Comment.mn

“Prius” автомашины татварыг гурав дахин нэмэгдүүлнэ

“Prius” автомашины татварыг гурав дахин нэмэгдүүлнэ

Энэ оны төсөвт тодотгол хийхээр УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Энэ хүрээнд чуулганы баасан гаригийн хуралдаанаар өрийн босгыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхи нь дэмжээгүй учраас Засгийн газарт буцаасан юм. Түүнчлэн Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 61.1 хувь нь дэмжсэн. Харин өнгөрсөн бямба гаригт төрийн бүх байгууллага шинэ жилийн амралтыг нөхөж ажилласан юм. Энэ дагуу бямба гаригийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.10 цагт 51.3 хувийн ирцтэй эхэлж, 11 асуудал хэлэлцэхээр болов. Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа хэд, хэдэн төрлийн татварын хуульд өөрчлөлт оруулахаар тусгасныг бямба гаригийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд байна. Тодруулбал, нийслэл хотын албан татвараас гадна эд хөрөнгийн болон малын хөлийн, бууны гэх мэт татварыг нэмэхээр төлөвлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2015 оны төсвийн тодотголын хүрээнд төр иргэдээсээ цөөнгүй тооны татварыг авахаар нөхцөл байдал үүсээд байна.

Нийслэлийн татвар авах нь зүйтэй гэж үзэв

Чуулганы хуралдааны эхэнд нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг үргэлжлүүлэв. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсэн юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. УИХ-аас 1994 онд анх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар олон жилийн түүхтэй нийслэл хотын эрх зүйн үндсийг шинэчилсэн. Уг хуулийн 17 дугаар зүйлд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, 19 дүгээр зүйлд “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заажээ. Мөн Татварын ерөнхий хуульд нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар боловч нийслэл хотын албан татварын тухай хуулийг өнөөг хүртэл батлаагүй байна.Иймээс 13 зүйл бүхий Нийслэл хотын албан татварын тухай энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр олон жил хэрэгжихгүй явж ирсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалт хэрэгжих боломж бүрдэж байгаа аж. УИХ-ын дарга өчигдөр нам, эвслийн бүлгийн дарга нар болон Сангийн яам, нийслэлийн удирдлагуудтай уулзаж, санал солилцоод энэ хуулийн төслийг хэлэлцэж батлах, гэхдээ татварыг зорилттой байхаар хэлэлцүүлгийн явцад өөрчлөх нь зүйтэй гэж тохирчээ. Хэрвээ Нийслэл хотын албан татварын тухай хуулийг баталбал иргэдэд татвар багатай газар амьдрах эрмэлзэл төрж, хотоос гадагшлах, дагуул хот тосгонд шинэ суурьшил бий болж хөгжих зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа аж. Мөн энэ татвараас бий болох орлогын эх үүсвэрийг тухайн орон нутаг өөрийн төсөвт төвлөрүүлэн орон нутаг төсвийн хувьд бие дааж, шийдвэр гаргах, төсвөө үр ашигтай удирдах, төвлөрлийг сааруулахад зарцуулах юм байна.

“Prius” машины татварыг гурав дахин нэмэгдүүлж, гуравдагч орон сууц эзэмшигчээс татвар авдаг болно

Бямба гаригийн УИХ-ын чуул- ганы үдээс хойшхи хуралдаанаар Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Үдээс өм- нөх хуралдаанаар хуулийн төс- лийн талаар гишүүд төсөл санаач- лагчаас асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хөрөнгийн албан татварын тухай хуульд орон сууцны татвар, автомашины татвар, бууны татвар, малын хөлийн татварыг багтаасан байгаа юм. Тодруулбал, автомашинд цилиндрийнх нь багтаамжаас хамааруулж татвар ногдуулна. Ингэхдээ “Prius”-ийнхийг гурав дахин өсгөхөөр тусгажээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ татварын талаар тайлбарлахдаа “prius” машин унадаг иргэн татварт 36 мянган төгрөг төлдөг байсан бол дээрх хуулийн хүрээнд 108 мянган төгрөгийн татвар төлөх болж байгаа гэсэн юм. Гэтэл ийм автомашин орлого багатай иргэдийн амьжиргаагаа залгуулдаг тээврийн гол хэрэгсэл болсныг дарга, сайд төдийлөн мэддэггүй бололтой ийнхүү татварыг нэмэхээр ярилцаж эхэллээ. Мөн хуулийн хүрээнд гурав дахь орон сууцнаас татвар авахаар болж байна. Тодруулбал, тухайн иргэн өөрийн нэр дээр олон орон сууцтай, түүнийгээ түрээсэлж ашиг олдог бол Хөрөнгийн албан татварын тухай хуулийн зохицуулалтаар орон сууцны татвар төлөх гэнэ. Мөн бас нэг татварыг нэмэхээр болоод байгаа нь галт зэвсгийнх. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар буу эзэмшигч нь жилдээ 4000-5000 төгрөгийг татварт төлдөг байна. Хөрөнгийн албан татварын тухай хуулийн хүрээнд бууны маркаас хамаарч 50.000-100.000 хүртэл татвар төлөх юм. Харин малын хөлийн татварын хэмжээг орон нутаг тогтоохоор уг хуульд тусгажээ. Энэхүү татвар нь хонины толгойд шилжүүлсэнтэй тэнцэнэ, татварын хэмжээ нь 1000 төгрөгөөс ихгүй байх аж. Түүнчлэн орон нутаг нь малын татварын хэмжээг тогтоох юм байна. Мөн Сангийн сайдын тодорхойлсноор өрхийн нэг иргэнд 50 толгой шилжүүлэн чөлөөлөхөөр байгаа тул олон толгой малтай малчдад л татвар хамаарахаас цөөн тоотойд хамаарахгүй гэнэ.

М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.