллаж байсан, салбартаа нэр хүнд муутай хүн.

 

Тэр ямар хэрэг үйлдэв?

ОХУ-ын Агаар сансрын хамгаалалтын “Алмаз-Антей” нэгдлийн ерөнхий захирлын орлогчийн туслах А.А.Петронко тус улсын Командлагчид хандан захидал илгээсэн байх юм.

Уг захидлыг орчуулан сийрүүлбэл:

“… ОХУ-ын агаарын сансрын хамгаалалтын нэгдлийн төлөөлөгчид Монгол улсад ажлын айлчлал хийсэн бөгөөд уг айлчлалын үндсэн зорилго нь Монгол улсын агаарын довтолгооноос  хамгаалах цэргийн зэвсэглэлд  байгаа нэг радио локацийн станцыг сайжруулах гэрээний урьдчилгаа төлбөрийг авах ажлын  бичиг баримтанд гарын үсэг зураг байсан.

…Гэвч эцсийн дүндээ Монгол улсад хийсэн айлчлал үр дүнгүй болсон. Миний бодлоор Монголд хийсэн айлчлалын эсрэг үр дүн нь  Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн  ерөнхий захирал Бямбаагийн Колягийн байр суурьтай холбоотой. Бидний ажлын анхны өдөр Оросын төлөөлөгчдийн бүх гишүүдэд шилжүүлж буй урьдчилгааны тодорхой хувийг  /хүн бүрт өөр тоог хэлж байсан  12,19,8 хувь/ манай нэгдэлд татвар болгон өгсөн тохиолдолд бичиг баримтад гарын үсэг зурна гэж сануулсан.

Тэр өөрийн ухаалаг утасны дэлгэцэн дээр бүүр татварын мөнгийг  шилжүүлэх  Өмнөд Солонгосын компанийн дансны нэхэмжлэхийг харуулсан.

Миний түүнд өгсөн тайлбар нь гэрээний үнэнд ийм мөнгөн дүн тооцогдоогүй гэж хэлсэн. Түүнээс гадна  би гэрээг зурахдаа Монголын талд хөнгөлөлттэй хандаж, гэрээний үнийн дүнгийн 5 /тав/ хувийг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэлд өгч, эцсийн  дүндээ гэрээний үнийн дүнг багасган Монголын талд ажлын нэг хэсэг болгох эд анги /шасси/ засварын ажлыг өгөхийг  зөвшөөрсөн гэж тайлбарласан.

Гэтэл Коля нь үндэсний хууль тогтоомж, банкны  дотоод заавар зэрэгтэй холбоотой бичиг баримт зурагдах боломжгүй гэх янз бүрийн шинэ шалтгаан олж гарын үсэг зурах ажлыг  “цоожилсон”. Үүссэн зөрчилтэй нөхцөл байдлыг  хэвийн болгоход  туслаач гэсэн хүсэлтээр танд хандаж байна.

БХАУН-ийн Ерөнхий захирал нь бидний нөхөрсөг олон жилийн харьцааг сэвтүүлж, улсын чухал байгууллагын   нэр хүндийг гутаан доромжилж байна. Энэ нь миний олон жилийн гадаадын  компанитай  ажиллаж буйгаас анхны тохиолдол бөгөөд дээрэмчин зан, өөрийн хувийн бусармаг ашиг сонирхлоо хангах  гэсэн үйлдэл болно…” гэжээ.

Өөрөөр хэлбэл  Б.Коля ашиг хонжоо хайн  Монгол-Оросын олон жилийн харьцаанд сэв суулгаад зогсохгүй, үүрэгт ажлаа хийхээс татгалзсан байх юм.

Хамгийн хачирхалтай нь  энэ үйлдэлдээ Б.Коля огт хариуцлага хүлээсэнгүй.  Тэр ч бүү хэл  цол нэмэхээр зүтгэж байгаа сурагтай.  Тодруулбал нутгийн анд, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн гар үсэг бүхий тодорхойлолтоор  Генерал  цол авахаар нэр дэвшиж байна. Үүнийг баттай эх сурвалжууд баталж байна.

Монгол улсын нэр хүнд унагаж,  гадаад  харилцаанд сэв суулгаж байгаа нь Генерал цолтой болох юм бол жинхэнэ Монгол төрийн эмгэнэл болох болно.

 

Батлан хамгаалах салбар энэ мэт шударга бус үйлдлээ засаж, дотроосоо цэвэрших шаардлагатай байгааг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Ерөнхийлөгч Х.Баттулга та анхаарна уу.

Төр Төмбөгөр

3 сэтгэгдэл

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.