Гандангийн хэвийн боов гэхээр л сайн гэж бүү бод

Монголын Гандан сүтэгтэн олны сүсэг бишрэлийг төлбөртэй үйлчилгээ болгоод удаж байна. Ном унших бүрийг тарифтай болгосон боловч буцаагаад ард олондоо соён гэгээрүүлэх ажил хийж байгаа зүйл огт байхгүй байна.

Сүүлийн жилүүдэд сүсэгтэн олны хандивласан шар тосоор боов хайрч Гандангийн боов нэрээр борлуулдаг болоод бас уджээ. Гандангийн нэг буланд эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд гадуур хувцастай гандангийнхаа шавь нараар гурилаа нухуулж, боов хайрч хийж байгааг хяналт шалгалт хийдэг газар байна уу?

Сүсэгтэн олны сүсэг бишрэлээр хийсэн энэ мөнгө хэний халаасанд орж байгаа вэ? Гандангийн ойр орчмын айлууд Гандангийн нэр барьж маш бохир орчинд боов хийж, иргэдийг хохироож байгааг яах ёстой вэ?

Өнгөрсөн оны өдийд Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх шалгалтаар Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандангийн орчимд байгаа хэвийн боовны 6 цэг, үйлдвэрлэлийн 3 цехийг хамруулахад хэвийн боовыг хаана хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, зориулалтын бус сав баглаанд савласан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд тухайлбал автомашины арын багааж, контейнерт худалдаалсан, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн орчин нөхцөл хүнсний технологи, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй, ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.7, 10.1.9 дэх заалтуудыг зөрчсөн зөрчилүүд илэрч байсан билээ.

Энэ жил ч мөн баяр ойртож байгаатай холбогдуулан шалгалтаа сайн хийж, хэрэглэгчдэд амт, чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүний сонголт хийхэд нь дэм болоосой.