Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/66 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
Батлагдсан төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгав.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.