Comment.mn

Монголын онцлоггүй, моддын үнэргүй цэцэрлэгт хүрээлэн

Энэ сайхан талбайг диваажин болгох сэтгэл зүтгэл, хөрөнгө санхүү дутаж байна

“Би машин унамаар байна, харин дүүд дугуй унуулах уу” гэсээр хоёр жаал ээжийнхээ хажуунаас зүүгдэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар орлоо.

Цардмал замаар тааваараа алхах зуураа эргэн тойрноо хэсэг ажигласнаа мөнөөх хоёрын санаа нь хувирч “хөөсөн чихэр идье, зайрмаг авмаар байна” хэмээн ээжийгээ хоргоох нь хайр  татмаар сонсогдов. Хажуугаар мод усалгааны машин хоёр ч удаа давхиж өнгөрлөө.

Улаанбаатарчуудыг зуны цагт ганц агаар амьсгалуулдаг газар нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Их хотын зүүн урд хэсэгт чамгүй том талбайд орших эл хүрээлэн угтаа бидний чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн сайхан газар байх учиртай. Гэвч тус газрын багагүй хэсэгт харшлын эх үүсвэр болсон шарилж ургаж нүд, хамар нь загатнадаг харшилтай хүмүүсийг зугаалахын аргагүй болгож байна.

Хүрээлэнгийн мэргэжилтэн н.Алтансүхийн хэлж буйгаар талбай хариуцсан инженер, цэцэрлэгжүүлэгчид байсхийгээд устгадаг ч, том талбайн шарилжийг хэдхэн хүн гараараа зулгаан устгаж дийлэхгүй буйгаа цухас дурдлаа. Ойрмогхоноос КОИКА олон улсын байгууллагынхан тус хүрээлэнд 100 шар хуайс суулгахаар болжээ. Нийт 975 га талбай бүхий үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ойжуулахад хугацаа хэрэгтэй гэдгийг ажилтнууд хэлж байв. Дэлхийн аль ч улсын цэцэрлэгт хүрээлэнгээс том талбайтай гэдгээрээ манайх онцгой аж. Гэвч бид энэ сайхан талбайг нүд баясаж, сэтгэл тайвшрахаар тохижуулж хараахан дөнгөхгүй л сууна.

Оройн цагаар худалдаачдын хөлд дарагдаж эгээ л хар зах шиг болдог тус газар наймдугаар сарын 8-ны өдрийн 11.00 цагийн орчимд хүн зоны хөдөлгөөн багатай нам гүмхэн байлаа. Энэ жил хур элбэгтэй болоод ч тэр үү, цэцэг, ногоо сагсайтал ургасан харагдана билээ. Хамба хилэн лугаа том хүрэн ягаан сарнайрхуу цэцэг хаа нэг үзэгдэх нь нэн таатай. Хэдийгээр хотын мэдлийн хүрээлэн хэдий ч байгууллагууд өөрсдөө жижиг газар хариуцаж аваад тохижуулж яагаад болохгүй гэж. Тухайн газраа зөвхөн төгөл байгуулаад орхих биш байнга арчилж, хариуд нь байгууллагынхаа сурталчилгааг байршуулж, оруулсан хөрөнгө оруулалтынхаа шимийг хүртэж болмоор. Хэд хэдэн газар байгууллагуудын тарьсан төгөл харагдах боловч ийм том талбайд үнэндээ хангалтгүй санагдлаа. Жишээлбэл, “Мобиком” корпорац гэхэд л улаан, “Юнител” гэхэд ногоон гэрлээр тольдсон төгөл байгуулж яагаад болохгүй гэж. Байгуулсан төгөлдөө чимэглэл хийчихвэл бас л чамин харагдахаар санагдсаныг нуух юун.

Бид Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явсан иргэн Г.Самдантай уулзлаа. Тэрбээр “Манай цэцэрлэгт хүрээлэн мод багатай юм шиг санагддаг. Би өдөрт энд ирж хоёр цаг гаруй суудаг. Тойроод явахаар барагдахгүй том талбайтай ч тохижилт сайхан биш л дээ. Гэхдээ яахав, бидэнд ийм хэмжээний цэцэрлэгт хүрээлэн байгаа нь их юм. Бүгдийг нь худалдаад барилга барьчихсан бол хаана очиж цагийг өнгөрөөх билээ” хэмээв. Нээрээ ч цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбай үлдээсэнд нь талархах хэрэгтэй байх. Энэ сайхан талбайгаа бусад улсынх шиг диваажин болгох сэтгэл зүтгэл, хөрөнгө санхүү л дутаж байна.

НАМЫН ШАХААНЫХАН ШИРЭЭ ШИРТЭЖ СУУДАГ ГАЗАР НЬ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БИШ

Жил бүрийн мод тарих өдрөөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж очин ёс мэт хүрз шороо ухаж, хэдэн бут суулгадаг ч үнэндээ өтгөн сайхан ойтой болох болоогүй байна. Армаг тармаг жижиг мод нүдэнд торох ч гаднын орнуудтай ижил гайхам цэцэрлэгтэй болох хүртэл урт хугацаа орох бололтой.

Өнгө зүс нь гундлаа, хогийн ургамал нь дийлдэхээ болилоо гэж халаглахаас илүүтэй тэргүүлэгч компани аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоо шаардлагатай болов уу.

• Армаг тармаг жижиг мод нүдэнд торох ч гаднын орнуудтай ижил гайхам цэцэрлэгтэй болох хүртэл урт хугацаа орох бололтой. 

• Өнгө зүс нь гундлаа, хогийн ургамал нь дийлдэхээ болилоо гэж халаглахаас илүүтэй тэргүүлэгч компани аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоо шаардлагатай болов уу.

• Хэд хэдэн газар байгууллагуудын тарьсан төгөл харагдах боловч ийм том талбайд үнэндээ хангалтгүй санагдлаа.

Аливаа байгууллагын удирдагч бол шилдэг менежер байх ёстой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хөгжүүлэхэд ч гэсэн менежерийн мэргэн ухаан шаардах ажил шүү. Түүнээс намын нэг нөхрийн шахааны хүн оччихоод ширээгээ ширтээд сууж байдаг ажил биш байлтай.

Адаглаад л улс гүрнүүдтэй дипломат харилцаа тогтоосны ой болоход үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ойн дурсгалын төгөл байгуулж өгөөч гэсэн санал тавьж болно шүү дээ. Иймэрхүү санал санаачилгатай ажиллаж энэ том хүрээлэнг цэцэрлэгжүүлэхгүй бол жил бүр хэдэн мод тарьсан нэр зүүсээр суувал магадгүй 10 жилийн дараа ч сайхан хүрээлэнтэй болохгүй байх.

Хот өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа. Өвөлдөө утаан дунд манардаг манай хотод цэвэр агаар амьсгалах газар хамгийн чухал. Бас зуны налгар өдрүүдэд ч ойд очсон мэт сэтгэгдэл төрүүлэм газар хэрэгтэй гэсэн хэрэгцээ шаардлагын үүднээс үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан байлтай. Тиймээс тохижилт цэцэрлэгжүүлэлт төгс байх учиртай бус уу. Зарим хэсэг нь хүрхрээтэй, бас шувуу жиргэдэг бол заримыг нь жуулчдад зориулаад үндэсний уламжлалаа харуулсан хийц, загвартай тохижуулмаар санагдсаныг нуух юун.

НҮД ХУЖИРЛАХ ГАНЦ ТОХИЖИЛТ НЬ СӨҮЛ ХОТЫН НЭРЭМЖИТ ХЭСЭГ

БНСУ-ын Сөүл хотын үндэсний уламжлалыг илтгэсэн хана, сүүдрэвчтэй хэсэгт хүүхдүүд тоглох дуртайгаа хэлж байлаа. Учир нь энд бага насны хүүхдүүдэд зориулсан багахан талбай байх юм. Томчууд тоглож болохгүйг ч хатуу анхааруулсан самбар харагдана билээ. Зөвхөн 4-12 насны хүүхдүүд л тоглох бөгөөд хог хаяхгүй, тэжээвэр амьтан авч орохгүй байхыг сануулжээ.

Тус хэсэг рүү ордог хаалганы үүдэнд байрлуулсан самбар дээр ийн бичжээ.

“Сөүл хотын нэрэмжит талбайг 2009 оны зургадугаар сарын 26-ны өдөр хоёр хотын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу цөлжилтөөс хамгаалах ой мод байгуулах, Солонгосын уламжлалт ландшафтын үзэсгэлэнт байдлыг таниулах зорилгоор тохижуулсан болно” гэсэн байна. Хаалганы хажууд Сөүлийн бэлгэдэл амьтны хөшөөг босгожээ. Мөн эл хэсгийг тусгаарласан хананы тухай сонирхолтой зүйл бичсэн байв. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэн дотор хийсэн жижиг цөөрөм буюу банжи нь дөрвөн өнцөгт хэлбэртэй байдаг онцлогтой аж. Солонгосчууд эрт үеэс цөөрөм дотор загас тэжээж, бадамлянхуа цэцэг тарьж, орчны үзэмжийг сайжруулдаг, завь хөвүүлэн нааддаг байсан тухайгаа хажуугийн самбарт нь тэмдэглэжээ.

Энэ мэтээр бусад орнуудын онцлогийг харуулсан жижиг хэсгүүдийг тохижуулуулж болохоор байгаа юм.

БНСУ бол цэцэрлэгжүүлэлтийг төгс хийдгээрээ алдартай улс. Хогийн цэг болсон бүхэл бүтэн уулыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон диваажин болгосон ажилсаг ард түмэн. Яг үүн шиг Монголын түүх соёлыг харуулсан хөшөө, баримал, хээ угалзаар гоёсон үндэсний хэв маягтай орчныг байгуулах хэрэгтэй.

Дуу чимээнээс долоо хоногт 5-6 цаг хол байж тархиа амраах нь эрүүл мэндэд тустай

Уг цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг болсон “Нанжичон” паркт монос мод дүүрэн байдаг тухай зочилсон танил маань хуучилсан. Мөн загас, усны шувуудыг нутагшуулсан нь зочдод таатай сэтгэгдэл төрүүлдэг юм байна. Ер нь бид гаднын туршлагаас суралцаж хийхгүй бол өөрсдөө санал санаачилгаараа хийдэггүй ард түмэн шүү дээ. Тэгэхээр сайн жишээнээс хуулж амьдрах хэрэгтэй.

ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Хүн их хотын дуу чимээнээс долоо хоногт 5-6 цаг хол байж тархиа амраах нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай гэсэн зарчмыг дэлхийн улс орнууд ягштал баримталдаг. Энэ утгаараа цэцэрлэгт хүрээлэн нь ийм шаардлагад нийцдэг байх. Цэцэрлэгт хүрээлэнг жинхэнэ утгаар нь байгуулж чадсан улсын нэг бол Казахстан юм. Багагүй талбайг эзлэн орших цэцэрлэгт хүрээлэн нь зорьж очсон хүмүүст нам жим орчныг бүрдүүлж өгч чаддаг байна. Цэцэг алагласан талбайгаар алхаж, жимс үнэртсэн саглагар моддын сүүдэрт тухлан суугаад дуртай амттанаа идэх сэтгэлд нэн таатай хэмээн тус хотод амьдардаг найз маань нэгэнтээ ярьж байв. Казах түмний чөлөөт цагаа өнгөрөөдөг энэ цэцэрлэгт хүрээлэнд жуулчид ч зочлох дуртай аж. Манайхны сүүлийн үед очих дуртай болоод байгаа Австрали улсын Мельбурны Royal Botanic Garden л гэхэд дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэгд тооцогддог байна. Нийт 40.4 га талбайтай 50 мянга гаруй төрөл зүйлийн ургамал, нууруудтай энэ газарт Хятадын урд хэсэгт ургадаг ховор төрлийн ургамлуудыг нутагшуулжээ. Мөн хар хун, хонхот шувуу зэрэг амьтад амьдардаг.

Түүнчлэн АНУ-ын Сэнт Луйс хотын Forest Park хүмүүсийн сэтгэлийг соронз мэт татдагаараа онцлогтой. Бүхэл өдөржингөө тус цэцэрлэгт хүрээлэнд байгаад л баймаар, цаг хугацаа хэрхэн  өнгөрснийг ч анзаарахааргүй сайхан мэдрэмжийг орсон хүн болгондоо мэдрүүлдэг ойн дундах диваажин аж. 526 га бүхий газарт урлагийн музей, амьтны хүрээлэн, мөсөн гулгуурын талбайг хүртэл байгуулжээ.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.