Өчигдөр Улсын Дээд шүүх МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Харин энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биед халдсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан бөгөөд бид энэ талаар МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн,  МАХН-ын Тамгын газрын дарга бөгөөд нарийн бичгийн дарга Н.Уламбаяраас тодрууллаа.

–          Өчигдөр УДШ-ээр МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэх эсэхийг хэлэлцэх шүүх хурлын дараагаар УИХ-ын гишүүний биед халдсан гэх мэдээлэл байгаа. Энэ асуудалд та намаа төлөөлж албан ёсны байр суурь илэрхийлнэ үү?

–          УДШ-ийн байрны гадна биш дотор маргаан болсон. Гэхдээ зодоон болоогүй. Тухайн шүүх хуралд суух эрх бүхий этгээд О.Баасанхүү биш. Яагаад гэвэл намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх шүүх хуралд тухайн намын итгэмжлэгдсэн төлөөлөгч л оролцдог. О.Баасанхүү итгэмжлэгдсэн төлөөлөгч биш болохоор хуралд оролцох эрх бүхий этгээд биш. Энэ шүүх хуралд гуравдагч тал гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл шүүн таслах ажиллагаа биш, шүүх улсын бүртгэл хийж байгаа үйл ажиллагаа учраас  гуравдагч тал гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас намын итгэмжлэгдсэн төлөөлөгч биш энэ хүнийг гаргаж өгөөч гэж шүүх хуралд оролцогчид хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээн авч, хангах эсэхийг шийдэхээр шүүх хурал завсарласан. Эргээд шүүх хурал орж, хүсэлт хангах эсэхийг танилцуулах гэж байхад О.Баасанхүү маргаан үүсгэж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан, одоо гүйцэтгэх товчооны гишүүнээр ажиллаж байгаа Э.Эрдэнэжамъяаныг сандлаасаа бос гэж цохиж нудрах асуудал гаргасан. Тэр үед би арын эгнээний баруун талд сууж байсан учраас харсан болохоор “Чи болиоч ээ” гэсэн шаардлага тавихад над руу болон шүүх бүрэлдэхүүн рүү салаавч гаргаад “Энд Н.Энхбаярын болон Лүндэндоржийн  томилсон шүүгч нар үйл ажиллагаа явуулах гэж байна. Тийм учраас би энэ шүүх бүрэлдэхүүнд итгэхгүй байна. Шүүгч нар захиалгат шийдвэр гаргах гэж байна. Магадгүй худалдагдсан шүүгч нар байна. Би шүүх бүрэлдэхүүнээс татгалзмаар байна” гээд орилоод хашгираад байсан. Тэгэхэд нь би “Та суугаач ээ. Шүүгч удаа дараа шаардлага тавьлаа ш дээ” гэхэд  над руу “Май чи,  май чи, май чи” гээд 2-3 удаа салаавч гаргаад  над руу орилоод цохих гэхэд нь шүүхийн танхимд байсан цагдаа намайг хамгаалсан.  Улмаар бид маргалдсан бөгөөд шүүгч намайг шүүх хуралдаанаас гар гэсэн. Намайг шүүх танхимаас гарах гэж байхад зодох гэж над руу дайрсан, тэр үед О.Баасанхүүгийн туслах н.Уужим гэж залуу байсан. Туслах нь намайг бариад, цагдаа нь О.Баасанхүүг барьж байсан ийм л процесс болсон.

Энэ процессыг Монгол улсын дээд шүүхийн иргэний танхимын шүүгч н.Цагаанцоож, н.Цолмон, н.Алтанчимэг нар харж байсан. Шүүх хуралдааны үеэрх бичлэг өнөөдөр УДШ-д байгаа. Шүүхийн нарийн бичиг, цагдаа гээд маш олон гэрчтэй. Тэгэхээр О.Баасанхүүг зодсон цохисон асуудал байхгүй. Харин О.Баасанхүү УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг хэтрүүлж зөвшөөрөлгүйгээр  хурал хуралдаанд дайрч орж ирээд зогсохгүй шүүх, шүүх бүрэлдэхүүнийг үл хүндэтгэн, бусдыг доромжилж танхайрсан.

Эндээс Монголын шүүх хүчгүй болсон юм байна. Хэн дуртай нь шүүх хуралдаанд оролцоод шүүхийг үл хүндэтгэдэг болсон юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Өөрөөр хэлбэл шүүгч нарт асуудал байгаа учир хэн нэгнээс айж байна. Шүүх асуудалтай болсон байна.

Бид нар шүүх хуралдаанд орохдоо бүгд утсаа унтраагаад цагдаад шалгуулсан. Гэтэл О.Баасанхүү утсаа унтраах нь битгий хэл цагдаад шалгуулаагүй. Шүүх хурал дээр утсаар ярьж байгаа нь шүүх хурлын бичлэг дээр байгаа.

–          УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй болохоор зөвшөөрөл авсан аваагүй орох эрхтэй юм биш үү?

–          УИХ бол хууль тогтоох засаглал, засгийн газар бол гүйцэтгэх засаглал. Шүүх өөрөө тусдаа бие даасан засаглал. Тиймдээ ч төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтад байдаг. Тэгэхээр шүүх хуралд хэн дуртай нь орохгүй. УИХ-ын гишүүн бол хууль тогтоох засаглалын гишүүн бөгөөд зөвхөн зөвшөөрлийн дагуу  л шүүх хуралд орно.  Эрхээ хэтрүүлж байгаа энэ үйлдлийг нь шүүх хараад хуралдаанд оруулах уу үгүй юу гэдгээ шийдэх гэж л завсарласан. УИХ-ын гишүүн шууд ордог байсан бол шүүх завсарлах шаардлага байхгүй.  Өөрөөр хэлбэл шүүх завсарлахгүйгээр УИХ-ын гишүүн болохоор  суух эрхтэй гэж мэдэгдэх л байсан. Тийм биш учраас шүүх бүрэлдэхүүн завсарласан.

–          Гэхдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүний биеийн байдал тааруу байна гэсэн мэдээлэл байгаа. Шүүхийн танхимд та маргасан юм байна. Шүүхийн танхимаас гараад зодолдсон юм уу?

–          Шүүх хуралдаад эцсийн шийдвэрээ гаргахаар завсарласан. Энэ үед О.Баасанхүү гараад явсан. Бид шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг хүлээх гээд  танхимд байж байсан. Зодуулсан  асуудал бол байхгүй, УДШ-ээс өөрийнхөө хөлөөр зүгээр гараад явсан.

–          Шүүх болон шүүх бүрэлдэхүүнийг доромжилсон гэдгийг тодруулбал,

–          Шүүх хурлын танхимд шүүгч нар О.Баасанхүүд “Та суу” гэж шаардлага тавьж байхад шаардлага биелүүлээгүй. Шүүх рүү болон над руу олон удаа салаавч гаргаж байгаа нь камерт бичигдэн үлдсэн.

Монголын шүүх өнөөдөр хараат болсон байна.  О.Баасанхүү орж ирээд шүүх бүрэлдэхүүнийг “Та нар шийдвэр гаргах чадамжгүй хүмүүс. Яагаад гэвэл Н.Энхбаяр, Лүндэндоржийн  томилсон шүүгч нар, та нар захиалгат шийдвэр гаргана гэдэгт би итгэж байна. Та нар худалдагдсан шүүгч нар” гэж доромжлоод салаавч гаргахад шүүгч нар сууж л байна.  Шүүх хурлын үеэр утсаар ярьж байгаа бичлэг байхад шүүх юу ч хийж чадахгүй байна.

Тиймээс би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст О.Баасанхүүгийн асуудлаар өргөдөл өгсөн байгаа.

–          Зодоогүй юм бол яагаад зодсон гэсэн асуудал яригдаад байгаа юм бэ?

–          Намар хүнд зодууллаа гээд О.Баасанхүү хэвлэлийн хурал хийж л байсан. Тэрний урьд Б.Тулгад зодууллаа гээд хэвлэлийн хурал хийж л байсан. Мөрөн дээр нь гараа тавиад юм ярьсны төлөө  зодлоо гэдэг. Ээлжит ийм юм л явж байна.

–          Цаашид яах бодолтой байна вэ?

–          УИХ-ын гишүүн шүүх   бүрэлдэхүүнийг доромжлоод, салаавч гаргаж, шүүгчийн шаардлагыг удаа дараа биелүүлэхгүй танхайрч байгаа нь өөрөө шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг УИХ-ын гишүүн үйлдсэн баримт нь байвал эргүүлэн татдаг. Би О.Баасанхүүг эргүүлэн татах хүртэл л явна. Энэ бол зүгээр нэг зөрчил биш, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг юм.

– Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэдгийг тодруулбал? 

– Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлд Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх тухай байгаа. Энэ зүйлийн

1.Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчийг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг дээд шатны албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд дарамт шахалт үзүүлж, давуу байдал бий болгож, бий болгохоор амлаж, ятгаж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Эрүүгийн хуулийн тайлбарт  “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно гэж байгаа.

Хэдийгээр Улсын дээд шүүх Эрүүгийн хуулийг тайлбарлах ёстой ч дээрх заалтыг УИХ өөрөө  хуулиа батлахдаа тайлбарласан байгаа.

О.Баасанхүүгийн хувьд өөрийг нь хуралд оролцуулах эсэх асуудлаар шүүх бүрэлдэхүүн  шийдвэр гаргах гэж байхад хэн нэгэн рүү утсаар ярьж “Намайг шүүх хуралдаанд оролцуулахгүй гээд байна шүү” гэж ярьж байгаа нь, шүүх танхимд салаавч гаргаж “Худалдагдсан шүүгч нар” гэж шүүх бүрэлдэхүүнийг доромжилж байгаа нь энэ зүйл заалтад хамаарч байгаа юм.

Энэ асуудалд хуулийн мухардал гэж байхгүйг  эхнээс нь хэлчихье.