Дундговь аймгийн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн тогооч 10-н сартай балчир хүүхдийг хэрцгийгээр зодож буй бичлэг олон нийтийн цахим хуудсанд түгээгдэж, хууль хяналтын байгууллагын хараанд өртөж, улмаар хэргийг шалгах болсон билээ. Уг бичлэгийг үзсэн иргэд, цэцэрлэгийн багш нарын ёсзүй, хариуцлага хүн чанарын тухай ихэд бухимдан ярьцгааж байгаа юм. Угаас балчир хүүхдүүдтэй ажиллаж, буй багш ажилчдын ёсзүй, сэтгэц, тэр ч бүү хэл ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж, ажилд авах цаг нэгэнт болсон гэдгийг эл хэрэг баталлаа. Ил гарсан нь энэ болохоос үүнээс гадна монголын өнцөг булан бүрт ийм байдал давтагдаж буйг үгүйсгэх арга алга. Тэгвэл хүүхэд зодсон тогооч үсчин мэргэжилтэй бөгөөд, түүний нөхөр архины хамааралтай эр юм байна. Нөхөр нь архи ууж, зовоодог, гэр бүлдээ бухимдалтай эмэгтэй ийнхүү балчир хүүхдэд стрессээ гаргасан гэсэн үг.
Тодруулбал Ж.Отгонтөгс 1965 онд төрсөн бөгөөд 1984 онд үсчний мэргэжил эзэмшиж, улмаар Эрдэнэдалай сумын үсчнээр олон жил ажиллажээ. Ингээд гурван жилийн өмнөөс үс засахаа больсон байна. Тэрбээр хоёр хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн хүн Гончигдорж нь архины хамааралтай нэгэн юм байна. Ж.Отгонтөгсийг одоогоор 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэх зүйл ангиар шалгаж байгаа.Уг хуулиар шийтгүүлбэл 3-5 жил хоригдох ял сонсох юм. Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явагдаж байна. Түүний бичлэгийг олон нийтэд тараасан цэцэрлэгийн багш Янжинлхамыг Ж.Отгонтөгсийн нөхөр н.Гончигдорж архи уусан үедээ очиж, дарамталаад байгаа юм байна.
Харин “Оюуны хөгжил” цэцэрлэгийн эрхлэгчийг Ж.Оюунчимэг гэдэг бөгөөд Ж.Отгонтөгсийн төрсөн эгч. Мөн 30 гаруй жил мэргэжлээрээ ажилласан химийн багш ажээ. Харин түүний нөхрийг н.Эрхэмбаатар гэдэг бөгөөд МСҮТ-ийн биеийн тамирын багш юм байна. Улмаар Ж.Оюунчимэг нь тэтгэвэртээ гарсан дариудаа зээл аваад, 2013 оноос эхлэн уг цэцэрлэгийг ажиллуулж эхэлжээ.
Хамгийн гол нь Оюуны хөгжил цэцэрлэг нь ой хүрээгүй хүүхдүүдийг авдаг, сувилалын хэмээх тусгай цэцэрлэгийн зөвшөөрөлтэй байсан аж. Уг нь уг эрхийг олон жил энэ салбарт ажилласан тушлагатай баг хамт олонд өгөх ёстой байтал Дундговийн удирдлагууд хууль бусаар ийнхүү мэргэжлийн бус хүмүүст эрх олгож,айлын балчир хүүхдүүдийг зодуур дунд хүмүүжүүлж байсан байгаа юм. Тодруулбал Оюуны хөгжил цэцэрлэгийн анги удирдсан хоёр багшаас бусад нь гэр бүлийн ах, эгч дүү нар байсан юм билээ. Тусгай зөвшөөрлийн эрх олгосон Засаг дарга нь Ж.Оюунчимэг эрхлэгчийн хамаатан гэх мэдээлэл байгаа юм. Ер нь төрийн албан хаагч нарын буруутай шийдвэрээс л хамаг хэрэг дэлгэрдэг нэг жишээ энэ. Ийм зүйл бүх салбарт бий. Үүнээс гадна архины хамааралтай гэр бүлтэй бөгөөд зан харилцааны доголдолтой ёс зүйгүй танхай балмад эмэгтэйг хүүхэдтэй ажиллуулахыг хуулиар хатуу хориглох хэрэгтэй байна.
Н.Ганаа