Comment.mn

Xотын даргын “хор”

Манай дарга нар сайхан ярина шүү дээ. “…Улаанбаатар хот 2017 он гэхэд, эсвэл 2020 онд метротой болно”, “…2021 он гэхэд гэр хороололгүй болно”, “…Замын түгжрэлийг арилгана” гэж Хотын дарга нар арав гаруй жилийн өмнөөс л ярьцгаасан. Бас  “…Гэр хорооллын оронд Токио, Сөүл шиг хот босгоно” гэж ярьсан Хотын дарга ч бий.. Сүүлд нэг дарга “…Агаарын дүүжин зам хийнэ” гэж байв. Өөр ийм гоё гоё “яриа” зөндөө л дөө. Ер нь бол үе үеийн Хотын дарга нар ингэж мөрөөдөөд өнөөг хүрцгээсэн. Ингэж мөрөөдөхөд төсөв зарцуулдаг ч хариуцлага хүлээдэггүй.      

Мэдээж хэрэг, шинэ үеийн түүх нь 110 жилээр хэмжигдэж буй Улаанбаатар хот хөгжсөөр л байгаа. Гэхдээ замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй барилга, түүхийн дурсгалыг ултөржилтөөр үгүй хийдэг зэрэг хотын хөгжлийн “чөдөр”-үүд олон бий. Харамсалтай нь эдгээрээс улбаатай алдааг засдаггүй.      

Ганц жишээ хэлэхэд, яг одоо нэр бүхий нэгэн сайд, Төрийн ордон, Сүхбаатарын талбайн чанх урдтайх, Чойжин ламын сүмийн хойдох газрыг гадаадын улсын мэдэлд өгье гээд гүйж явна. Угтаа энэ бол төрийн түүх хийгээд улсын аюулгүй байдалд халдсан хэрэг юм. Ингэснээр Төрийн ордон, Сүхбаатарын талбайгаас урагш голлоод Чойжин ламын сүм дамжаад Зайсан толгойг шууд хараалдаг монгол гэрийн зохион байгуулалт бүхий Улаанбаатарын ерөнхий төлөвлөлт эвдэгдэх дээрээ хүрч байгаа юм. Юу гэвэл, манай хот Ардын хувьсгалаас өмнө монгол гэрийн хэлбэртэйгээр баригдсан. Улмаар 1953 онд анхны архитектор Н.Чимэд гуай Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг хийхдээ энэхүү монгол гэр дээр суурилсан байдлыг хадгалсан гэдэг. Хотын ерөнхий төлөвлөлтийн хувьд монгол гэрийн хойморыг Төрийн ордон хэмээж, тулга зуух байх газарт нь Д.Сүхбаатарын хөшөө, урагш үүд учраас онгорхой байх ёстой гэж хийжээ. Дараа дараагийн төлөвлөгөөнүүдэд ч энэ зарчмыг баримталсаар ирсэн гэдэг. Харамсалтай нь энэ байдал эвдэгдэж, янз бүрийн барилга байшин нэмэгдсээр л байна. Бүр даварсаар энэ мэт сайд, албан тушаалтнууд хувийн амбийцаар хотын төлөвлөлтөд халдаж байгаа юм.   Өөрөөр хэлбэл, хотын ажилд яамны нэр барьж, хөндлөнгөөс оролцдог. “…Би сайд, үг дага” гэж дарамталдаг. Тэгж шийдвэр гаргуулдаг. Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазар энэ сарын 19-ний өдөр хот, засаг хоёр нэг байж, энэ мэт хийдлүүдийг үгүй хийх суурийг тавилаа. Түүний санаачилгаар энэ сарын 19-нд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, хотын асуудлыг хэлэлцэж үийдвэрлэв. Хотын дарга Д.Сумъяабазар  хотын замын түгжрэлийг бууруулах арга замын талаар танилцуулга хийж, Засгийн газраас хотын түгжрэлийг бууруулахад 2024 оны хүртэл жил бүр 420 тэрбумаас багагүй төсөв зарцуулж байх шийдвэрийг гаргав. Энэ хөрөнгөөр масс транзит буюу их хотын амьдрал, нийгмийн асуудлыг зохицуулах нийтийн тээврийг бий болгох үүрэг, даалгаврыг Ерөнхий сайд өгсөн байна. Улмаар уржигдар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар нар “Шинэ дэд төв”-үүд болон түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын явцтай танилцаж, зарим шийдлүүдийг гаргажээ.  Ер нь бол эхэнд хэлсэн метро баригдаж, түгжрэл буурах эхлэл тавигдчихлаа. Испанийн Барселон, Шведийн Стокгольм, Данийн Копегаген зэрэг хотууд авто замын түгжрэлээ Засгийн газар, хот хоёрын яриад байгаа нийтийн тээвэр, метро, зам гүүр, барьж л  бууруулсан байдаг. Хамгийн чухал нь засаг ингэж хотын асуудлыг авч хэлэлцээд, хот яам хоёрын ажил нэг байх ёстой гэж шийдэв. Яам нь хотоо дарамтлах биш хамтдаа “алхдаг” болов. Үнэнийг хэлэхэд хотын хувьд Засгийн газартай ингэж хамтраад, ийм дэмжлэг авч байсан удаагүй. Засаг нэг талд, хот нөгөө талд явсаар ирсэн.      

Харин Хотын дарга Д.Сумъяабазар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд хотын тулгамдсан асуудлыг оруулж, тодорхой шийдэл гаргуулаад авчихлаа. Засаг хуралдуулж, дэмжлэг шийдүүлнэ гэдэг гайгүй сайн “хор найруулсан” л гэсэн үг.        

Нэг талаар энэ бол хотод олдсон түүхэн боломж, нөгөө талаас Засгийн газраас жил бүр авч зарцуулах 420 тэрбум төгрөгийг зөв зарцуулж, үе үеийн Хотын дарга нарын “үлгэр”-ийг бодит болгох хариуцлага юм. Дашрамд хэлэхэд Д.Сумъяабазар 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гэсэн атлаа Хотын дарга болоод “буучихаж” байв. Өмнөх дөрвөн жилд нь сайдаар ажилласан, хоёр дахь УИХ-даа сууж байсан хүн гэнэт ингэж шийдэхээр хүмүүс гайхах нь ойлгомжтой. Харин тэр өнөөдөр Хотын даргын ажлыг завгүй гүйж, завсаргүй ярихаас гадна зангарагаар хийдэг гэдгийг харуулав.     Б.Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.