Comment.mn

Миний оффшоор амьдрал /фельетон/

Анхны оффшоорыг илрүүлсэн гавъяа  хүүхнүүдэд ногдоно. Нөхрийнхээ цамцыг индүүдэж байгаад хармайнаас нь 100 цаас илрүүлсэн эхнэр нь “яадаг шаар вэ, овоо  муу шаар вэ” хэмээн бархирсаар гарч ирсэн гэдэг. Эхнэрийн хараал он цагийн эрхээр “Овоо шаар” болтлоо товчлогдсон агаад латинаар галиглагдахдаа “оф шоор” гэгдэж эхэлжээ.  Оффшоор үүссэн ёс тэр бөлгөө.

Мянга мянган жилийн турш, оёдолчид эр хүний госчоомны нууцгай хэсэгт оффшоор халаас гаргасаар… хүн төрөлхтөн оффшоор хоёр хүйн холбоотойг гэрчилсээр… Харин имж бол байгалиас заяасан оффшоор халаастай амьтан гэдгийг  зоологичид нэгэн дуугаар зөвшөөрдөг.

Орчин үеийн оффшоорын  жишээ болсон Панама гэдэг нэр нь сийрсэн малгайныхаа хүрээнд 100 доллар хавчуулаад жил тойрон баригдалгүй явж чадсан латин эрийн баатарлаг түүхтэй холбогдоно. Мөнгөө амжилттай оффшоордож байсан панама хэмээх сийрсэн бүрхнийх нь нэр ийнхүү мөнхөрсөн бөлгөө.

Хүн төрөлхний түүх оффшоороор баялаг. Монгол нутгаас эртний оффшоорын үнэлж баршгүй олдвор нээгдсээр. Хадны хөндийд хичээнгүйлэн нуусан шаант чөмөг, Гурван цэнхэрийн агуйгаас олдсон нь хүний түүхийн анхны оффшоор хүнст тооцогдож байна.

Тэнгэрлэг заяат монголчууд  тавьж хоносон хоолыг хүнсэндээ өргөн хэрэглэж байсан ба ялангуяа оффшоор лавшааны амтанд орсон олигархиуд олноороо байсан гэдэг. Наадмын үеэр зарим болчимгүй этгээд олон хоносон оффшоор хуушуур зарж, хүний гэдэс өвтгөсөн тохиолдол ч байдаг.

Социализмын жилүүдэд монгол малчид олон тооны хонь ямаагаа оффшоордон тооллогоос нууж байсан хэмээнэ. Тэр үеийн хотшсон монголчуудын хамгийн түгээмэл оффшоор нь хэдэн төгрөг хавчуулсан ном байжээ. Нэгэн монгол баян Панамын оффшоор банкинд мөнгөө байршуулахдаа заавал номны завсар хавчуулж хадгалуулна гэж зүтгээд байсан гэдэг.

Банкны хадгаламжийг ч энгийн ба оффшоор хэмээн хуваадаг. Эхнэртээ хэлсэн хадгаламжийг энгийн, харин цалингаасаа “жимийсэн” мөнгөөрөө авгайдаа хэлэлгүй бүрдүүлсэн бол яах аргагүй оффшоор хадгаламж болно.

Томчууд нуудгайгаа “оффшоор эхнэр” гэж нэрлэх болсон ба “Оффшоорындоо хонолоо, оффишиалынх руугаа гарлаа” гэхчлэн ярилцах болжээ. Хүний эрхийг хамгаалагчид “оффшоор хүүхэд”-ийн эрхийг хамгаалах хууль гаргахыг шаардаж байна. Гэр бүлээ хаяж явсан хүнийг  “авгай хүүхдээ оффшоор болгосон өөдгүй этгээд” хэмээн шүүмжлэх болсон ажгуу.

Ерөөсөө олон түмэнд дэлгэхгүй байгаа зүйлийг оффшоор гэдгээс хойш хүний зарим эрхтнийг ч оффшоор эрхтэн гэж нэрлэх санал гарчээ. Гарч байгаа төдийгүй нийгмийн халдварт өвчнийг анагаадаг нэгэн эмнэлэг “Оффшоор эрхтний эмнэлэг” гэсэн хаяг зүүсэн харагдана.

Хууль зүйн яамны эротикийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжид “хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хүний биеийн оффшоор хэсгүүдийн зураг дүрсийг үзүүлэхгүй бөгөөд оффшоор эрхтийг харуулах болбол сээтэг тавих юмуу, “+18” тэмдэглээ хийнэ” хэмээн зааварлажээ.

Нохой энд тэнд шороо ухаж, булууны яс нуух дуртай байдаг үзэгдлийг судалсан эрдэмтэд “хүний нөлөөгөөр гэрийн тэжээмэл амьтанд үүссэн оффшоор инстинкт” хэмээн дүгнэжээ. Гэрийн муур баасаа нуудаг занг ч үүнтэй үүнтэй холбон тайлбарлаж байна.

Бидний эргэн тойронд “Цаадах чинь оффшоор хадгалж чаддаггүй ам султай хүн”, “асуудлыг оффшоор байдлаар энүүхэндээ ярилцъя” “ төрийн оффшоор задлаад асуудалд орсон гэнэ” гэхчлэнгийн яриа гарах болсон нь манай гариг оффшоорлогдож байгаагийн жишээ гэлтэй.

Шинэ юм амархан ээнэгшдэг хойно, ачийнхаа шинэ дээлийг мялааж буй өвөө нь “Хойд хормойд  нь хоёр оффшоор, дотоод хормойд нь долоон панаам…урт настай удаан оффшоортой…”хэмээн ерөөж, цаад бацаан нь сэтгэл хангалуун толгой дохиж байсан гэдэг. Гэхдээ энэ юу ч биш. Саяхны нэг шүүх хурал дээр гэрчийн этгээдийг дуудаж босгоод, Үндсэн хуулин дээр гараа тавьж байгаад “Би оффшоордохоо, зөвхөн оффшоордохоо амлая” хэмээн андгайлахыг шахсан гэж байгаа. За танилцах зар бол аль хэдийнэ “оффшоортой хүнтэй, нас харгалзахгүй …” хэмээн эхэлдэг болоод удаж.

Оффшоор ёсон шашныг ч тойрсонгүй. Тэдний номлодгоор бүрлээч болсон хүний сүнс 49 хоног оффшоор зоонд байж байгаад дараа нь төрлөө олдог гэнэ. Хий үзэгдэл, чөтгөр гэдэг бол оффшоор хүн юм байна. Сая л дууллаа.

Оффшоор судлаач миний бие энэ ажлын амтанд хар нялхаасаа орсон гэхэд болно. Эмээ маань айхавтар оффшоор ч нэгэн байсан ба миний дуртай чихрүүдийг орны хөндий, дэрийн ширгүү зэрэг оффшоор зоонуудад байнга нуух боловч ард түмний хурц хараанаас мултарсан удаа нэгээхэн ч үгүй. Нэг удаа аргалын бүтээлэг доогуур оффшоордсон гялгар ууттай чихрийг илрүүлсэн нь санаанд үлджээ. Төрөлхийн антиофшоорч үзэлтэй төрсөн миний бие эд мөрийн баримтыг барьсаар үнээ сааж байсан ард түмэн дээр очиж, эмээгээ илчлэн шударга гарын жаргалыг амсснаа сананам. Эмээ маань эргэн тойрон байгаа үхрүүдийн нүдэн дээр намайг яаж ч чадаагүй учир дэмий л хацар дээр үнсээд хоёр чихрээр авилгадсан бөлгөө. Тэр цагаас хүний өөрийн ялгаагүй оффшоорыг илчлэх нь ихээхэн унацтай ажил гэдгийг ухаарсан болно.

Сүүлийн үед шинжлэх ухааны салбаруудад оффшоор аргачлал нэвтэрсээр. Монголын говиос олдож буй үлэг гүрвэлүүд бол нэг ёсондоо оффшоор зоонд үлдсэн амьтан гэх үзэл ихээхэн хүчтэй болов. Саяхан олдсон нэгэн үлэг гүрвэлийг Панамын дуулианыг бэлгэдэн Панамус офшоорзаврус хэмээн нэрлэх болсон байна.

Нээрээ, Панамын сүлд дуулал “Дархан манай офшоор улс…” гэж эхэлдэг, хүмүүс нь оффшоор эрхтэн дээрээ гараа тавьж байгаад дуулдаг гэж сонссноо хэллүү яалаа, хэлээгүйдээ ч яахав дээ.

Нийтлэлч Б.Цэнддоо

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.