Comment.mn

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоног хорихоор шийдвэрлэлээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар өчигдөр үдэш гаргалаа.

Д.Эрдэнэбилэг, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон тэргүүтэй хүмүүсийг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр НПГ-аас яллагдагчаар тооцсон юм. Улмаар тэднийг цагдан хориулахаар тус газраас саналаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нар “Тус шүүхийн шүүгч нараас татгалзаж байна” хэмээснээр прокурорын саналыг шийдвэрлэж чадалгүй өчигдрийг хүргэсэн.  Уг нь энэ сарын 21-нд тэднийг цагдан хорих, эсэхийг хэлэлцэхээр болоход Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрээс татгалзсан. Шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүгч Б.Дуламсүрэнгээр шийдвэрлүүлэхээр томилсон ч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан бас л шүүгчээс татгалзсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэдний татгалзлыг ерөнхий шүүгч Ж.Болдбаатарт танилцуулахад шүүгч “хүлээн авах боломжгүй” гэж үзсэн бөгөөд дахин хэлэлцүүлэх болоход өмгөөлөгч нар нь “Хэрэгт хяналт тавьж буй прокуророос, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс татгалзаж байна” хэмээснээр Д.Эрдэнэбилэг тэргүүтэй дөрвөн хүнийг цагдан хорих, эсэх хурал гацчихаад байсан юм.

Харин өчигдөр үдэш тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар өөрөө НПГ-аас ирүүлсэн, Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар тооцон цагдан хорих саналыг нь хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй гэж үзэж яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж баталжээ. Улмаар Д.Эрдэнэбилэгийг АТГ-т буй тус газрын болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шөнө хүргэсэн юм. Харин өнөөдөр бусад холбогдогчдыг нь цагдан хорих, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр болсныг эх сурвалжууд мэдээлэв. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн шийдвэрийг Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нар эсэргүүцвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр гомдлоо гаргах гэнэ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.