Comment.mn

Согтуу Д.Дагвадорж “Дүнжингарав”-ыг будлиантуулж, өөрийнхөө морьдыг түрүүлүүлж, 16 хүүхдийн аминд хүрэх шахсан баримтууд

2018-03-18-ны өдөр Дүнжингарав уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт болсон. Харамсалтай нь энэ удаагийн уралдааны бүх нас будлиантай болсон байна. Будлианы “хөрөнгөөр” Таван толгой трансын захирал, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж тодорсон юм.

Тэрбээр морь барианы комисст орсон бөгөөд өөрийнх нь хүлэг азарганы 6-р байранд орсон байтал айрагдсан таван морийг хасаж өрийнхөө морийг түрүүлүүлсэн. Үүгээр ч зогсохгүй их насны хурдан морины уралдаанд өөрийнх нь  морь  наймаар орж ирж байхад мөн л айрагдсан морьдоос хасаж, будлиантуулсаар түрүүлүүлсэн байгаа юм.

Харин соёолон насны уралдаанд эрлийз, монгол адуугаа ялгахгүй уралдуулж асар их будлиан үүсгэсэн. Ингэснээр Ажнай Бат-Эрдэнийн морийг түрүүлж уяачид болон наадмыг үзэхээр ирсэн хүмүүсийн зэвүү дургүйг хүргэсэн юм. Азаар эрлийз морины уралдаанд ямар нэгэн будлиан одоогоор ороогүй байгаа юм.

Хүн бүр айргийн тавд хэний морь орсныг харсаар байхад яг одоо Дүнжингарав уралдааны  азарга болон их нас, соёолонг байлахдаа будлиан хийснээ ил болгож байгаа нь уяачдын зэвүү дургүйг хүргэсэн аж. Тиймээс уяачид байлж буй газар нь эсэргүүцлээ илэрхийлж байна.

Энэ жилийн Дүнжингарав уралдаан зохион байгуулалт муутай болсныг  үзсэн хүн бүр хэлж байна. Тухайлбал дөрөвхөн насны морь уралдаж байхад гурав нь будлиантсан. Мөн сүүлийн уралдаан нь  харуй бүрий болж байхад өндөрлөсөн.  Үүнээс болж ойлгомжгүй үйл явдлууд их гарсан.

Мөн уралдааны зохион байгуулах комиссын гишүүн н.Лхамсүрэн болон Д.Дагвадорж индэр дээрээс  “Та нар муусайн хулгайчууд, эргүү мал, тэнэгүүд” гэж микрофоноор удаа дараа орилж уяачид үзэгчдийг доромжилж үгийн муухайгаар харааж байсан байна. Тодруулбал, индрийн өмнө микрофон барьж байгаад цагдаагаар хамгаалуулж, өөрсдийнхөө хүмүүсийн морьдыг хүчээр түрүүлүүлсэн бөгөөд шударга байсангүй гэж эсэргүүцсэн хүмүүсийг “адгуус, эргүү, тэнэг” гэх мэтчилэнгээр хэлэх хэлэхгүйгээр хараан зүхсэн байгаа юм. Ингэхдээ Таван толгой трансын захирал, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж, зохион байгуулах комисст багтсан Лхамсүрэн нар согтуу байсан бөгөөд өнгө мөнгөөр “зодсон”  гэдгийг хэлэх хүмүүс байна. Хэрвээ ингэж өнгө мөнгө, найраа орох юм бол анхнаасаа энэ уралдааныг Дүнжингарав биш Өмнөговийн Таван толгой-Ажнай наадам гэж нэрлэсэн ч болохоор байна.  Ер нь ингэж будлиан орох юм бол уралдаан зохион байгуулах шаардлага байгаа эсэхийг зохион байгуулах комисс бодолцоно биз…

Хэрвээ уралдааныг анхнаас нь зохион байгуулалттай хийсэн бол 407 хүүхдээс 16 нь  мориноос унаж гурван хүүхэд эмнэлэгт хүргэгдэхгүй байх байсан. Дүнжингаравт 10-13 насны хүүхдүүд морь унасан бөгөөд хууль журмаараа бол 12-с дээш насны хүүхдүүд морь унах ёстой. Өөрөөр хэлбэл уяачид дүрмээ зөрчиж 12-с доош насны хүүхдээр морь унуулсан. Ингэхдээ өөр хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлсэн байгаа юм.  12 нас хүрээгүй хүүхдүүдийг уралдуулсан уяач нарт зуун мянган төгрөгийн торгууль ногдуулна. Өөр хариуцлага хүлээхгүй. Мөн будлиан хутгаж,  зохион байгуулсан ММСУХ ямар ч хариуцлага хүлээхгүй.

Мөн зохион байгуулалт сайтай байсан бол харанхуй шөнө уралдуулахдаа гэрэлтүүлэг хийх боломж байсан. Нөгөө талаас тоос босгохгүйн тулд газрыг чийглэх сэтгэл ММСУХ-ныхонд дутсан. Үүнээс болж хүүхдүүд ингэж бэртэхгүй байх байсан.

Морь байтугай машин уралдахдаа хүртэл замаа чийглэж тоос босохоос сэргийлдэг. Гэтэл ММСУХ-ныхонд сэтгэл үнэхээр дутсан юм. Зохион байгуулагчдын зүгээс сэтгэл дутсан нэг үйлдэл нь 100 морийг 200 машин дагасан үйлдэл байв. Морины уралдаан уу машины уралдаан уу гэдгийг хурсан олон ялгаж чадаагүй.

Өнөөдөр ММСУХ мэдээлэл хийнэ гэсэн боловч мэдээлэл хийхээ гэнэт болив. Үүнээс нь хутгасан будлианаа хэрхэн тайлбарлах аргаа олохгүй байгаа бололтой гэсэн хардлага эрхгүй төрж байна.

Цагдаа нар хамгаалалтад гарсан ч гэсэн хүч хүрэлцэхгүй чардайсан гэдгийг тэнд байсан эх сурвалжууд хэлсээр байна.

“Дүнжингарав” уралдаантай холбоотогоор ММСУХ-ны тэргүүн, УИХ-ын дарга М.Энхболд өөрийн цахим орчинд мэдэгдэл хийсэн байх юм. Тодруулбал,

“-Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан, “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч гэсэн Олон нийтийг бухимдуулж, оройтож морь мордуулсан, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна.

-Цаашид дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуцлага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцох асуудлыг холбооны Тэргүүлэгчид, ММСУХ-ны Их Хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэх болно.” Гэжээ.

Үүнээс үзэхэд ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж, уралдааны зохион байгуулах комиссын гишүүн С.Лхамсүрэн нар хариуцлага хүлээх нь  тодорхой боллоо. Тэд гэмтсэн хүүхдүүдийн эрүүл мэнд, шударга бусаар түрүүлүүлсэн будлиантай уралдааны хариуцлагыг хүлээж, индэр дээрээс уяачид, унаач хүүхдүүд, хурсан олныг согтуугаар доромжилсон  үйлдэлдээ уучлалт гуйх нь цаг хугацааны асуудал болж байна.

Хэрвээ ММСУХ унаад байгаа  нэр хүндээ өсгөх гэж байгаа бол халамцуу гөлөмцүү байхдаа уралдаан будлиантуулсан ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж, уралдааны зохион байгуулах комиссын гишүүн С.Лхамсүрэн нартаа хариуцлага тооцож, тэднээр уучлалт гуйлгаж, уралдаанаа шударга шүүж, дараа дараагийн уралдаануудын зохион байгуулалтад анхаарал хандуулахын зэрэгцээ хууль дүрэм журмыг дахин зөрчихгүй  гэж Монголын ард түмэнд амлах хэрэгтэй.

Бид Дүнжингарав уралдааны дүн болон будлианы талаар эргэж мэдээлэх болно.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.