Comment.mn

Б.Чойжилсүрэн: Матрын нулимс унагаад өөрийнхөө талаар ярьмааргүй байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019.08.12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм. 

Тус компани нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэдлийнх бөгөөд 2016 онд зарсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Засгийн газрын уг шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байр сууриа илэрхийлжээ.


–    Засгийн газар шуурхай хуралдаан зарлаж, буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?


–    Би компаниа олон нийтээс нуугаагүй. Энэ талаар нэлээд тайлбар хийчихсэн. Би 2010 онд долоо дахь жил дээрээ явж байсан лицензийг худалдаж авсан нь үнэн. Гэхдээ 2016 онд түүнийгээ шилжүүлж зарсан. Түүнээс хойш надаас шилжүүлж авсан залуучууд ашиглах гэж оролдож байгаад ингээд бүтэлгүйтчихлээ. 


–    Хохирлын хэмжээгээ гаргасан уу. Одоогоор хэдэн төгрөгийн хохирол амсаад байна вэ?


–    Надаас шилжиж байх үед энэ компани 57-58 тэрбум төгрөгийн зардал гаргачихсан байсан. Шилжүүлж авсаныхаа дараа 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.  Тэгэхээр тэр хэмжээний хохирол амссан гэж хэлж болно. 


–    Зарим сайд нар энэ уурхай анхнаасаа хууль бусаар явж ирсэн учраас нөхөн олговор олгохгүй гэж ярьж байна. Та нарын хувьд энэ мөнгөө төрөөс нэхэмжлэх үү?


–    Сүүлийн өдрүүдэд энэ талаар янз бүрийн шийдвэрүүд их л гарлаа. Эхний ээлжинд гаргасан шийдвэрүүдийг нь бичгээр буюу албан маягаар олж авъя.  Дараагаар нь шилжүүлж авсан залуучуудтай уулзаж, цаашид хэрхэнээ шийднэ. Ер нь Монгол улс хуультай. Энэ хуулиа л дагах байх гэж найдаж байна. Биелэх эсэхийг нь мэдэхгүй юм. Сүүлдээ бүр эргэлзэж байна шүү дээ.


–    Танай компани үнэхээр Засгийн газрын яриад байгаа шиг хэд хэдэн хууль  зөрчсөн юм уу. Тусгай зөвшөөрлийг авахдаа хүртэл хууль зөрчсөн асуудал байгаа юмуу?


–    Худал зүйлийг хэд давтахаар үнэн болдог гэдэг билээ. Тэр л болж байх шиг . Одоо энд олон зүйл нуршаад яахав. Тусгай зөвшөөрлийг нь яаж авснаас эхлээд өнөөг хүртэл хэрхэн ажилласан талаараа эмхэлж байгаад харуулъя. 


–    Энэ уурхайг цаашид өөр улстөрчид ажиллуулж магадгүй, учир нь энэ бол баялагийн тулаан байсан гэж зарим хүмүүс ярьж байна. Энэ хэр ортой вэ?


–    Цаашид өөр улстөрч авч ажиллуулна гэдэг юу л бол. Яагаад гэвэл энэ уурхайд миний нэр холбогдсоноороо эрсдэлд орчихож байгаа юм. Хэрвээ миний оронд гадаадын нэг компани эсвэл улс төрд байгаагүй хүн байсан бол асуудал иймдээ тултал босохгүй л байсан байх. Гол асуудал нь надад байгаа юм.


–    Тэгэхээр улстөржүүлж байна гэж харж байна уу?


–    Үйл явцыг харахад ойлгомжтой байгаа биздээ. Миний хувьд 2016 онд энэ компаниа зарсан. Гэхдээ надтай холбогдсоноороо тэр залуучууд монголын бизнесийн түүхэнд улс төрөөс шалтгаалж хэлмэгдсэн хамгийн том хэлмэгдэгчид болчихлоо. 


–    “Сауд гоби коэл транс” ХХК-ний тавин хувь нь Худалдаа хөгжлийн банкных гэдэг мэдээлэл байдаг. Энэ тал дээр тайлбар өгөөч?


–    Энэ талаар бичиг баримтаа харж байгаад ярьсан дээр байх. Ер нь бол 100 хувь миний мэдэлд байсан юм. 


–    Ер нь ийм зүйл болно гэж таамаглаж байв уу. Ерөнхий сайд хүртэл яасан их ханаж цаддаггүй шунал вэ гэж ярьлаа шүү дээ?


–    Би хөрөнгө оруулалтыг хамгаалдаг ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж боддог байлаа. Гэтэл тийм биш байж. Сүүлийн үед шуналын тухай хөндлөө. Бизнес хийж байгаа хүнд дараагийн бизнесийг өргөжүүлэх хүсэл байдаг. Миний үүсгэн байгуулсан “Хурд” компани зуны улиралд гурван мянга ажлын байр бий болгож, сард 6 орчим тэрбум төгрөгийн цалингийн зардал гаргадаг. Гурван сарын хугацаанд 18 тэрбум төгрөгөөс илүү зардал гаргадаг. Цалингаас гадна урсгал зардал гэж юм байна. Аливаа нэг компани ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд 3,4 сарын хугацаанд гаргаж буй зардлаа даадаг болох хуримтлалтай болохын төлөө ажилладаг. Бизнес хийж байгаа хүн ийм л эргэж буцаж болохгүй тойрогт орчихдог. Үүнийг бизнесийнхэн мөнгөний төлөө явж байна гэж ярьдаг. Улстөрчид ч ялгаагүй албан тушаалын төлөө тэмцэлддэг шүү дээ. Үүнийг улстөрчийн шунал гэх үү, амбиц гэх үү… 


–    Таны хамаарал бүхий компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах энэ үйл явцыг танай намын дотоод зөрчилдөөнөөс үүдэлтэй гэж харах хүн цөөнгүй байна л даа?


–    Нотлогдоогүй зүйл энд ярьмааргүй байна. 


–    Гэхдээ та бол улстөрд байгаа цөөн бизнесмэнүүдийн нэг. Яг иймэрхүү байдлаар төр хувийн хэвшил рүүгээ халдаад байх юмуу. Засгийн эрх барьж байгаа намын ерөнхий бодлого энэ асуудлыг зангидах ёстой юм биш үү?


–    Би бол хохирогчдын нэг. Матрын нулимс унагаад өөрийнхөө талаар ярьмааргүй байна. Олон нийт үүнд дүгнэлт хийнэ биз. 


–    Тост тосон бумбын нуруунд танайхаас гадна олон компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгвэл яагаад ганцхан танайхыг онцлоод байгаа юм бол?


–    Харин үүнд л гайхаад байна. Өмнө нь 9 уурхай байсан. “Сауд гоби коэл транс” ХХК 10 дахь нь. Одоо таван уурхай нээхээр хүсэлтээ өгчихсөн байгаа билээ. Гэхдээ би эдгээр компаниудтай барьцахгүй.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.