Comment.mn

Нөхөн сонгуулийн гол дүр ба олны хэсэг

11 НАМ ОРОЛЦОХ Ч ӨРСӨЛДӨӨН ЦӨӨХӨН ХҮНИЙ ДУНД ӨРНӨНӨ

Хэнтий аймгийн 42 дугаар тойрог буюу Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын 12 мянган сонгогчийг парламентад төлөөлөлтэй болгох нөхөн сонгууль сар гаруйн дараа болно. Засгийн газрын нөөц сангаас 300-гаад сая төгрөг гарган зохион байгуулж буй УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор 13 нам СЕХ-нд бичиг баримтаа хүргүүлснээс МАН, АН, МАХН, ХҮН, ЗОН, Ард түмний олонхын засаглал нам, Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Дэлхийн монголчууд нам, Монгол консерватив нам, Үнэн ба зөв намыг бүртгэж, батламж гардуулсан.

Харин ИЗНН 2016 оны ээлжит сонгуулийн зардлын тайлан, холбогдох бусад баримт бичгийг хуулийн хугацаанд ирүүлээгүй, Монголын хүний төлөө нам баримт бичиг дутуу ирүүлсэн тул бүртгэхээс татгалзсан байна. Ийнхүү 11 нам нөхөн сонгуульд оролцох эрх авсан ч гол өрсөлдөөн МАН, АН, МАХН гэсэн цөөн намын дунд өрнөх бололтой.

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиас хойш парламентад суудалтай намууд, тэр дундаа эрх баригч хүчин хэрхэн ажилласан, олны дунд нэр хүнд, итгэл төрүүлэх чадвар нь хэр байгааг шалгах, 2020 оны ээлжит сонгуулийн өмнө улс төрийн хүчнүүдийн шандсыг сорих их “их сунгаа” нь Хэнтий аймгийн нөхөн сонгууль болно хэмээцгээж буй. Эрх баригч намынхан уг сонгуульд оролцохоор шийдсэн тухайгаа мэдэгдэхдээ ч “Улс төрийн намууд, улстөрчдийн рейтинг тогтоосон сонгууль болно гэж бодож байгаа учраас МАН хариуцлагатай оролцоно” гэсэн. Хар, цагаан пиар, их мөнгө сонгуулийн прогнозыг хэрхэн алга урвуулахын зуурт эргүүлж, судалсан, судлагдсан хэнийх нь ч таамаглаагүй үр дүн гаргахыг сүүлчийн хэдэн сонгуулиар бишгүйдээ харсан тул энэ удаагийн нөхөн сонгууль ирэх оны сонгуулийн өнгийг тодорхойлно гэж мэдэмхийрэх нь ч хаашаа юм. Харин өмнөх сонгуулиас хойших гурван жилийн хугацаанд хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлогод нь олон түмэн ямархуу дүн тавьж, хэрхэн хандаж байгааг тандах, ирэх сонгууль хүртэл ямар тактикаар ажиллах чиг баримжаагаа илүү тодорхой болгоход чухал ач холбогдолтой гэвэл илүү бодитой байх болов уу.

ГОЛ ДҮРД Н.ЭНХБАЯР, У.ХҮРЭЛСҮХ, Ж.ОЮУНБААТАР…

Намар, хаврын ганц, ганц чуулганд суух ганц хүн сонгохын тулд ийм их явдал суудал, зардал чирэгдэл болох хэрэг байна уу гэж жирийн иргэд бодож байж болох юм. Харин улс төрийн тайзнаа голлон тоглодог намууд тэгж үзэхгүй байгаа нь илт. Тэд нөхөн сонгуульд нэлээд ач холбогдол өгч байна. Том гэгдэх намуудын рейтинг түүхэн дэх хамгийн муу үзүүлэлттэй, нэр хүнд нь шороотой хутгалдсан, иргэд гуравдагч хүчнийг хүсэмжилсэн эргэлзээтэй, эгзэгтэй цаг үед энэ нөхөн сонгууль болж буйгаараа онцлог. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 65 суудал авч, Д.Гантулга базаахгүй хэрэгт орооцолдон өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзсанаар 64-үүл үлдсэн ч эрх баригч хүчин ямар ч шийдвэрийг хүч түрэн батлах үнэмлэхүй олонх хэвээрээ. Ганц суудлаар дутахааргүй олуулаа хэдий ч МАН-ын хувьд уг сонгуульд оролцох, түүгээр зогсохгүй ялалт байгуулахын төлөө зүтгэх гарцаагүй шаардлага бий.

2016 оноос хойш муу ажиллаагүйгээ, иргэд намд нь итгэсэн хэвээр байгааг одоо л харуулж, гурван жилийн өмнөх үнэмлэхүй ялалтаа бататгахгүй бол МАН улс төрийн хамгийн том хүчин гэж цээжээ дэлдэх хэрэг юу билээ. Тэр тусмаа Хэнтий нутгийн унаган хүү У.Хүрэлсүх нам, засгийн эрхийг хослон атгаж буй, өөрөө УИХ-д суудалгүй үед нь энэ нөхөн сонгууль болж байна шүү дээ. Дээрх зайлшгүй шаардлага нь давуу тал мэт харагдах ч үнэн хэрэгтээ гарах гарцгүй шахаанд оруулж, МАН болон удирдлагынх нь хувьд сандал дээр тавьсан зүү болоод байв. Намын дарга, Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн биш байж нутагтаа болсон нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэх нь хулчийсан хэрэг болох гээд, дэвшээд ялагдвал нам, засаг, хувь улстөрчийн нэрээ “баастаж”, бүр ч гутамшигтай байдалд орох болчихоод, өнгөрсөн жилээс хойш зүрх алдан шийрэгнэж, яахаа шийдэж чадахгүй сандруухан явсан.

Харин олон нийтийн хүсэлт, хүлээлтэд нийцүүлж, сүүлийн үед хийсэн “шударга ёсны төлөө” ажиллагаа үр дүнгээ өгч, У.Хүрэлсүхийн рейтинг өссөн судалгааны дүн гарсан нь түүний зоригийг чангалсан бололтой, түүнээс өөр ялалт авчрах нэр дэвшигч тодроогүй нь ч гарах гарцгүй болгоо биз, ямартай ч нөхөн сонгуульд нэр дэвших шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймагт, тэр дундаа өнгөрсөн зунаас хойш төрд төлөөлөлгүй болсон Жаргалтхаан сумд Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүнтэйгээ ажиллаж, асуудлыг нь газар дээр нь шийдэн, машин тэрэг бэлэглэж, сургууль, цэцэрлэг барьж өгөхөөр амлан бийлэгжүү загнасан нь энэ мэдээллийг бататгах шиг боллоо.

АН-ын хувьд ч Хэнтийн нөхөн сонгуульд ялах нь бүлэгтэй болохоос илүү ирэх сонгуулийн замаа засах том ач холбогдолтой. Тэртэй тэргүй сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа АН бүлэгтэй болсноор УИХ дахь бүлгийн ажлын албаа төсвөөс санхүүжүүлэхээс өөр онцын өөрчлөлт гарахгүй л болов уу. Харин нөхөн сонгуульд амжилттай оролцвол АН “амьд” гэдгээ сануулж, гишүүд, дэмжигчдийнхээ унтарсан урмыг сэргээгээд зогсохгүй 2020 оны ээлжит сонгуулийн аятайхан пиарыг эхлүүлэх юм. Тус намаас нөхөн сонгуульд нэр дэвшихээр горилсон хүн нэг биш байсан ч АН-аас явуулсан удаа дараагийн судалгаагаар Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар рейтингээрээ бусдыгаа ардаа орхисон тул түүнийг дэвшүүлэхээр тохиролцжээ. 2016 оны ээлжит сонгуулиар Д.Гантулгад “өвдөг шороодсон” тэрбээр энэ удаа илүү том улстөрчидтэй “зодоглох” нь.

Мөн улс төрд улам томорсоор буй гурав дахь хүчний хоосон орон зайг эзлэх хүсэлтэй намууд энэ сонгуульд итгэл найдвар дүүрэн оролцож байна. Нөхөн сонгуулийг аль ч талаас нь харсан сонирхолтой болгож буй, нөгөө талаас өрсөлдөгчдийнхөө зүрхэнд шар ус хуруулан, айлгаж байгаа хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Намынхан нь “Хэнтий аймгийн МАХН-ын дарга С.Ононбаяр, намын дэд дарга С.Ганбаатар, намын дарга Н.Энхбаяр нарын нэгийг дэвшүүлэхээр ярьж байгаа. Ойрын үед МАХН-ын бага чуулганаар нэр дэвшигчээ тодруулна” гэсэн мэдээлэл өгч буй ч Н.Энхбаяр нэр дэвших нь аль өнгөрсөн жил тодорхой болсон билээ.

Өнгөрсөн оны зургадугаар сард нөхөн сонгууль товлон зарласан УИХ-ын тогтоолыг ҮХЦ хүчингүй болгохоос өмнө тэрбээр “Ээжийн минь нутаг” хэмээн өөриймсөж, Хэнтий аймагт гэр барин тухалсан. Ингэж тойргоо усалж, сонгуулийн бэлтгэлээ базаасныхаа хэргийг энэ зун гаргахаар зүтгэх нь тодорхой. Түүний шийдвэр бол МАХН-ын шийдвэр юм.

Н.Энхбаяр Төрийн ордны гадна арван жил явахдаа гадаад улсаас ч, торны цаанаас ч Төрийн ордон доторх хэдийг сандартал улс төр хийсээр ирсэн. Тэр Төрийн ордонд орох “виз” авч, улс төрд албан ёсоор, саналын эрхтэйгээр эргэн ирвэл МАХН улс төрийн тайзнаа гол дүрд тоглох боломж нь илүү нээгдэнэ. Энэ удаагийн нөхөн сонгуульд ийм ашиг сонирхлууд өрсөлдөх нь ээ. Аливаа сонгуульд заавал ялах амбиц тээсэн гол дүрүүдээс бусад нь захиалгаар санал хуваах, нэр дэвшүүлээд тохиролцоо хийж, татах гэх мэтийн туслах дүр, олны хэсэгт тоглодог билээ.

Бэлтгэсэн: А.Амина

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.