Comment.mn

Ардын үгэн доторхи “нэг” ардын үг

           0e7ac95d04a27f62b44c282f364b9784

Өнгөрсөн пүрэв гаригт Хүүхдийн урлан бүтээх төв олны хөлд дарагдаж өнжсөн. “Монгол медиа корпораци”-аас зохион байгуулж буй “Ардын үг” зөвлөлдөх аян Сүхбаатар дүүрэгт өрнөж буй нь тэр л дээ. Уг аяны гол зорилго уг нь дүүргийн удирдлагуудаар өнгөрсөн дөрвөн жилд хийж, бүтээсэн ажлуудыг нь яриулах байлаа. Улмаар иргэдээр дүн тавиулах учиртай. Энэ жишгээр өмнө нь Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол дүүрэгт ийм уулзалт хийсэн удаатай.

Сүхбаатар дүүрэг 140 орчим мянган иргэнтэй өнөр айл. Гэвч зөвлөлдөх аяныг зохион байгуулагчид уулзалтынхаа зарыг дорвитой тараагаагүй бололтой. Юу гэвэл 70 гаруйхан хүн цугласан байв. Уулзалт эхлээд байхад Сүхбаатар дүүргийн удирдлагууд байдаггүй. Бүр уулзалт эхэлснээс хойш цаг гаруйн дараа ирсэн юм. Цаг хагасын дараа дүүргийн Засаг дарга Д.Бадарсан тэргүүтэй албаны хүмүүс “Ийм уулзалт болж байгааг зурагтаар хараад л ирлээ” гэсээр ирж, бухимдсан хүмүүсийг тайтгаруулсан юмдаг. Ингээд тэрээр өнгөрсөн 4 жилд хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсангийн танилцуулнаас харах нь ээ, өнгөрсөн хугацаанд уг дүүрэгт бүтээн байгуулалтын он жилүүд болжээ. Орон сууцны хороолол дундах замыг засах, сул шороон хөрсийг зүлэгжүүлэх зэрэг ахуйн ажлаас эхлээд сургууль, цэцэрлэг барих, иргэд нь дугаар, дараалалгүй эрүүл мэндийн тусламж авдаг болсон гээд чамгүй зүйл амжуулснаа тэрээр онцоллоо.

Мэдээж, хороо, гудамжинд нь юу хэрэгтэй байгааг оршин суугчаас өөр хэн ч мэдэх вэ дээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн удирдлагууд иргэдээсээ асууж, тэдэнтэйгээ ярилцаж хийсэн ажлууд нь төсвийн мөнгийг оновчтой зарцуулсан жишээ болохуйц юм билээ.

            Эмээ маань “Хороо ороод ирье”, “СӨХ-ны дарга уулзалт зохион байгуулж”, “Тэр хорооны дарга иргэдтэйгээ уулзаж байна, очоод ирлээ” гээд мунгинаж явдаг байсан сан. Залуучууд нь элдэв уулзалт, хурал цуглаанд очдоггүй учир ахмадууд маань хэлдэг хүргэдэг болсон нь энүүхнээс харагдах биз ээ. Энэ удаагийн уулзалтад очсон хүмүүсийн олонх нь мөн л ахмадууд байв. Тэд дүүргийн удирдлагуудад хандан, Ахмадын орон сууцны асуудал, дүүргийн IX хороонд Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх, XIV хорооны зам дагасан ТҮЦ-үүдийг цэгцлэх, хорооны Засаг дарга нарын зан харьцаа зэрэг асуудлуудыг тавьж байлаа. Энэ хэлэлцүүлэгт оролцсон ахмадууд маань “намын хорооныхоо даалгавраар” дүүргийн Засаг даргаа зад шүүмжилсэн нууцаа дэлгээд авсан нь хөгжилтэй. Бас болоогүй, өөр дүүргийн иргэн ч санаандгүй сонгогдсон “зочин” байлаа.

Эл хэлэлцүүлгээс ийм нэгэн бодол төрөв. Бид ер нь дөрвөн жилийн мөчлөгтэй улс болчихож. Сонгууль дөхөөд ирэхээр өнөө л нэг бусдыг үгүйсгэх авираа дарж ханахгүй юм. Хэдхэн намаараа талцаад хийсэн бүтээснийг үгүй хийж, хийгээгүйг хийсэн болгон харыг цагаанаар, цагааныг хараар будсаар олон жил өнгөрлөө. Мэдээж, нийгэмд байгаа бүх асуудлыг нэгмөр шийднэ гэдэг хэцүү байж таараа. Ямар ч гомдол асуудалгүй иргэнтэй “ИДЕАЛ” загвар болчих улс орон байдаггүй л байх. Харин тэр асуудлыг шийдэх эхлэл зам мөрийг зөв гаргаж, түүнийг нь цааш нь үргэлжлүүлнэ гэдэг л бидний хийж, үр дүнг нь “үнэрлэж” болох ганц гарц байлтай. Бүх асуудалтай хүмүүсийг цуглуулаад шүүмжлээд байвал ийм цуглаан ямар ч намын, аль ч засаглалын үед дуусахгүй нь ойлгомжтой. Гагцхүү уг цуглааны “гишүүд”-ийн тоо л цөөрч байна уу, олширч байна уу гэдгээрээ ялгарах биз. Уул нь улс төр гэдэг улс орныг, орон нутгийг удирдах эрх мэдлийн төлөө тэмцэл болоод энэ нь хөгжлийн төлөө л зүтгэдэг ганц л зорилготой баймаар. Хийсэн хүмүүсийг хийгээгүй болгоод, хийгээгүй хүмүүсийг хийсэн мэтээр хандвал цаашид ер нь хийж, бүтээдэг хүн олдох юм болов уу даа. Харин ч хийхийн оронд юу ч хийлгүй суусан хүнтэй эн зэрэгцэх учираас л тэр. Тэгээд болоогүй тэрэнд нь бид өөрсдөө гар бие оролцоод л “улс орны ирээдүйн төлөө” санаа тавиад байдаг. Ингэж явсаар хийдэггүй хүмүүс дүүрээд ирэхийн цагт тэднийг яаж ч шүүмжлээд, юу ч гэж хэлээд нэмэргүй “алт ч хийсэн сэгсэрдэг, ус ч хийсэн сэгсэрдэг” хэдэн нөхдүүдтэйгээ үлдчих вий дээ. Бид ч яахав үе нь өнгөрөөд талийгаад өгнө. Тэр цагт үр хүүхэд ирээдүй хойч маань бахь байдгаараа л үлдэх вий дээ.

Хийсэн нэгнийгээ дэмжээд, алдаа дутагдлыг нь засаад, хийдэггүй нэгнийг нь хийдгээр нь солих л бидний сонгуулийн ажил баймаар байна. Зорилго, зам нь зөв бол ЗӨВ л болно, зорилго нь зөв байгаад зам нь буруу бол БУРУУ л болно буй за.

 П.Дөлгөөн

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.