Comment.mn

Баавгай буусан намар

Нэг намар Хэнтийн нурууны баавгайнууд бараг цөмөөрөө буугаад ирж билээ. Тэр бол 1988 он байсан юм байна. Баавгай уг нь ян сарьдгуудын гүнд балар тайгад шивээлэн амьдардаг амьтан. Ил гарч хүн малд харагдах нь бараг үгүй. Аймшигт махчин араатан.

Тийм атлаа дан махаар хоолшдоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээл хольж иддэг онцлогтой. Ичээлэхийнхээ өмнө самраар өөрийгөө бордож хаанаас нь ч харсан халбаганасан амьтан болох ёстой. Гэтэл тэр жил хөвчид самар гарсангүй. Намар болж ургамал гандсанаар баавгай таргалах нь байтугай турж эхэлжээ. Өлссөн баавгай элбэгээр нь улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Шоргоолжинд альдегид хэмээх спирт бий. Тэрэнд нь согтсоор байгаад архины цагаан солио тусч хаашаа ч хамаагүй тэнэж юуг ч хамаагүй хийдэг.

Ийм баавгайг ард түмэн хорхойтсон баавгай гэж нэрлэдэг билээ. Баавгай ингэж хорхойтох үзэгдэл 1962,1971 онуудад мөн болж байсныг эрдэмтэд тэмдэглэж үлдээсэн байдаг. Үүнээс өмнөх жилүүдэд юу болж байсан нь манай орны хувьд бүрхэг.Гэвч энэ удаагийнх шиг айхавтар явдал урьд өмнө огт болж байгаагүй гэж нутгийн анчид толгой сэгсэрцгээдэгсэн. Хэнтийн их нуруу нь Төв, Сэлэнгэ,Хэнтий аймгийн нутгийг дамнан оршдог. Эндээс буусан баавгайнууд баруун тийш гэхэд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг хүртэл,70-80 км, өмнө чиглэлд Баян сумын нутаг төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 130 км, зүүн өмнө чиглэлд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Өгөөмөр бригадын нутаг хүртэл 200 гаруй км хол газар ил гарч гүйсэн байна.Тэд цагаан газар гарч ирээд эхэндээ айж балмагдан жигтэйхэн их давхидаг аж. Нэг ойгоос нөгөө ой руу гүйгээд орчихдог шигээ санана л даа.

Дараа нь цөхөрнө,ядарна. Бүүр сүүлдээ цагаандаа гардаг байна. Айлын эзгүй гэр хадланчдын майхан ухаж, идэж уучихмаар юм байвал цөлмөж дуусгана. Адуу мал руу ч халддаг. Тэр жилийн баавгайн хорхойтолтыг шинжлэх ухааны академи сум бүрээр нарийн судалгаа гаргуулж хохирлыг тооцсон байдаг юм. Судалгаанаас харахад Батсүмбэрийн зөгий үржүүлгийн газар хамгийн их хохирол амсчээ. Хужирт, Моност тохойн 40 бүл зөгийг сүйтгэж хамаг балыг нь идэж дуусгасан байна. Мөн Естийн рашаан их хохиролтойд тооцогдоно. Бурхны том байшинг нь нурааж бурхан тахил идээ будааг нь ёстой будаа болгож дууссан билээ.

Сүүлдээ рашаанчдын очдог замыг нь эзлэн авч, тав хоног гэр майхнаас нь гаргахгүй сахисан байдаг. Тэднийг анчид ирж аварчээ. Бас нэг золгүй явдал болжээ. Хагийн хар нуурын эрэг дээр Майдар дарга очиж ан хийж байх зорилгоор нэгэн байшин бариулсан юм байна. Тэр байшинд нь Мөнгөнморьтын хорихоос оргосон нэгэн хоригдол амьдардаг байж. Нуурнаас загасаа бариад идчихнэ. Самар жимсхэнээр бас гэдсээ хуурчихна. Гэтэл нэг өдөр хорхойтсон баавгай хүрээд ирлээ. Оргодол ч байшиндаа зугтан орж хаалга үүдээ дангинатал түгжээд бүгчихэж. Нэг хонож, хоёр хонож, нөгөө баавгай явдаггүй, үүдийг нь сахиад хэвтээд байж. Хэд хоносныг бүү мэд. Хожим нь хоригдол байшиндаа, баавгай үүдэнд нь турж үхсэн байсныг түүгээр явж байсан аянчин гөрөөчин хүмүүс илрүүлсэн юм. Хоригдол бугын шор эвэр атгаастай үүд рүүгээ мөлхөж байсан чигтээ өөд болжээ. Баавгай бас урьдаас нь архирсан байдалтай хатчихсан байж.

Хорхойтсон баавгай Улаанбаатар хүртэл тэнээд ирж билээ. Амгалангийн Материал техникийн хангамжийн баазын хашаанд, мөн Богд уулан дахь Төрхурахын үслэг ангийн аж ахуйн гал тогоо руу дайрч орж агнуулжээ. Бас Багануурын уурхайн тэслэх бодисын агуулахад баавгай орж иргэний хамгаалалтын бэлэн байдал зарлуулж байсан удаатай гэнэ. Хорхойтох үзэгдэл наймдугаар сарын дундаас арван нэгдүгээр сарын эхэн буюу бараг ичээнд орж дуусах үе хүртэл үргэлжилжээ. Олон зуун баавгай бууж ирсэн гэж үздэг бөгөөд харин ууландаа эргэж харьсан нь цөөхөн гэнэ. Хүмүүс ихэнхийг нь галзуурч, согтуурснаар нь далимдуулж агнаж устгаж арьс, өөх, доньт саврыг нь авч хоцорсон юм.

Баавгай хэнэггүй, зоригтой, бас нэрэлхүү. Нэрэлхүү нь бүүр хэт. Илт давамгай зэвсэглэсэн анчидтай тааралдлаа ч зугтана гэж байхгүй. ”Нэрэнд муухай юм даа” гэх шиг өөдөөс нь алхаж байгаад шүршүүлчихдэг. Гэвч тэрхүү хүчит араатан эрүүл “согтуудаа” ганцхан могойноос л айна. Юун нэрэлхэх барих. Могой харагдвал ухаан зулаггүй зугтаж арилдаг. Тэрэлжийн эхний айлууд энэнийг нь мэддэг тул тэр жил гэрээ тойруулж баахан зурмал могой өлгөчихсөн байдаг байж билээ. Баавгай нохой шуугиулан дөхөж явснаа зурмал могойг хармагцаа ум хумгүй буцан цогьдог байсан юм байх.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.