Comment.mn

Хүрээлэнгүүдийг татан буулга! Ч.Сайханбилэгийг дэмжиж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэлдээ тулгуур шинжлэх ухааны хүрээлэнгүүдээ их сургуулийн харьяанд өгөх замаар эмхэтгэж цомхотгон, хэмнэлт хийх тухай мэдээлэл хийв. Зөвхөн мэдээлэл хийгээд зогсохгүй уг санаагаа ажил хэрэг болгохоор хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх шийдвэр гаргахаар ажиллаж буй аж.

 

Эдийн засаг хүндэрсэн энэ үед илүү зардлаа танаж, хэмнэлттэй амьдрах зарчим барьж буй Ерөнхий сайд хэмнэлтээ шинжлэх ухааны салбарт хийх гэж буйг эсэргүүцэж нэрт эрдэмтэн Х.Намсрай нарын академич, докторууд сэтгүүлчдэд хандаад авсан.

 

Албан эх сурвалжийн мэдээлж байгаагаар эдийн засгийн хямралд тэгтлээ нөлөөлчихөөр төсөв хүрээлэнгүүдээс харагдсангүй. Гэхдээ л манайд олон жилийн нүүрийг үзсэн Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн хэрэг алга гэхэд нэг их буруудахгүй. Энэ олон жилийн турш улс оронд ашиг тустай чухам юу хийв ээ, эд нар. Гарт баригдаж нүдэнд харагдах зүйл огт байхгүй. Гагцхүү чихэнд сонсогдох төдий зүйлээр нүүрээ тахалж ирсэн энэ нүсэр аппаратыг тараахад буруудах юм алга. Тэгээд ч ямар бүр мөсөн үгүй хийх гэж байгаа биш.

 

Салбар сургуулиудад нь өгөх юм гэнэ. Болж л байна. Сургуулийнхаа дэргэд ШУ-ны хүрээлэн нь байхад ирээдүйн боловсон хүчнүүдэд ч асар хэрэгтэй. Уг нь бол их дээд сургуулиудад ийм хүрээлэн байгаа л даа. Түүнийхээ хүчийг зузаатгаад ажиллахад буруудах юмгүй л дээ. Заавал тэнд нэг хэсэг нөхдийг цалинжуулж, зүгээр суулгаж байхаар энэ нь хамаагүй дээр гэх хүн олон байна.

 

Ийм санал дэвшүүлж байгаа хүнийг буруутгах хүн цөөнгүй байгааг сайн мэдэж байна. Гэвч уншигч та бодож тунгаагаад үзээрэй. Өнгөрөгч хугацаанд Монгол Улс үйлдвэрлэлд ямар технологи нэвтрүүлээд дэлхийд байг гэхэд Азид, Азидаа байг гэхэд улсдаа хөгжүүлэв. Та лав нэрлэж чадахгүй. Өнөөдөр ганц ч үйлдвэр алга. Бүгдийг импортоор авч байна. Уг нь энэ хүрээлэнгүүдээс эрдэмтэн мэргэдийн ашигтай оновчтой санал гараад тэр нь ажил хэрэг болсон бол бид ядаж нэг үйлдвэртэй байх байлаа. Өнөөдөр юу ч алга. Бүх зүйлээ гаднаас авч байна. Ийм байхад хүрээлэнг татан буулгахгүй хэмээн жагсаж байгаа эрдэмтэн нэртэнгүүд өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Үнэн хэрэгтээ манай улсад шинжлэх ухааны хүрээлэн гэж байдаг тухай сонссон болохоос тэдний үйл ажиллагаа, чухам юу хийж суудаг тухай ойлголт хэнд ч байхгүй.

 

Ядахад л мал аж ахуйн салбарт ямар ч ахиц гарсангүй. Харин ч эсрэгээрээ уруудаж байна гэхэд болно. Өдий олон жил болоход бид махаа экспортоор гаргах технологи сэдэж чадсангүй. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн гэж нэг байгууллага уг нь улсаас төсөв аваад л байдаг. Ямар ч үр дүн алга. Ийм байгууллагыг татан буулгахаас өөр яах билээ.

 

Хэл шинэжлэлийнхэн ч ялгаа байхгүй. Ганц нэг ацаг шүдний зөрөө сольж ажил хийсэн болж сууна. Тэр ч байтугай эх хэлний хичээлийн хөтөлбөрөөс уран зохиоын хичээлийн цагийг хасаж байхад загас мэт дуугүй суучихаад өөрсдийг нь татан буулгана гэхээр сүрхий тэмцэж байна гээч. Эх хэл нь устахдаа тулж байхад энэ байгууллага юу хийсэн юм. Өнөөх л эх хэлний ундарга болсон уранзохиолын уншигч өдрөөс өдөрт цөөрч, эх хэл улам л алга болж байхад чухам юу хийж сууна вэ. Ийм байгууллага байгаад яах юм. Ч.Сайханбилэг зөв л харсан байна.

 

Шинжлэх ухаан гэдэг чинь манай хэлэн эрдэмтэн нэртэнгүүдийн яриад байгаа шиг зүйл биш л дээ. Арай өөр зүйл байдгийг бид мэдээллийн хэрэгслээс зөндөө л уншиж харж байв. Тэгэхээр энэ хүрээлэнгүүдийг татан буулгах тухай мэдэгдэл хийсэн Ч.Сайханбилэгийг дэмжиж байгаа юм.

 

А.Гал

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.