Comment.mn

Зорчих хөдөлгөөнийг нээснээр 14 мянган автомашинтай 40,000 хүн нийслэлд орж ирнэ

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Өнгөрсөн сарын 26-ны хуралдаанаар Монгол Улс, БНСУ-ын хоёр талын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 11 хүртэл түр зогсоосныг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгах талаар УОК-ын хурал дээр ярьжээ.

Учир нь БНСУ-аас 6200 орчим гадаад, дотоодын иргэн Улаанбаатарт ирэх захиалга “МИАТ” “КАЛ” “Азиана Эйрлайнс” “Эйр пусан” гэх дөрвөн авиа компанид өгчээ.

Маш өндөр эрсдэлтэй бүсээс олон мянгаараа ирэх гэж байгааг харгалзаад Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийн хориог сунгах саналыг УОК-ын зарим гишүүн гаргасан байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ БНСУ-аас авах арга замыг хайж судлах боломжтой гэж тус хурал дээр ярьсан байна. 

Мөн маргааш хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээхэд 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл нийслэлд орж ирэх тооцоог албаныхан хуралдааны үеэр танилцуулжээ. Энэ үед бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдэл найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болжээ.

Доорх таван цэгт хяналтын цэг ажиллана

  • Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт
  • Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт
  • Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт
  • Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт
  • Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулна. 

Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллана. Мөн Улаанбаатар хот руу чиглэсэн улсын чанартай замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг 50 км тутамд томилж, болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэхээр төлөвлөжээ. Мөн Батлан хамгаалах яамны харьяа Багабаян дахь амралтын газар болон Цэргийн төв эмнэлэгт 250 ор бэлэн байлгахаар шийдвэрлэв. УОК-оос гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын ХМОНХА-ны дарга Ц.Ганзориг “Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цагт нээнэ. Ингэснээр анхаарлаа сулруулж байна гэж ойлгож болохгүй. Мөн энэ сарын 11-ны өдрийг хүртэл Эрхүү, Улаан-Үдийн нислэгийг цуцалсан. Итали, Япон, Солонгос, Иранаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй. Харин Монгол Улсын иргэд эрүүл мэндээ хянуулж, 14 хоног тусгаарлалтад орно” гэлээ.

Засгийн газрын мэдээ сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.