ЗГХЭГ-аас төрийн алба хаагчид ажлын байран дээрээ ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон.
Гэтэл Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Ц.Нарандалай, Мэдээллийн, технологийн газрын захирал Б.Хосбаяр нар ажлын байрандаа архидан согтуурч, улмаар маргалдан нэгнийгээ гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн оны 12 дугаар сард Монголбанкны мэдээллийн технологийн газрын дарга н.Хосбаяр ажлын байрандаа архидан согтуурсан үедээ Хяналт, шалгалтын газрын дарга Ц.Нарандалайг гэмтээж, нүүрэнд нь хүнд гэмтэл учруулсан байна. Улмаар Ц.Нарандалай нь эмнэлэгт удаан хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад гарчээ.
Дарга нар албан тушаал, томилгооноос болж маргалдсан гэх ажилчдын яриа байгаа бөгөөд уг хэргийг хуулийн байгууллагад хандалгүй нууцлаад өнгөрөхийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үүрэг өгсөн хэмээн эх сурвалж мэдээлэв.
Ямартай ч ажлын байрандаа архидан согтуурах зөрчил одоо ч Монголбанкинд байгааг дээрх хэргээс харж болно. Мөн ажилтнуудаа архинд гүйлгэдэг явдал одоо ч зогсохгүй байгааг эх сурвалж хэлэв.