Comment.mn

Дугаартайгаа шилжих үйлчилгээний ард ямар асуудал байгааг хуулийн байгууллагууд шалгах цаг болжээ

Улстөржилт хэрээс хэтэрч, төрийн систем сууриараа ганхаж байгаа энэ цаг үед иргэд, олон нийтэд нэн чухал шаардлагатай хэдий ч тодорхойгүй шалтгааны улмаас таг чиг болж дарагдсан нэгэн чухал асуудлыг УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы хуралдаан дээр сөхөв.

Энэ нь дугаартайгаа шилжих үйлчилгээ буюу “Mobile number portability”. Уг нь нэлээн хэдэн жилийн өмнө аль хэдийнэ дэлхийн ихэнх улс орнууд харилцаа холбооны салбартаа нэвтрүүлчихсэн энэ үйлчилгээг Монголд хэрэгжүүлвэл хэрэглэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар сайжирч, шинэ соёл төлөвшин бий болж, цаашлаад шударга өрсөлдөөний нөхцөл ч сайжирснаар салбарын хөгжилд томоохон дэмжлэг үзүүлнэ гэж дүгнэсэн. Улмаар УИХ-аар Харилцаа холбооны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан юм. УИХ-ын чуулганы танхимаас нийт монголчуудын алга ташин хүлээж авсан цөөхөн хуулиудын нэг л дээ.

Л.Болд гишүүн “Дөрвөн жилийн өмнө Харилцаа холбооны хууль батлахдаа гар утасны дугаар бол иргэний өөрийнх нь өмч юм аа гэж дэлхий нийтийн ойлголтын үүднээс авч үзсэн. Аль нэг үүрэн телефоны операторын барьцаалагдсан үйлчлүүлэгч байх нөхцөлийг халж хууль гаргасан шүү. Гэтэл одоо болтол хэрэгжүүлэхгүй юм. Үүрэн холбооны компаниудаасаа болоод байгаа юм уу, төрөөсөө болоод байгаа юм уу. Төрийн байгууллага нь үүнийг хийхийг хүсэхгүй, үүний цаана лобби үйлчлээд байна уу, цаашдаа энэ хуулийг хэзээ хэрэгжүүлэх юм” хэмээн хатуухан асуусан ч чуулганы хуралдаанд оролцсон холбогдох мэргэжилтнүүд хариулт болохуйц зүйл нэгийг ч хэлж чадсангүй бөөрөнхийлөөд өнгөрч байна лээ.

Учир мэдэх хүмүүс дугаартайгаа шилжих үйлчилгээ Монгол Улсын харилцаа холбооны салбарт нэвтрэхгүй байгаа асуудлын цаана энэ салбарын монополь компаниудын лобби үйлчилж байгаа гэлцдэг юм билээ. Үгүй бол яагаад холбогдох хууль, журмыг нь УИХ-аар баталж өгөөд, дугаартайгаа шилжих үйлчилгээний төв байгуулах шийдвэрийг нь Засгийн газраас гаргасаар  байхад хэдэн жилийн турш энэ үйлчилгээ хэрэгжихгүй, сураг алдарсныг ХХЗХ-ны дарга Г.Чинзориг өөрийн биеэр чуулганы хуралдаанд ирж тайлбарлах ёстой болжээ. Үнэхээр ч хэрэглэгчдийн зүгээс хүлээсээр байгаа ч тодорхойгүй шалтгааны улмаас гацчихаад буй дугаартайгаа шилжих үйлчилгээг ажил хэрэг болгож чадахгүй байж дараа дараагийн шинэ хуулиуд нь батлагдаад ч ажил хэрэг болгож чадах уу.

Хэрэглэгч үйлчилгээ авч байгаа үүрэн телефоны оператор компаниа солих тохиолдолд ашиглаж байгаа дугаараа өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олон улсад хэдийнэ нэвтрүүлээд энгийн асуудал болчихсон гэдгийг хэдэн жилийн өмнө холбогдох хуулийг нь батлахдаа хангалттай л ярьсан, сонссон.

Монголд эдийн засгийн ямар үр дүн авчрах вэ гэдгийг ч олон улсад нэр хүнд бүхий “NERA  консалтинг” компанийн боловсруулсан аргачлалаар үр өгөөжийн тооцооллыг хийж үзсэн байдаг. Ингэхэд тус үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлсэнээр арван жилийн хугацаанд хэрэглэгчдэд 212.3 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний өгөөж авчрах боломжтой гэсэн дүн гарсан байна. Дагаад гар утасны хулгай, дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ч боломжтой гэнэ. Хамгийн чухал нэг асуудал бол тус үйлчилгээ нэвтэрснээр “Үндэсний сүлжээ” буюу “Nation roaming” үйлчилгээг ч мөн ашиглах боломжтой болох аж. Энэ нь “А” операторын хэрэглэгч сүлжээгүй болсон үед “Б”  операторын сүлжээг ашиглаж болно гэсэн үг.

Харин гадаад орнуудын хувьд энэ үйлчилгээг 1990-ээд оны дунд үеэс л улс орнууд нэвтрүүлж эхэлсэн. Тухайлбал, 1999 онд Хонконг энэ үйлчилгээг нэвтрүүлээд арван жилийн дотор 461 сая хонконг долларын өгөөж хүртсэн байна. Түүнчлэн Британийн хэрэглэгчийн нийгэмлэгээс “British Telecom” компанийн хэрэглэгчийн 70 хувь нь дугаартайгаа шилжих үйлчилгээг авах хүсэлтэй байгааг судалгааны үр дүнд олж мэдээд 1999  оноос тус үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд арван жилийн дотор цэвэр дүнгээрээ 14.3 тэрбумтай тэнцэх хэмжээний өгөөж хүртсэнийг “NERA Консалтинг” компани мэдээлж.

БНСУ дугаартайгаа шилжих үйлчилгээг 2004 онд нэвтрүүлж шударга, тэнцвэртэй өрсөлдөөнийг хангах зорилгоор оператор тус бүрийн зах зээлд эзлэх хувиас хамааруулан шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлсэн байна. Ингэснээр маркетингийн ширүүн өрсөлдөөнийг бий болгосноор үнэ тариф нь тодорхой хэмжээгээр буурч эцсийн эцэст хэрэглэгчид л хожжээ. Энэ мэтчилэн өнөөдрийн байдлаар дугаартайгаа шилжих үйлчилгээг дэлхийн 80 гаруй улс орон харилцаа холбооны салбартаа нэвтрүүлээд байгаа аж.

Гэтэл манай улсын хувьд нөхцөл байдал өөр байгаа жишээг Засгийн газар, ХХЗХ хэзээ эцэс болгох хэрэгтэй. Чадахгүй бол төрийн байгууллагууд үүрэн холбооны компаниудын лоббид автаад байгаа эсэхийг хуулийн байгууллагууд нэн яаралтай анхаарлаа хандуулж шалгахаас өөр гарц үлдсэнгүй.

Х.Соёл

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.