Comment.mn

Мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүллээ

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өчигдрийн хуралдаан 20:45 цагт эхэлсэн. Эхлээд Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах 15 сайдаас 11 сайдын нэрийг өргөн мэдүүлснийг энэ сарын 22-ны өдөр баталсан. Харин Засгийн газрын үлдсэн дөрвөн гишүүнийг томилуулах асуудлыг Ерөнхий сайд өчигдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Энэ тухайгаа Ерөнхий сайд танилцуулаад Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэрэг болохыг дурдлаа.

Ерөнхий сайд эхлээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилуулах саналаа танилцуулав. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороодын өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэнг томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцээд дэмжсэн тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцуулсан юм.

Ерөнхий сайдын танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, Г.Занданшатар, Б.Энх-Амгалан, А.Баделхан, Б.Жавхлан, Ц.Гарамжав. Л.Энх-Амгалан, М.Билэгт, С.Чинзориг, Д.Сумъяабазар, Ж.Батзандан нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Ингээд П.Сэргэлэнг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 56 нь буюу 96.6 хувь нь дэмжлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томилуулах саналыг хэлэлцлээ. Салбарын сайдыг томилуулах тухай асуудлыг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан юм. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр салбарын сайдад нэр дэвшигчийг дэмжсэн байна.

Ерөнхий сайдын танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, А.Баделхан, Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж, Н.Оюундарь, Б.Жавхлан, Б.Ундармаа, Ц.Гарамжав, Б.Батзориг, С.Эрдэнэ нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувь нь Г.Мөнхбаярыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилохыг дэмжсэн юм.

Дараа нь Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Аюушийн Цогцэцэгийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Салбарын сайдыг томилуулах тухай асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд санал нэгтэй дэмжсэн талаархи тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.

Ерөнхий сайдын танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Энхболд, Н.Оюундарь, Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа, Б.Жавхлан, З.Нарантуяа, Д.Тэрбишдагва, М.Билэгт, Б.Саранчимэг, М.Оюунчимэг нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.4 хувь буюу 56 гишүүний 54 нь А.Цогцэцэгийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилуулах саналыг дэмжлээ.

Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар Пүрэвжавын Ганхүүг томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэв.

Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсны дараа гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн. Тухайлахад Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, О.Батнасан, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Ц.Гарамжав, А.Сүхбат, Б.Баттөмөр, Д.Сумъяабазар, А.Баделхан, Д.Хаянхярваа, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Н.Нямбаатар нар нэр дэвшигчийг дэмжиж буйгаа хэлээд цаашдын ажилд нь амжилт хүсч зарим захиас зөвлөгөө өгсөн юм. Ингээд Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар П.Ганхүүг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.7 хувь нь дэмжсэнээр УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдлээ.

Засгийн газрын танхим бүрдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэж өгсөн явдалд Улсын Их Хуралд талархал илэрхийлээд Засгийн газар улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн бодит байдлын талаархи мэдээллийг олон нийтэд үнэн бодитойгоор хүргэж, шуурхай, ил тод байх зарчмыг баримталж ажиллах болно гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг танхимаараа хэлэлцэн нэн яаралтай Улсын Их Хуралд өргөн барина гэдгээ хэллээ.

Мөн Чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар С.Даваасүрэнг томилох тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 88.9 хувиар, Үндэсний статистикийн хороо/ҮСХ/-ны даргыг томилох тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 94.3 хувийн саналаар дэмжин баталлаа.

Түүнчлэн О.Эрдэмбилэгийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох тухай асуудлыг хэлэлцэн 53 гишүүнээс 48 нь буюу 90.6 хувийн саналаар дэмжин баталлаа.

Д.Билгүүн

Эх сурвалж: Bataar.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.