Comment.mn

Тариаланчид энэ сарын 29-нд трактортай жагсаал хийхээр боллоо, яагаад…

Embedded image permalink

Тариалан эрхлэгчийн холбооныхон Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зарим гурилын үйлдвэрт ОХУ-аас 20 мянган тонн улаан буудай импортоор оруулж ирэх квот өгснийг эсэргүүцэж байгаа билээ. Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус холбооны удирдлага болон гурил үйлдвэрчлэгчдийн холбоо, Хүнс, хөдөө аж ахуйн яамны удирдлагатай уулзаж, импортын улаан буудай авахыг түр хойшлуулж, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлээгүй байгаа дотоодын улаан буудайн цавуулгын байдлыг дахин шинжлэхээр болсон юм. Тэгвэл өчигдөр тариалан эрхлэгчдийн холбооны гишүүд буюу  тариалангийн  аж ахуй  эрхлэгчид хуралдаж энэхүү болж буй үйл явдлын талаар хэлэлцлээ.

Хуралдаанд Төв, Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудын үр тарианы аж ахуйн захирлууд ирсэн байлаа. Тэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дээрх шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байв. Өнгөрсөн намар улсын хэмжээнд дотоодын хэрэгцээг бүрэн хангаад цаана нь илүү гарахуйц  үр тариа хураан авсан нь тэдний том амжилт болжээ.  Ургацын чанар ч сайн байв. Ялангуяа цавуулаг нь зарим аж ахуйн хураасан улаан буудайнд  30 хүртэл хувьтай тогтоогджээ. Гэвч мэргэжлийн хяналтын төв лабораторийн шинжилгээний дүнгээр цавуулаг нь  26 хувьтай гэж гарсан байхад импортын улаан буудай руу шунаад байгаа “Улаанбаатар гурил”  компанийнхан  үүнийг нь доош дарж 22 хувийн цавуулагтай гэсэн нь тариаланчдыг гомдоход хүргэв. Тариаланчид зөвхөн дотоодын лабораториуддаа шинжилгээ хийлгээд зогсоогүй.  Солонгос улсад хийлгэсэн шилжилгээгээр ч цавуулаг нь 25-28  хувьтай, уурагт чанар нь хамгийн их буюу 13 хувиас дээш гарчээ. ОХУ-д өгсөн шинжилгээний хариу мөн ингэж гарсан гэнэ. Ер нь Сэлэнгийн тариалангийн талбайгаас голцуу ийм өндөр сайн чанартай улаан буудай хураан авсан байна. Гэтэл “Улаанаатар гурил” компанийн захирал Баатарсайхан нь яамтайгаа хуйвалдан Оросоос 15 сая ам.доллараар улаан буудай импортлох зөвшөөрөл авахдаа “Дотоодын улаан буудай цавуулаг муутай, чанаргүй” гэсэн мэдээлэл тараасан гэж тэд ярьж байв.

Тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг утсаар  дуудаад “Та нар хэвлэл мэдээллээр янз бүрийн юм ярихаа болиоч дээ. Улаан буудайн импортыг би зөвшөөрсөн юм. Та нарт мөнгө өгөхгүй. Гурилын үйлдвэрээс авах мөнгөний асуудал чинь компаниудын хоорондын асуудал. Шуугиан тариад яваа эзэн нь чи юм байна. Эзнийг нь оллоо” гэж ярьж байсан. Улсын хэмжээний 70 гаруй гурилын үйлдвэрүүдээс хоёрхон нь импортын зөвшөөрөл авсан байна. Яагаад Улаанбаатар гурил”, “Од” хоёрыг сонгов. Энэ их сонин байгаа юм” гэж байв.

Улаан буудай нийлүүлсэн мөнгөө ихэнх тариалангийн компаниуд аваагүй, тариалалтыг дэмжих сангаас олгох 21 тэрбум төгрөг нь гурилын үйлдвэрүүдэд зээл болж очоод байгаа нь ирэх хаврын тариалалтанд бүр ч хүндрэл учруулж байгаа ажээ.

ОХУ-аас хэдэн жилийн өмнө улаан буудай, гурил импортоор оруулсан нь төмрийн агуулалмж өндөртэй, хүний эрүл мэндэд элдэв сөрөг нөлөөтэй байсан гашуун сургамжийг энэ үеэр тариаланчид турсан ярьж байлаа. Одоогийн оруулж ирээд хэл ам хийгээд байгаа будааных нь чанар бас л тааруу гэж байна. Түрүүчээс нь тээж аваад шинжлүүлэх гэхээр зөвшөөрдөггүй гэнэ.  Тэгсэн атлаа дотоодын улаан буудай нь Орос, Солонгос, Монголын урдаа барих лабораториос чанарын сайн үнэлгээ аваад байхад зориуд чанаргүй гээд дахиад шинжилгээнд оруулна гэсэн нь гайхалтай. Гайхаад ч байх юу байхав дээ, энд нэг но-той юм аваад байгаа нь илт байна. Үүнийг тариаланчид “Дарга нарын далд авлигын сүлжээ” гэж оношилж байна. Энэ үнэн болов уу.

Тариаланчид өнөөдрийн байдлаар үндсэндээ 70 тэрбумын хохирол амсаад байгаа аж. Улаан буудайн өртгийн 60 гаруй хувийг гадаад зах зээлээс авч буй. Тиймээс  долларын ханшийн өсөлт тэднийг ийм их хэмжээний алданги үүрэхэд хүргэж байна. Гэтэл улаан буудайгаа яамны тохиролцоогоор нэг тонныг нь 550 мянгаар үнэлсэн хэрнээ бодит байдал дээр тээвэрлэлт, хорогдол зэрээ хасаад 380 мянгаар л заржээ.  Улаан буудайг нь ийм хямдаар авсан гурил үйлдвэрлэгчид тэдэнд  мөнгийг нь өгөөгүй байна.

Энэ бүхнээс болоод тариалан эрхлэгчид өнөөгийн Засгийн газартай хамтарч ажиллах боломжгүй гэж байгаа хурлын үеэр бараг нэгэн дуугаар хэлж байв. Мөн тэд энэ сарын 29-ны өдөр трактор, техниктэйгээ Чингисийн талбайд жагсаж төр засгийн сонор үгээ хүргэхээр боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрээр томиолж ажиллуулах улаан буудайн цавуулгыг дахин шинжлэх ажлын хэсэгт тариалан эрхлэгчдийн  холбооноос хүмүүсээ оруулж ажиллуулахдаа Америк, Канадад шинжилгээ хийлгэх саналтайгаар илгээх аж. Мөн “Улаанбаатар гурил” компанид ОХУ-аас ирсэн улаан буудайг шинжилгээнд хамруулахыг шаардаж, ойрын өдрүүдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, “Улаанбаатар гурил” компанийн захирал Баатарсайхан нарыг халз мэтгэлцээнд урьж оролцуулахаар шийджээ.

“Газрыг иргэдэд” гэсэн уриан дор тэр жил “Газар” хөдөлгөөнийг санаачилсан Э.Бат-Үүл баатар газар тариалан эрхлэгчдийг тариалангийн газартай нь үлдээх тэмцэлд босч, нийслэлийн төв талбайд трактортой жагсаал хийж байсан бол  энэ удаа газраа хувьдаа эзэмшээд дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах чанартай ургац авсныхаа төлөө засгийн эрх мэдэлтнүүдэд хавчигдаж, хайран хөдөлмөрөө салхинд хийсгэх болж байгаадаа хамарсан тариаланчид төр засгийн харалган бодлогын эсрэг ийнхүү дуу холойгоо нэгтгэх болж байна.

Үргэлжлэл бий

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Embedded image permalinkEmbedded image permalinkEmbedded image permalinkEmbedded image permalinkEmbedded image permalinkEmbedded image permalinkEmbedded image permalinkEmbedded image permalinkEmbedded image permalink

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.