Монголд хүртээлгүй ОГЦОМ ӨСӨЛТ

Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн том хэрэглэгч болох Хятад хэрэглээ болон нийлүүлэлтээ бууруулж байгаа бол Энэтхэг төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгцээнээсээ үүдэж, эрэлтээ өсгөсөөр байна.

Сүүлийн хоёр жил гаруй уналттай байсан коксжих нүүрсний ханш сүүлийн хагас жилд 80 хувь, наймдугаар сард 41 хувиар өсч тонн нь 140 ам.доллартай дүйж, сүүлийн хоёр жил хагасынхаа хамгийн өндөр өсөлтийг үзүүлж байна.

Бээжин жилийн 360 хоног нүүрс олборлодог байсныг 276 болгон олборлолтдоо хязгаар тогтоохоор шийдээд буй. Учир нь, саяхан орсон хүчтэй борооны улмаас Хятадын нүүрс олборлож, нийлүүлдэг гол сум болох Шанси мужийн тээврийн гол зам болон байгууламж эвдэрснээс дотоодын нүүрсний нийлүүлэлтээ хязгаарлахад хүргэжээ. Энэ нь дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлт багасч, ханш өсөхөд багагүй нөлөөлсөн хэмээн шинжээчид үзэж байна. Цаг агаарын энэ гамшиг Австралийн нүүрсний нийлүүлэлт буурахад нөлөөлөв. Австралийн коксжих нүүрсний гол хэрэглэгч нь Энэтхэг, Хятад билээ. Австралийн Үйлдвэрлэл, инновац, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн долдугаар сард энэ санхүүгийн жилд улсынхаа металлургын салбарын гол бүтээгдэхүүн нүүрсний үйлдвэрлэлээ хоёр хувиар өсгөж, 192 сая тоннд хүргэнэ хэмээн албан ёсоор мэдээлсэн.

Хэдий Австралийн Засгийн газрын зүгээс ийм том зорилго тавьсан ч нүүрсний ханш унаж, эрэлт буурснаас тус улс 2016-2017 онд нүүрсний экспортоос олох дундаж орлого таван хувиар буюу 18.2 тэрбум австрали ам.доллараар буурахаар байгаа юм. Австралийн ДНБ-ий 12 хувийг дангаараа эзэлдэг нүүрсний экспортоос тус улс өнгөрсөн онд 37 тэрбум австрали ам.долларын орлого төвлөрүүлсэн бол үүний дараагаар төмрийн хүдрийн экспорт өндөр жин дарж байна.

Австралийн коксжих нүүрсний үнэ 2011 онд.нэг тонн нь 330 ам.долларын оргил ханшид хүрч байсан бөгөөд түүнээс хойш ханш нь тасралтгүй суларсаар өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 80 ам.доллараас ч бага үнэтэй болоод байсан юм. Дэлхийн зах зээлд уг түүхий эдийн эрэлтийн өсөлт саарч нийлүүлэлт нэмэгдэх тул үнэ ханш цаашид доогуур түвшинд хадгалагдана гэж шинжээчид тооцоолж ирсэн юм. Нөгөөтэйгүүр коксжих нүүрсний үнэ ийнхүү өсч байгаа ч ханшийн өсөлт урт хугацаанд хадгалагдах эсэх нь эргэлзээтэйг шинжээчид сануулж байгаа юм.

Коксжих нүүрсний зах зээлийн үнийн өсөлт манайд экспортын ханшид эергээр нөлөө үзүүлэхгүй байна. Учир нь, манайх нүүрсээ ихэвчлэн Хятадын хойд хэсэг болон Өвөрмонголын харьцангуй хямд ханштай зах зээлд нийлүүлдэг, нүүрсний худалдааны гэрээгээ улирал, эсвэл түүнээс дээш хугацаагаар хийдэгтэй холбоотойг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүн Н.Алгаа тэмдэглэв. Энэ талаар “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г. Батцэнгэл өөрийн твитгер хуудаснаа “Олон улсын зах зээлийг дагаад нүүрсний үнээ 15 ам.доллараар өсгөх гэж үзлээ. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” улирлаар нь үнийг 25 ам.доллар дээр фикс хийсэн гээд “янаглаж” байна. Хятадын нүүрсний ченжүүд Монголд орох орлогоос “хусаад” байна гэж хэдэн жил хэллээ. “Эрдэнэс Тавантолгойн”-хон ойлгох болоогүй юу?” хэмээн жиргэжээ.

Ийнхүү олон улсын зах зээлд коксжих нүүрсний ханш нэг сарын дотор 80 хувь өсч 140 ам.доллартай дүйсэн байхад үүнээс Монголын компаниуд ашиг хүртэх боломжгүй байгаа нь харамсалтай. “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалько” компанид өрөндөө төлж буй тогтмол доогуур тогтоосон ханш нь ийнхүү бусад нүүрс экспортлогч компанийн зах зээлийг хумьж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу II улирлын индексээр нэг тонн коксжих нүүрсийг 24.4 ам.доллараар борлуулж байсан ажээ. Олон улсын зах зээлд нэг тонн нь 140 ам.доллар хүрээд буй коксжих нүүрсийг манайх тав дахин хямд ханшаар нийлүүлж байгаа гэсэн үг. Үүнээс Хятад, өвөр Монголын нүүрсний экспорглогч компаниуд ихээхэн ашиг хүртэх боломж бүрдэж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа , “Чалко” компанид 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 121.2 орчим сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн өртэй байсан. Өнөөдрийн байдлаар 111 сая ам.долларын үлдэгдэлтэй. Энэ жил ойролцоогоор 50 орчим сая ам.доллар төлнө гэсэн төлөвлөгөөтэйгөөр олборлолт, тээвэрлэлт, борлуулалтаа хийж байна.

“Чалко”-гийн урьдчилгаа төлбөр жилийн 10 гаруй хувийн хүүтэй, сард дунджаар 900 мянга орчим ам.долларын хүү төлж байна” хэмээн тайлбарлажээ. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани өрөө төлж дуусгаад, зах зээлийн ханшаар ямар нэг барьцаагүйгээр нүүрсээ борлуулах хугацаа наад зах нь хоёр жил байх нь. Эдийн засгийн хямралын үед коксжих болон хүрэн нүүрсний ханшид өсөлт ажипгагдсан ч дотоодцоо нүүрсний компаниуд нэг нэгнийхээ ханшийг унагасан хэвээр байвал зах зээлийн өсөлт Монголд мэдэгдэхгүй юм байна.

Дашрамд, Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс 11 сая тонн нүүрс экспортолжээ. Өнгөрсөн онд манай улс 14.4 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ онд 19 сая тонныг экпортолно хэмээн төлөвлөсөн. Энэ оны долдугаар сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компани дөрвөн сая тонн, “Энержи Ресурс” компани 704.4 мянган тонн, “МАК” 2 сая 523 мянган тонн, “Саусгоби сэндс” хоёр сая тонн, “МОЭНКО” 135 мянган тонн, “Өсөх Зоос” компани 739 мянган тонн, “Чинхуа Мак Нарийн сухайт” 147 мянган тонн, “Тавантолгой” компани 643 мянган тонн нүүрс тус тус экспортолжээ.

Б.Ууганбаяр

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/