“Муухай монгол хүн”-ий тухай өмнөх ба өнөөгийн бодол


Монгол хүний мах цусанд шингэсэн муухай ааш араншинг харьцангуй эрт олж харж, өөрийнхөө ажиглалт ойлголтын хэрээр хэд хэдэн өгүүлэл бичиж, нийтлүүлсэн юм. Сайхан, муухай чанар бол ганц Монголд биш бүх улс үндэстэнд байдаг шинж.

Монгол их бичгийн хүн Инжинашийн “Хөх судар” -таа хойд газрын муу муухайн тухай 12 зүйл тодорхойлолт бичсэнийг судлаач Д.Ганхуягийн товч ерөнхий тайлбарын хамт жагсаажээ. Инжинаш эхлээд манай байгаль орчин, мал сүргийн талаар газар орон нь шороон хөрсгүй, уул нь оройгүй усан урсгалгүй, морь мал нь догшин, зэрлэг, тэрс гэх зэргээр хачирхалтай тодорхойлолт өгсөн байна.

Өнөөгийн Монголыг гаднаас нь харахад харанхуй, бурангуй, болхи бүдүүлэг, зэвүүн заваан, жигшүүртэй, соёлгүй гэж хэн ч хэлэхгүй. Хятад, африк хүнээс ногооны ч юм уу эвгүй үнэр гардаг бол манайхны заримаас мах, айраг үнэртэж мэдэх ч хир үнэртэх нь юу л бол. Социализмын үед зохиосон “Соёлын довтолгооны” ачаар манай ахуй, аж төрөх хэвшил, боловсрол, эрүүл мэндийн салбарт үнэхээр том эргэлт гарсан юм. Түүнд оролцогчдын нэг нь би. Хүмүүсийн мэдлэг, боловсрол, мэдээлэл Инжинашийн үеийнхтэй харьцуулшгүй. Хөмөрсөн тогооны доторхи шиг харанхуй байсан бол одоо нар руу зоосон антен шиг гэрэл гэгээтэй болсон билээ.

Ажил эрхлэх, нийгэмшихийн хувьд, ахуйн цахилгаан төхөөрөмж, машин техник эзэмшихэд ч асар их өөрчлөлт гарсан билээ. Өнөөдрийн өнгөтэй өөдтэй бүхний эхлэл, үндэс суурь соёлын довтолгооны үед тавигдсан бөгөөд улам хөгжиж цэцэглээд байгаа нь энэ. Гэхдээ нарийн яривал манайд но… их бий.

Инжинаш Монгол муухай онцлогоо бүхнээс урьтаж олж хараад жигшихийн дээдээр жигшиж, түүнээс нүүр буруулан хамааралгүй амьдарч болохыг өөрийн биеэр үзүүлж өгчээ. Монголчууд зан заншил, ёс суртахуунаа дархлан бүтээж ирэхдээ өөрсдийн үл үзэгдэгч согогийг илчлэн харуулсан олон үнэт сургаал хойч үедээ өвлүүлэн үлдээжээ. Ялангуяа хүүхдийг эд мөнгөөр эрхлүүлж эвдэн “эрхийн тэнэг” болгохыг машид цээрлэн болгоомжилж иржээ.

Социализмын үед хүмүүсийн хүмүүжил, зан төлөв ямар аядуу найрсаг байсныг би мэднэ. Гэтэл энэ цагийн эринд эрх, эрх чөлөө, хүний эрхээр оодорч туйлсан танхи нэгэн үе, орчин бий болж, олон намын балгаар хүмүүсийн ааш араншин ихээхэн өөрчлөгджээ. Түүхэнд Монгол чанарыг сайн таньж, арга эвийг олсон гурван этгээд байж гэж би боддог юм. 1. Чингис хаан 2. Төвдүүд 3. Ардын хувьсгалчид. Чингис хаан, ардын хувьсгалчид Монголыг мандуулж дэлхийд таниулсан бол Төвдүүд Монгол уусамтгай, даган баясагч чанарыг овжин ашиглаж, шашнаар мунхруулж Монгол толгойг Төвд толгой болгон эрэлхэг дайчин ааг омгийг нь идэвхгүй номой байдлаар сольж мөхлийн ирмэгт хүргэсэн билээ.

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, эвлэлдэн хуйвалдах эрх дарх, хүний эрх буруугаа өмгөөлөн хаацайлах хөшиг болоод байна. Дээдсийн хүрээлэнд бол дэврэх даврах дээд зэргийн чамирхал болсон ажээ. УИХ-ын гишүүдэд ажил, хурал таслах ер юу ч биш юм байх. Л.Н.Гумелёвын тодорхойлсон өнөөх “дэврүүн ааш” гээч нь энэ юмсанжээ.
Монголчуудын хэлэлцэж ярилцах нь хэрцгий догшин, омог бардам гэж Инжинашийн хэлсэн үг УИХ- ын хуралдааны ажиллагааг өөрийн эрхгүй санагдуулдаг юм. Эндээс цацагдсан хэрүүлийн хар энерги иргэдийн толгойг эргүүлэн хордуулдаг нь яалт ч үгүй үнэн. Удаа дараагийн УИХ хэчнээн ч засгийн толгойг хазав даа. Тэглээ гээд ажил сайжирч байсан удаагүй, улс орон хохироод л үлддэг. Хүн нь хүнээ тоохоо больсон, ядуу чадуугийн туйлд хүрсэн, төр нь дотроо талцсан, намууд нь бие биенээ үзэн яддаг, ард иргэдээ алагчилж үздэг, эдийн засаг нь доройтсон, дөнгүүр нь доройгоо мөлждөг ховдог шунахай, ардаг танхай ийм л орчйнд бид амь зууж байна шүү дээ.
Монгол муухай зан хүнээ төртэй нь хамт “эвдээд” дуусч буй бус уу. Төр нь хардаггүй юм гэхэд амьдрал өөрөө хаана юу болохгүй байгаа, ямар ажил, өөрчлөлт хийх хэрэгтэйг хэлээд өгч байна шүү. Энэ тэр улсын жишиг гэж бусдыг хуулж дууриалгүй олон намын тогтолцоог зоригтой халж, улс нийгмийн хувь заяаг хэнтэй ч хуваалцалгүй даагаад явчих маш чадварлаг, хариуцлагатай, алс хэтийн нэгдмэл бодлого зорилготой зангидмал төр хэрэгтэйг амьдрал, хөгжил шаардаж байна. Хуучнаар хийж сэтгэх цаг өнгөрчээ. Хууль гаргахаас гадна өөрчлөн байгуулах ажил их байна. Төрийн тогтолцоо, хүнийхээ сэтгэл санаанд эргэлт гаргахгүйгээр өнөөдрийнхөө хог новштой зууралдаад бид хол явахгүй нь ээ. Би хүн ямар байна, төр нийгэм тийм байна, буцаад бас тийм байна гэсэн дархлаатай болсон хүн. Төрд ажиллагчид түрүүлээд эвдэрдэг, буруугаа бусад буюу төр луу түлхдэг бол хүн ямар болсныг харуулж буй нэг үзүүлэлт юм.
Монгол муухай үл үзэгдэгчээ олж харж дүйвээнээр шуурдаг, даган хуйлардаг хийрхүү, яаруу тэвдүү, бачуу цухал өвчнөө ичээнд нь оруулъя. Зөвхөн оюун ухаан, хүч чадал хэмээх хоёр гоц гойд бэлэн боломжоо бүх нийтээрээ бүрэн ашиглаж ирсэн бол Монгол өдийд илүү өндөр төвшинд хүрэх байжээ. Залхуудаа дийлдэн бие, сэтгэл, толгойгоо ажиллуулахгүй атаршуулдгаас бид бүх боломжоо царцааж иржээ. Хүн үнэн нүүр царай, хэр хэмжээгээ танин мэдэж, өөрийгөө хүмүүжүүлж эзэгнэхийг өнөө үе шаардаж байна.

Ахмад сэтгүүлч Г.Далантай