Comment.mn

Селена Гомес: Хэзээ ч битгий бууж өг

Дуучин Селена Гомес өнгөрсөн есдүгээр сард бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон билээ. Тэрбээр 2015 оноос хойш “lupus” буюу чонын хөрөвдөс гэх өвчинтэйгөө тэмцсэн бөгөөд тус өвчин нь түүнийг бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхэд хүргэсэн байна.

Энэхүү үрэвсэл нь бие мах бодийн системд нөлөөлдөг бөгөөд тэр дундаа үе мөч, арьс, бөөр, цусны эс, тархи, зүрх, уушги гэх эрхтэнд хортой нөлөө үзүүлдэг аж. Селенад “The Secret Life of the American Teenager” цувралын жүжигчин Франсиа Райса гэх найз нь бөөрөө өгсөн. Селена Гомес өөрийн “Instagram” хуудастаа “Миний зарим шүтэн бишрэгч намайг шинэ уран бүтээлээ сурталчлахгүй мөн олон нийтийн өмнө гарахгүй байгааг анзаарсныг би мэдэж байгаа.Би “lupus” (чонон хөрөвдөс) өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болсон. Үүнийг эрүүл мэндийнхээ төлөө заавал хийх ёстой байсан юм. Өнгөрсөн хэдэн сарын турш өөрийнхөө туулсан бүхнийг би тун удахгүй та бүхэнтэй хуваалцана гэж найдаж байгаа. Гэхдээ үүнээс өмнө би өөрийн гэр бүл болон гайхалтай эмч нарын багт миний төлөө хийсэн бүх зүйлд нь талархал илэрхийлмээр байна. Эцэст нь, би өөрийн гайхалтай найз Франсиа Райсадаа хэрхэн талархаж байгаагаа илэрхийлэх үг үнэхээр олдохгүй байна. Тэр надад бөөрөө хандивласнаар үнэлж баршгүй бэлэг барьж, бас маш том золиос хийлээ. Чамдаа хайртай шүү” гэж бичсэн. Тэгвэл тэрбээр саяхан найз Райсагийнхаа хамт “NBC” телевизэд өөр шигээ өвчнөөр шаналж буй хүмүүст сэтгэлийн дэм өгөх үүднээс богино хэмжээний яриа өгчээ.

-Ярилцлагаа хагалгаанд орохоос өмнө төрсөн мэдрэмжийн талаар эхлүүлье. Айсан уу эсвэл сандарч байв уу. Бүр эсрэгээрээ хийсэн сонголтдоо эргэлзэж байсан уу?
-Райса: Би сонголтдоо огтхон ч эргэлзээгүй. Өөрийгөө зөв газраа байгаа гэдэгтээ итгэлтэй байсан учир аз жаргалтай, тайван байсан.
-Селена: Харин би бол маш их сандарч байсан. Үхэх үү, амьдрах уу гэдгийг шийдэх асуудал шүү дээ.
-Донор болох санааг анх  хэн гаргасан бэ. Мэдээж Райсагийн хувьд  бөөрөө  өгнө гэдэг тийм ч амар зүйл биш. Мөн Селенагийн хувьд ч гэсэн сайн найзаасаа эрхтнийг нь авна гэдэг амаргүй?
-Райса: Миний санаа байсан. Өнгөрсөн хоёрдугаар сард би киноны зураг авалтаа дуусгаад Селенагийнд очсон юм. Тэр савтай усны таглаа ч онгойлгож дийлэхгүй болтлоо сульдчихсан байсан. Тухайн үед тэр сэтгэлээр маш их уначихсан донор олдохгүй гэдэгт бараг итгэлтэй болчихсон байсан. Тэр үед би шинжилгээ өгөөд үзье гэж бодсон юм. Тэгээд л шинжилгээ өгсөн. Гэтэл бид хоёрын бүх зүйл яг таарч байсан.
-Селена: Би үнэхээр их гайхсан. Нэг талаас донор олдсонд нөгөө талаас хамгийн сайн найз маань миний донор болох гэж байгаад.
-Та хоёрын туршлага олон хүнд сэтгэлийн дэм өгөх байх. Тиймээс яг болсон процессын талаар арай дэлгэрэнгүй ярина уу гэж хүсмээр байна?
-Райса: Донор болох хүн бие махбодийн төдийгүй сэтгэл санааны хувьд цоо эрүүл байх ёстой гэдгийг маш сайн ойлгосон. Бүх эд эрхтэн, эд эс нь шүү дээ. Хэрвээ жаахан л асуудалтай байвал хэн хэний маань амь нас  эрсдэлтэй байдалд очно. Би маш олон шинжилгээ өгсөн. Эхэндээ  ямар ямар шинжилгээ өгсөнөө санаж байсан одоо бол тоогоо алдсан учир заримыг нь бараг санахгүй байна.  Энэ бүх шинжилгээг өгч асуудалтай зарим нэг зүйлийг эмчлэхэд зургаа орчим сар зарцуулсан.
-Селена: Бөөрний донор олдохыг удаан хүлээсэн. Хүлээхээс өөр сонголт  байхгүй  байсан учир шаардлагатай бүхий л бэлдмэл, эм тариаг цаг тухайд нь хэрэглэж байлаа. Заримдаа бууж өгөх үе ч байсан. Тохирсон донор олно гэдэг хамгийн хэцүү. Гэр бүлийнхэн минь бүгдээрээ шинжилгээ өгсөн ч хэн нь ч таараагүй.
Хэрвээ Райса байгаагүй бол би одоо ч донор хайсаар л байгаа байх. Ядаж л тохирсон донор оллоо гэхэд  донор маань эрүүл байх ёстой. Энэ хамгийн чухал нь.
-Райса чамд “Би яг юу хийгээд байна вэ, эсвэл юу хийчих вэ” гэх бодол өнгөрсөн хугацаанд төрж байв уу?
-Райса: Үгүй ээ. Би хийсэн зүйлдээ хэзээ ч харамсахгүй.
-Селенад бөөрөө өгөх чиний шийдвэрийг гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ. Охин нь бусдад бөөрөө өгөх гэж байгаа нь тийм ч таатай байгаагүй байх?
-Райса: Селена бид хоёр багаасаа найзалсан. Тэр манай гэр бүлийн нэг гишүүн л гэсэн үг. Селенагаас өөр хүнд бөөрөө өгнө гэсэн бол гэр бүлийнхэн маань хүлээн зөвшөөрөхгүй байсан байх. Харин Селенад өгнө гэсэн болохоор хэн ч юу ч яриагүй.
-Та хоёрын нөхөрлөлөөр үнэхээр их бахархаж байна. Одоо та хоёр нөхөрлөлөөс гадна бие махбодийн хувьд ч холбоотой боллоо?
-Селена: Тийм ээ.
-Дэлхийд алдартай “super star”-ийн өвчинтэйгээ хийсэн чимээгүй тэмцлийг дэлхий дахин мэддэг боллоо шүү дээ?
-Селена: Миний насны  эмэгтэй энэ бүгдийг давж гарна гэдэг тийм ч амаргүй. Энэ бүгдийг давж гарахад минь одоогийн миний хүрсэн энэ өндөрлөг их чухал нөлөө үзүүлсэн. Би маш шаргуу хөдөлмөрлөж өнөөгийн энэ амжилтдаа хүрсэн. Тиймээс бүхнийг зүгээр л орхихыг хүсээгүй. Түүнчлэн энэ үед би хэн нэгний өчүүхэн бага тусламж бусдад ямар их хэрэг болдог вэ гэдгийг ойлгосон. Над шиг өвчнөөр эсвэл хорт хавдраар өвчилсөн хүмүүст эд эрхтэнээ бэлэглэнэ гэдэг бол үнэхээр аугаа зүйл. Хүн бүр над шиг азтай байхгүй байх л даа. гэхдээ бууж өгч болохгүй гэдгийг би сайн ойлгосон.  Тиймээс хүмүүст хандаж хэзээ ч битгий бууж өгөөрэй гэж хэлмээр байна.
-Одоо та хоёрын биеийн байдал ямар байгаа вэ?
-Селена: Хагалгаа зургаа орчим цаг үргэлжилсэн. Эрхтэн шилжүүлэх мэс заслын үр дүн хагалгааны дараах эмчилгээнээс шууд хамаардаг. Эрхтэн шилжүүлэн суулгасны дараа дархлаа дарангуйлах 2-3 төрлийн эмийг насан турш ууна. Түүнчлэн хоолны дэглэм барих шаардлагатай. Одоогоор миний бие харьцангуй тогтвортой байгаа. Цусны даралт зэрэг биеийн зарим үзүүлэлт хэвийн болсон.
-Хэзээнээс уран бүтээлээ хийж эхлэхээр төлөвлөж байгаа вэ?
-Селена: Сайн хэлж мэдэхгүй байна. Эхлээд биеэ бүрэн эдгээх хэрэгтэй байх. Гэхдээ тун удахгүй гэж найдаж байна.

ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД 350 МЯНГА ГАРУЙ ХҮН БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН

Бөөр шилжүүлэн суулгах мэс засал дэлхийн хамгийн түгээмэл мэс засал бөгөөд зөвхөн АНУ-д л гэхэд  нэг жилд 19 мянган хүн бөөр шилжүүлэх хагалгаанд ордог бөгөөд тэдний гуравны нэг нь амьд донор буюу Селена шиг гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхдөөсөө авдаг бол гуравны хоёр нас барсан хүний донор эрхтнийг шилжүүлэн суулгадаг байна. Түүнчлэн одоогийн байдлаар 100 мянга орчим өвчтөн  бөөрний донор олдохыг хүлээж байгаа бөгөөд энэ тоо жилд 3000 орчмоор нэмэгддэг ажээ. Одоогоор дэлхийн хэмжээнд  350 мянга  гаруй бөөр шилжүүлэн суулгагдсан амьдарч байгаа бөгөөд, зарим хөгжилтэй оронд шилжүүлэн суулгасан бөөрний хэвийн үйл ажиллагаа  таван  жилийн дараа ч 90-95 хувьтай байдаг аж. Харин манай улсад бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 1996 онд хамгийн анх хийсэн бөгөөд 2006 оноос хойш 136 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн байна. Үүнээс 12-ыг нь цогцосны донороос бөөр шилжүүлэн суулгажээ. Түүнчлэн нэг жилийн дотор 100-140 хүн бөөрний дутагдалд орж байгаа нь гурван сая хүн амтай манай улсын хувьд өндөр тоо юм.

Үндэсний шуудан сонин

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.