Comment.mn

Шүүх дэх нэгэн хэрүүлийн “алим” шийдэгджээ

abc7266bfe001c19fb7626bc9519cf95

Шүүхэд хэл ам дагуулдаг асуудлын нэг нь шүүх хуралдааны тэмдэглэл. “Миний хэлсэн үгийг буруу бичлээ. Хамгийн чухал мэдүүлгийг хэлснээр бичсэнгүй. Нотлох баримтын ач холбогдолтой хэсгийг хассан байна” гэсэн гомдол урд өмнө нь томоос том хэрүүлийн алим байлаа. Тэгвэл энэхүү хэрүүлийн “алимыг” Монголын шүүх шийдэж чадсаныг Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхтэй танилцсан Ерөнхийлөгч олж хараад онцлов.

Монгол улсын бүх шүүх хуралдааны танхим шүүх хурлын үйл явцыг дүрстэй, дуутай нь бүрэн бичиж архивладаг, иргэд шүүх хуралдааны тэмдэглэлийг үнэн зөв бичиж буй эсэхийг хянадаг болсон гэнэ. Үнэхээр үнэн бол том өөрчлөлт мөн. Шүүхийнхэн Ерөнхийлөгчийгөө арай л хуураагүй байх гэж найдья.

Ерөнхийлөгчийн зочилсон танхимд, шүүгч болон шүүх хуралдаанд оролцогчдын ширээн дээр үнэхээр тэр нь байв.

Гэхдээ бүх шүүх хуралдааны танхимд энэ хянах дэлгэц байхгүй юм байна. Харин бичлэгийн камерууд бол ирийтэл бүгдэд нь байгаа юм байна.

Ерөнхийлөгч тэдгээрийг олзуурхан хараад “Шүүх иргэдэд нээлттэй болж байгаагийн сайн талыг сая бид харлаа. Шүүх иргэддээ үйлчилдэг байгууллага болж хувирч байна. Иргэн шүүхийн хаалгаар орж ирэхэд л тосч аваад уулзах хүнтэй, өргөдлийг нь хүлээгээд авдаг, суулгах сандалтай болсон нь чухал. Шүүхийн шийдвэртэй видеогоор, цаасан дээр буулгасан байдлаар танилцах боломжтой болсон нь эргээд шүүхийг хариуцлагатай болгож байгаа юм. Шүүх хуралдааны тэмдэглэл бичиж байна гэхэд л хэргийн оролцогчид ширээн дээрээсээ болон дэлгэцээр давхар хянаж байна. Тэр нь дүрс бичлэгт, цаасан дээр үлдэнэ. Зөвхөн нэг л ажлыг дурьдахад маш том дэвшил гарсан нь харагдаж байгаа юм. Шүүх иргэний эрхийг хамгаалдаг байгууллага гэхээр зарим хүн ойлгодоггүй. “Шүүх хүнийг торгодог, шийтгэдэг байгууллага шүү дээ” гэдэг. Хууль зөрчөөд шүүхээр асуудлаа шийдүүлэх гэж орж ирж байгаа хүмүүсийн тоо Монгол Улсын хүн амын арав хүрэхгүй хувьтай дүйцэх байх. Хууль зөрчиж байгаа хүмүүстэй хариуцлага тооцож байна гэдэг бол үлдсэн 90 хувийн эрхийг хамгаалж байгаа хэлбэр юм. Шүүх хуралдаан болж байхад бүх хүнийг шүүх танхимд авчрах боломжгүй. Зарим нь хорих танхимд байж байдаг. Хорих 461 дүгээр ангид саатуулагдсан иргэн тэндээсээ цахимаар шүүх хуралдаанд оролцоод мэдүүлэг өгч байгаа нь маш том дэвшил. Хөдөө орон нутгаас шүүх хуралдаанд биечлэн оролцож чаддаггүй байсан. Харин техникийн дэвшлийг ашиглаад онлайнаар шүүх хуралдаандаа оролцож байна. Зөвхөн шүүх танхимд цуглах биш шүүхээр шийдвэрлэж байгаа дөрвөн хэргийн нэг нь техникийн дэвшлийг ашиглаад асуудлыг шийдэж байгааг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэлмэрч авчраад үйлчилж байгааг та бүхэн сая харлаа. Энэ мэтчилэн шүүх улам бүр хүндээ ойртож, хүнлэг болж байгаагийн илрэл” гэж хэлэв.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хаалттай байсан шүүхийн цоож цуургыг ийнхүү нээж, шүүхийн шийдвэрийг нийтэд дэлгээд зогсохгүй иргэдийг чирэгдүүлдэг ажиллагаануудыг тэдний хяналтанд оруулж чаджээ. Шүүх өөрийгөө үйлчилгээний байгууллага гэж хүлээн зөвшөөрөөд зогсохгүй шуурхай хүртээмжит байдал, харилцаа хандлагыг иргэдийн итгэлд суурилан чухалчилж байна. Эцсийн дүндээ энэ бүхнээс иргэд л хожно, үр дүнг нь хүртэнэ. Энэ нь шүүхийн шинэтгэлээр олдсон бас нэгэн маргашгүй ололт ажээ.

О.Цэлмэг

Эх сурвалж: Өдрийн сонин 2016.10.14

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.