Comment.mn

УИХ-ын шинэ гишүүдийн хэн нь юу хэлэв?

Шинэ парламентыг бүрдүүлэхээр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардсан зарим гишүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.
Жавхлан ялаагүй Монгол ялсан юм шүү
УИХ-ын 54-р тойрог, Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, сонгогдсон С.Жавхлан:
-Та шинэ УИХ дахь цорын ганц бие даагч боллоо. Ирэх 4 жилд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Монголын тал нутагт Хамаг Монголд хүртэл дэлхийгээр цацсан шагай шиг хүмүүс маань чих тавин сонсч хүлээж байлаа. Зөвхөн Монгол биш хамаг монголчууд сонсч байсан. Тойргийнхоо нийт түмэн олондоо баярлалаа. Монгол дээлтэйгээ очиж сонгуулиа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Монгол яллаа. Жавхлан ялаагүй юм шүү.
Миний ярьж явдаг Монгол ёс заншил, мартагдаж байгаа үүх түүх соёл минь яллаа. Энэ ялалтууд цаашид үргэлжилнэ. Монголын төлөө би чөтгөртэй ч хамт нийлнэ гэж ярьдаг байсан. Монголын төлөө бол хэнбугай ч, нам эвсэл ч хамаагүй ээ. Харамсалтай нь Монголд асар их талцал байгаа шүү дээ. Энэ муухай талцалыг оёж эвцэлдүүлэх чиглэлийг барьж ажиллана.
-Та энэ дунд дээлтэй ирсэн ганц хүн байна. Чуулганд ч бас дээлтэйгээ суух уу?
-Тэгнэ. Ер нь эд нарыг бүгдийг нь дээл өмсгөж сургана. Хэрвээ Монголын төлөө ярьж хуралдаж байгаа бол монгол ёс заншлаараа байх ёстой. Өөрөө гадаадын хувцас өмсчихөөд Монголын эдийн засаг гэж ярихгүй ээ. Эд нарт би жинхэнэ ядаргаа болно.
Тангараг өргөх ёслол дээр гадаад хувцас өмсөхгүй байхыг анхааруулж хэлмээр байна. Монгол хувцастайгаа ирэхгүй бол, цаашлаад монгол дээлээ өмсөхгүй бол Жавхлан тэмцэнэ шүү гэж хэлье. Эд нарыг хөлдөө чирч бөөн юм болно. Намайг хараад нойр нь хүрэхгүй бөөн л юм болох байх даа.
“Эрдэнэт”-ийн гэрээг сайжруулахыг Засгийн газраас шаардана 
УИХ-ын 47-р тойрог, Орхон аймагт МАХН-аас нэр дэвшиж, сонгогдсон О.Баасанхүү:
-Та УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдлоо. Тэр дундаа МАХН-аас УИХ-д суух цорын ганц гишүүн болсон. Ирэх 4 жилийг хэрхэн харж байна?
-Орхончууд, тэр дундаа Эрдэнэтчүүд хамгийн ихээр дэмжиж, МАХН-ыг УИХ-д төлөөлөлтэй болох зөвшөөрлийг өгч, саналаа өгсөнд талархаж байна. Ирэх дөрвөн жил урьд өмнөхөөсөө илүү их ажил хийх шаардлага үүсч байна . Ялангуяа Эрдэнэтчүүдийн хувьд “шок”-нд орсон байгаа. 1978 оны гэрээгээр оросууд Эрдэнэтчүүдийг дэмжиж туслахаа амлан, түүнийгээ биелүүлж ирсэн.
Одоо Эрдэнэтчүүд шинэ дарга нартай болсон сурагтай байна. Тэд өмнөх гэрээг хүчин төгөлдөр байлгах уу, Эрдэнэтчүүдийг ажилтай байх уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй болж байна. Тиймээс “Эрдэнэт”-ийн1978 оны гэрээг илүү сайжруулан байгуулахыг Засгийн газраас шаардах болно.
Мөн МАХН-аас нэр дэвшиж, сонгогдсон учир намынхаа дуу хоолой болж, аюул учраад байгаа ардчиллыг хамгаалахын төлөө өөрийн чадлаар ажиллах болно. МАН-ын зөв зүйл дээр нь дэмжинэ, буруу зүйлийг нь шүүмжилнэ гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна.
Маргаашнаас эхлээд МАН-ын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулна
УИХ-ын 27 дугаар тойрог, Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшиж, сонгогдсон Д.Эрдэнэбат:
-АН шинэ парламентад цөөнх боллоо. Ирэх 4 жилд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Сэлэнгэчүүд надад итгэл хүлээлгэлээ. Тэднийхээ итгэлийг алдахгүй, сайн ажиллана. АН-д нийт иргэдийн 50 хувийн санал байгаа гэдгийг МАН-ынхан дандаа санаж явах хэрэгтэй. Яах вэ, энэ удаагийн сонгуулийн систем мажоритараар болсон. Мажоритар системээр явах сөрөг тал нь намын савалт ихтэй.
Тухайлбал, 1996 онд болсон сонгуулийн үр дүнг сануулж салхи дахин нэг эргэлээ. Одоо АН УИХ-д есөн хүний бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулах болж байх шиг байна. Энэ бүлэг маргаашнаас эхлээд МАН-ын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулна. Хамгийн гол ажил бол энэ гэж харж байна.
-АН-ын ялагдал ямар шалтгаантай гэж бодож байна вэ?
-Бидэнд дүгнэлт хийж, шинэчлэх ёстой ажил их байгааг харууллаа. Ардчилсан намыг цаашид зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Тийм учраас би намын даргадаа ганцхан зүйлийг хэлнэ. АН их хурлаа хуралдуулж намынхаа үндсэн дүрмийг яаралтай шинэчлэх хэрэгтэй.
МАН төрийн албаар оролдохгүй
УИХ-ын 72 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон Н.Учрал:
-Эдийн засаг хямарсан энэ цаг үед МАН шинэ парламентад олонх болсон. Ирэх 4 жилд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна?
-Хямралыг арилгах зорилготой олон чухал ажил МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан. Экспортод чиглэсэн ААН-үүдийг төрийн бодлогоор дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын бодлогоор дэмжих зэрэг олон асуудал туссан байгаа.
Мөнгөний бодлогыг тогтворжуулахад нэн тэргүүнд анхаарна.  Үүнээс гадна өмнө нь ажиллаж байсан шинжлэх ухааны паркууд үргэлжлэн хэвийн ажиллана. Ирэх 4 жилд МАН халамжийн арга хэмжээг  бууруулахгүй, тасралтгүй өсөлттэйгөөр авч явна.
-Сонгуулийн өмнөхөн МАН-ын зарим удирдлагуудтай холбоотой бичлэг тарсан. Үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын дунд битүүхэн айдас бий болоод байна. Энэ талаар танай нам ямар бодлоготой байна вэ?
-Тэр бичлэг бол эвлүүлэг гэдгийг шинжилгээгээр тогтоосон. Тэр бичлэг дээр гарсан шиг асуудал үүсэхгүй. МАН ямар ч үед төрийн бодлогыг шинжлэх ухаанчаар авч явж ирсэн. Тийм учраас төрийн албаар оролдсон зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна.
Нарийн асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүд бодлогоо чиглүүлэх ёстой 
УИХ-ын 71 дүгээр тойрог, Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон Ц.Гарамжав:
-УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо өмнөхөөсөө нэмэгдэж байгаа. Эмэгтэй гишүүний зүгээс хэрхэн ажиллахаар зорьж байна?
-УИХ дахь эмэгтэйчүүдийн тоо бүлэг байгуулах хэмжээд хүрсэн. Тиймээс Эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдана. Нийгмийн тулгамдсан бүхий л асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг хамгийн түрүүнд хүргэхийн төлөө ажиллана. Эмэгтэйчүүд мэдрэг учраас нийгмийн нарийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоо чиглүүлэх ёстой гэж бодож байна.
Би наадамд зодоглохгүй
УИХ-ын 29-р тойрог, Төв аймагт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон А.Сүхбат:
-УИХ-д анх удаа сонгогдлоо. УИХ-ын гишүүний хувьд ямар зорилт тавьж ажиллах вэ?
-МАН хүний амьдралын бүх мөчлөгт нийцсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Амьдралд буусан, бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр юм. Хэрэгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллах болно. Надад өгсөн энэ их халуун сэтгэл, үүрэг хариуцлагыг дааж ажиллана.
-Та энэ удаагийн Үндэсний их баяр наадамд зодоглох уу?
-Наадамдаа бэлдэн таван хүүхдийн бэлтгэл хийлгэж, бэлтгэлийг нь хангаж туслаж байна. Би өөрөө наадамд зодоглохгүй. Би чинь багш хүн шүү дээ.
Н.Гантуяа 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг 

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.