Comment.mn

УИХ-ын сонгуулийн хамгийн, хамгийн

Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа үргэлжилж байна. Арав гаруй хоногийн дараа монголчууд УИХ дахь төлөөллөө сонгоно. Энэ удаагийн УИХ-ын сонгууль онцлог ихтэй үргэлжилж байна. Ямар сонин содон зүйлс байгааг онцлон хүргэе.

Хамгийн олон бие даагч оролцож буй сонгууль

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 208 хүн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хянуулсан. Харин эцсийн мөчид 121 бие даагч сонгуульд өрсөлдөж байна. Энэ нь өмнөх долоон удаагийн сонгуульд байгаагүй тоон үзүүлэлт юм. 121 бие даан нэр дэвшигчийн 48 нь нийслэлд бусад нь орон нутагт нэр дэвшиж байна. Хамгийн олон бие даан нэр дэвшигч өрсөлдөж буй тойрог нь 23-р тойрог буюу Баянзүрх (1-3, 7, 9-12, 17, 19-24, 27, 28-р хороо) дүүрэг юм байна. Тус тойрогт 12 хүн бие даан нэр дэвшиж байгаа юм. Харин хамгийн цөөхөн бие даагчтай тойрог нь Баян-Өлгий, Дорноговь, Өвөрхангай аймаг бөгөөд энэ тойрогт тус бүр нэг нэг хүн бие даан нэр дэвшжээ. Түүнчлэн Говь-Алтай, Сүхбаатар, Хэнтий аймагт нэг ч нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлээгүй байна.

Хамгийн олон болон цөөхөн нэр дэвшигчтэй тойрог

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиа олон мандаттай том тойргоор зохион байгуулж байгаатай холбоотойгоор нэг тойрогт олон нэр дэвшигч хоорондоо өрсөлдөж байна. Нийтдээ 606 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас хамгийн олон нэр дэвшигчтэй тойрог нь 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэг юм. Тус тойрогт нийтдээ 38 нэр дэвшигч гурван мандатын төлөө өрсөлдөж байна. Харин хамгийн цөөхөн нэр дэвшигчтэй тойрог нь тавдугаар тойрог буюу Говь-Алтай аймаг, 12 дугаар тойрог буюу Сүхбаатар аймаг. Энэ хоёр аймагт тус бүр 10 нэр дэвшигч хоёр мандатын төлөө өрсөлдөж байгаа юм.

Хамгийн олон эмэгтэйг нэр дэвшүүлсэн нам

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-т “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэсэн заалт бий. Хуульд ийнхүү “Нам, эвслээс нэр дэвшигчдийн 20 хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж заасан ч үүнийг эмэгтэйчүүд гэж шууд автоматаар ойлгодог. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 606 нэр дэвшигч оролцож байгаагийн 151 нь буюу 24.92 хувь нь эмэгтэй. Тодруулбал, нийт нэр дэвшигчдэд эзлэх эмэгтэйчүүдийн хувь хуульд заасан 20 хувиас давсан. Үүнд зарим намын нэр дэвшүүлэлт нөлөөлсөн юм. Тухайлбал, Зол олны намын 30 нэр дэвшигчийн 23 нь буюу 77 хувь нь эмэгтэй юм. Тус нам нь хамгийн олон эмэгтэйг нэр дэвшүүлсэн намаар тодроод байна. Мөн Хөгжлийн хөтөлбөр нам нийт долоон хүн нэр дэвшүүлсний дөрөв нь буюу 57 хувь нь эмэгтэй ажээ. Түүнчлэн Гэр хороолол, хөгжлийн намын дөрвөн нэр дэвшигчийн хоёр нь эмэгтэй юм.

Хамгийн олон тээврийн хэрэгсэлтэй нэр дэвшигч

Сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгдөг. Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгээс харахад 606 нэр дэвшигч 749 тээврийн хэрэгсэлтэй юм байна. Хамгийн түгээмэл авто машин нь Land Cruiser-200 маркийн авто машин бөгөөд 78 нэр дэвшигч ийм машинтай ажээ. Мөн 34 мотоцикль бүртгэгдсэний 28 нь Архангай аймагт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж буй Б.Ганцэцэгийн эзэмшилд байна. Тэрээр хамгийн олон тээврийн хэрэгсэлтэй нэр дэвшигчээр тодров.

Сонгогчид анх удаа халуунаа хэмжүүлж байж саналаа өгнө

Цар тахлын улмаас УИХ-ын энэ удаагийн сонгууль тодорхой хязгаарлалтын хүрээнд үргэлжилж байна. Засгийн газраас баталсан журмын дагуу сонгуулийн үйл ажиллагааг тусгай журмаар зохион байгуулж байгаа юм. Тухайлбал, сурталчилгааны хугацаанд уулзалт хийх, сурталчилгааны материалаа тараах зэрэг нь өмнөх сонгуулиудаас ялгаатай. Тухайлбал, санал хураах үйл ажиллагааг зохион байгуулахдаа дараах байдлаар ажиллах юм.

  1. Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, үйлчлэгч, ажиглагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, нутгийн захиргааны байгууллагын алба хаагч нар хамтран зохион байгуулж, хяналт тавина. 
  2. Санал авах байрыг урьдчилан цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. 
  3. Санал авах байранд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна. 
  4. Сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно. 
  5. Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна. Оролцогчид биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцана. 
  6. Сонгогч гарын хурууны хээг уншуулж, гарыг дахин халдваргүйжүүлсний дараа олгосон бээлийг өмсөж саналаа өгнө. 
  7. Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авна. 
  8. Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн саванд хаяж, гарыг халдваргүйжүүлнэ. 
  9. Санал авах байрны агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэнэ. 
  10. Санал авах байранд хатуу гадаргууг хоёр цаг тутам ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ. 
  11. Санал авах байрны хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, компьютер, утас зэргийг хоёр цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ. 
  12. Санал авах байранд 18 насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно. 
  13. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн авч явж, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна. 

Гадаадаас анх удаа сонгогдох эрхээ эдэлж байна

Ард түмнээ хайрлая намын дарга, тус намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй цор ганц нэр дэвшигч Л.Гүндалай цар тахлын улмаас Тайландад гацаж тус улсаас сонгуулийнхаа сурталчилгааг цахимаар эхлүүлсэн. Гэвч тэрээр гадаадаас УИХ-д нэр дэвшиж буй ганц нэр дэвшигч биш юм. “Зөв хүн электорат” эвсэл гадаадад ажиллаж амьдарч буй гурван хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн. Тодруулбал, Шведэд ажиллаж амьдарч буй Ц.Нандинбаатарыг УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт, Япон улсад ажиллаж амьдарч буй М.Ариунтуяаг Баянхонгор аймагт, мөн тус улсад амьдарч буй Р.Энхтуяаг Сүхбаатар аймагт нэр дэвшүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, гадаадад амьдарч буй дөрвөн хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Энэ нь гадаадад амьдарч буй иргэд Үндсэн хуульд заасны дагуу сонгогдох эрхээ эдэлж буй анхны тохиолдол болов.  

Шоронд суугаа нэр дэвшигч

УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Улмаар шүүхээс Н.Номтойбаярыг 461-р ангид түр хорих шийдвэр гаргасан юм. Сонгуулийн сурталчилгааны хугацаа эхэлсэн ч тэрээр хоригдсон хэвээр. Аав нь түүнийг төлөөлөн сонгуулийн сурталчилгааг нь хийж, иргэд сонгогчидтой уулзалт хийж байгаа юм. Энэ нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигч хорих газраас сонгуульд оролцож буй анхны тохиолдол боллоо.

eagle.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.