Comment.mn

Сэтгүүлчийнхээ хувьд үгээ хэлэх эрх чөлөөгөө оллоо

Өчигдөр буюу 2018 оны хоёрдугаар сарын 8-нд МСНЭ-ийн 17 –р их хурал хуралдаж, миний бие 2011 оноос хойш хашсан МСНЭ-ийн Ерөнхийлөгч хэмээх хүндэт албаа дараагийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярт өглөө.

Оны өмнө л ярилцлага өгөхдөө хэлж байсан ёсоороо тамгаа авч зулралгүйгээр газар дээр нь гардууллаа. Хадаг, мөнгөн аяга энэ тэр бэлдсэнгүй ээ. Харин 1951 оноос хойш өөрийн байргүй явсан байгууллагынхаа анхны үл хөдлөх хөрөнгө болох 43 амметр офисын зориулалттай байрны гэрчилгээн дээр тавьж өглөө. МСНЭ-гээ ямар ч байсан толгой хоргодох оронтой болгоно гэж өмнөх их хурал дээр амласнаа биелүүллээ.

Их хурал их ширүүн боллоо. Элдэв хэл ам, цуу яриа ч их тарлаа. Яг юу болоод өнгөрөв гэдгийг бодитоор нь өгүүлье дээ.
МСНЭ-ийн Удирдах зөвлөл 2018.01.08-нд хуралдаж ээлжит их хурлаа 2018.02.08-нд хийхээр товлож, үүнийгээ нийтэд албан ёсоор зарлаж, их хурлын бэлтгэл зохион байгуулалтыг хангах асуудлыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч болон ажлын албанд даалгасан. Үүний дагуу өөрийн вэбсайтдаа “МСНЭ-ийн ээлжит XVII их хурлыг 2018 оны хоёрдугаар сарын 08-ны Пүрэв гарагт хуралдуулахаар МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаас товлосон болохыг үүгээр зарлан мэдэгдэж байна. МСНЭ-ийн гишүүд, гишүүн байгууллагууд 2018.01.20-ны дотор татварын болон бусад тооцоогоо барагдуулна уу! МСНЭ-ийн ажлын алба. 2018.01.09” http://cmj.mn/news/238–.html гэсэн зар манайх байршуулсан. Бусад сувгаар ч хэл хүргэж, зар тараасан.
Удирдах зөвлөлийн дараагийн хурлаа 2018.01.22-нд хийж Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох асуудлыг хэлэлцээд

1. Телевизийн салбараас 70 (Нийт төлөөлөгчдийн 22.9 хувь)
2. Радиогийн салбараас 30 (Нийт төлөөлөгчдийн 9.8 хувь)
3. Сонин, сэтгүүлээс 50 (Нийт төлөөлөгчдийн 16.3 хувь)
4. Сайтуудаас 50(Нийт төлөөлөгчдийн 16.3 хувь)
5. Сургалт судалгааны салбараас 20 (Нийт төлөөлөгчдийн 6.5 хувь)
6. Орон нутгийн хэвлэл мэдээллийн 55 (Нийт төлөөлөгчдийн 18 хувь)
7. Ахмад сэтгүүлчдээс 30 (Нийт төлөөлөгчдийн 9.8 хувь)
– нийт 305 төлөөлөгчтэйгээр хуралдахаар болсон.

Их хуралд оролцох гишүүдийг сонгохдоо:

1. Татвар төлсөн байдал (2017, 2018 он)
2. МСНЭ-ийн үйл ажиллагааг дэмжиж оролцож ирсэн идэвх оролцоог гол шалгуур болгоно
3. Их хурлын төлөөлөгч нь аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагад харьяалалтай байна гэж тогтсон.

Ажлын алба энэ шийдвэрийн дагуу маргааш нь албан ёсоор зараа гаргаж, Удирдах зөвлөлийн олонхийн саналын дагуу татвар төлөлтийн сүүлийн хугацааг 2017.01.29-ний Даваа гараг болгосноо бас мэдэгдсэн. http://cmj.mn/news/241–xvii-.html

Энэ зуур МСНЭ мандатаа өөрийн гэсэн хүмүүстээ нууцаар тарааж байна, Галаарид ганцаараа шийдэж байна, тодорхой ханшаар зарж байна зэрэг худал мэдээллүүд зохион байгуулалттайгаар цацагдаж эхэлсэн. 2018.02.05-ны өдөр буюу манай Удирдах зөвлөлийн сүүлчийн хурлын өмнөх өдөр нь сэтгүүлч Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлгээр МСНЭ болон миний тухай бүтэн цагийн яриан дунд ч мандат аль хэдий нь тараагдчихсан байгаа, уг нь их хуралд оролцож үгээ хэлмээр байгаа ч өөрсдөд нь мандат олдох боломжгүй байх гэсэн утгаар ярьцгаасан.

2018.02.06-ны өдөр Удирдах зөвлөл сүүлчийн хурлаа хийж, их хурлаа хэрхэн зохион байгуулах, мандат хуваарилах асуудал хэлэлцсэн. Миний зүгээс татвараа хариуцлагатай төлсөн, МСНЭ-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг гишүүддээ эн тэргүүнд мандат олгоё гэсэн санал тавьсан. Хуралд оролцсон Удирдах зөвлөлийн 8 гишүүний нэг нь энэ саналыг дэмжиж, үлдсэн 7 нь санал нэгтэйгээр эсэргүүцсэн. Орон нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч Ц.Шаравдорж “Монголын сэтгүүлчдийн эрхийг татвараар хаан боогдуулж болохгүй” гэдэг үндэслэл гаргасныг бусад нь дэмжсэн. Ингэснээр татварыг мандат авах үедээ төлсөн ч болно, сэтгүүлчдийн оролцоог хангая гэж олонхоороо тогтсон. Гэхдээ их хурлын төлөөлөлийг 10 сэтгүүлчээс 1 төлөөлөгч гэсэн зарчмаар сонгосон юм чинь татвараа төлсөн 10 сэтгүүлчээс 1-д нь мандат олгоно гэж тохирсон.

Мөн мандат хуваарилах ажлыг мэргэжлийн төвүүд шийднэ, Ажлын алба техник ажлыг нь хийж гүйцэтгэнэ гэж олонхоороо шийдсэн. Ингэснээр телевизийн салбарын 70 мандатыг ямар телевиз, гишүүнд өгөх эрх УЗ-ийн Телевизийн төвийн дарга Ц.Оюундарь, радиогийн салбарын 30 мандатыг Радиогийн төвийн дарга Б.Баярсайхан, сонин сэтгүүлийн 50 мандатыг Сонин сэтгүүлийн төвийн дарга Д.Заяабат, сайтуудын 50 мандатыг Цахим мэдээллийн төвийн дарга Ж.Жаргалсайхан, сургалт судалгааны салбарын 20 мандатыг Сургалт судалгааны төвийн дарга Ж.Батбаатар, орон нутгийн хэвлэл мэдээллийн 55 мандатыг Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Шаравдорж, төвийн дарга Энхбаатар нар хариуцан хуваарилах болсон. Их хурлын төлөөлөгчдийн 9,8 хувь болох ахмад сэтгүүлчдийн 30 мандат хуваарилах үүрэг Ажлын албанд ногдсон. Өөрөөр хэлбэл, надад нэг ч мандат хуваарилах эрх байгаагүй. Оролцохыг хүсээ ч үгүй.

Ахмад сэтгүүлч, МУСГЗ Галсангийн Жамъян гуайн захидал https://www.facebook.com/profile.php?id=100008789648865 2018.02.06 буюу МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлын өдөр МСНЭ-ийн ажлын албанд ирсэн. Ахмад хүний хүсэлтийг хүндэтгээд би ганцхан түүнд л урилга өгсөн. Энэ их хуралд миний шийдэж оруулсан ганц зочин бол Г.Жамъян гуай байв.

Их хурлын төлөөлөгчдийн нэрс зарим төвүүдээс өгөх нэрс удааширснаас болж 2018.02.07-нд нэлээд оройтож тодорхой болсон бөгөөд ажлын алба бүгдэд нь бичилт хийж өгсөн байдаг.

Их хурал дээр хоёр асуудлаас болж маргаан дэгдсэн. Нэг дэх нь Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан “Зиндаа”-гийн Х.Мандахбаяр МАН-ын гишүүн тул болохгүй гэдэг үндэслэл. Энэ сэдвээр өрнөсөн маргааныг Х.Мандахбаяр 2017.12 дугаар сард МАН-ын гишүүнээс татгалзсан баримтаа Их хурлын тэргүүлэгчдэд хүлээлгэн өгснөөр үндсэндээ тасалсан гэж болно.

Дараагийн маргаан нь их хуралд миний оруулсан дүрмийн төсөл. МСНЭ-ийн удирдлага нам бус байна гэдэг заалтыг хассан, гишүүдийнхээ хууль ёсны бизнесийн ашиг сонирхлыг хамгаална гэсэн хэмээх хоёр үндэслэлээр буруутгасан. МСНЭ улстөрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш, тэгээд ч манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд МСНЭ-ийн зүгээс улстөрийн чиг үүрэг өгвөл хүлээж авахгүй дархлаа аль эрт тогтчихсон, тийм болохоор салбарынхаа тулгамдсан асуудлаар шийдэл гаргахад улстөрийг бид ашиглах ёстой, Монголын төр энэ салбарын хөгжилд анхаарал тавих үүрэгтэй гэсэн тайлбарыг минь эсэргүүцсэн, нэг намд аваачиж тушаах гэлээ гэсэн дайралтад бухимдсандаа “Улстөрийн бүх намын төлөөлөл байсан ч яадаг юм” гэсэн адралт маань хэсэг өдөр тутмын сонины холбооны төлөөлөгчдийн хувьд хурал хаяж гарах сайхан шалтаг болсон. Энэ үгийг маань өлгөж сошиалаар түгээж буй мэдээллүүдийг хараад “Санаатай өдөлтөд адарч асаж байдаг би мөн “ухаантай” хүн ээ!” хэмээн өөрийгөө шоолж сууна. Ухаарч үл дуусах хорвоо хойно яая гэхэв…

Хоёр өдрийн өмнө буюу 2018.02.06-ны Удирдах зөвлөлийн хурал дээр энэ дүрмийн төслийг алагаараа харж, араваараа тэмтэрч Их хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж байсан МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь, Д.Заяабат, Ц.Шаравдорж, Энхбаатар, Наранбаатар нар маань тэднийг даган хурал орхиход л энэ бол дүрмэндээ биш, шалтагтаа байгаа юм байна гэдгийг би ойлгосон. МСНЭ-ийн гишүүн байгууллагуудад зориулсан “Хэвлэл мэдээллийн салбараас олж буй хууль ёсны бизнесийн ашиг орлого, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бизнесийн үйл ажиллагаа, ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалуулах” гэдэг томъёоллоо би буруу гэж үзэхгүй. Хэвлэл мэдээлэл бол бизнес мөн гэдэг үнэний хаагуур нь гарах гээд байна аа?

МСНЭ-ийн их хурал өглөө нь 232 төлөөлөгчтэйгээр эхэлсэн. Хэсэг нөхөд хурал орхисны дараа төлөөлөгчдөө тоолж үзэхэд танхимд мандаттай төлөөлөгч 188 үлдсэн, ирц хангалттай учраас хурлын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэн дүрмээ баталж, Ерөнхийлөгч, Бага хурал, Хяналтын зөвлөлөө баталсан. Ерөнхийлөгчид Х.Мандахбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Д.Энхтуяа нар нэр дэвшин өрсөлдсөн. Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад 181 хүн оролцсон. Өөрөөр хэлбэл ирц хангалттай байсан. Товчхондоо ийм л юм болж өнгөрлөө. МСНЭ бодвол албан ёсны мэдээгээ түгээх байлгүй. Түүнээс биш албан бус мэдээллүүд бол янз бүр л байна даа. Их хурлын төлөөлөгчдийн 9,8 хувь нь ахмадууд байхад 80 хувь нь хөгшчүүд цугласан байна гээд л их хурлын төлөөлөгч нь өөрөө жиргээд сууж байгаа үед албан бус мэдээлэл, мушгин гуйвуулсан мэдээлэлд итгэх нь өөрийгөө л хуурсан хэрэг болно.

Ийнхүү миний бие МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгчихөөд 2008.02.06-ны үдшийн зөөлөн зөөлөн буух цасан хялмаан дор хэдэнтээ гүнзгий амьсгаа аваад амраг хань, алаг үрсдээ очихоор хөлсний тэргэнд гар өргөн суух үед “За ингээд би гэдэг хүн сэтгүүлчийнхээ хувьд үгээ чөлөөтэй хэлэх эрхтэй боллоо” гэсэн баярт бодол сэтгэл эзэмдэв. Яагаад гэвэл МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд хэлэх хэлэхгүй үг, хийх хийхгүй үйл гэсэн хориг хязгаар нь эгэл сэтгүүлчээс хамаагүй их билээ.

Сэтгүүлч Б.Галаарид
2018.02.09.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.