Comment.mn

Шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжлэхээр боллоо

АТГ өнгөрсөн оны долдугаар сард “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Л.Гансүхийг уг хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, урьдчилсан байдлаар 3,6 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж байгаа” гэж мэдэгдсэн байдаг. Эндээс Л.Гансүх нарт холбогдох хэрэг хөвөрч, өнөөдрийг хүртэл аль нэг тийш шийдэгдсэнгүй.

Харин энэ хугацаанд ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Л.Гансүхийг буруугүй гэж гэрчлэх, цаашлаад Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг алдаа дутагдалгүй байсан гэдгийг батлахын тулд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүхийн босго элээж, АТГ-ыг буруутгах нь ихэссэн билээ. Тухайлбал, Ерөнхий сайдын бүрэн эрхээ эдэлж байх хугацаандаа АТГ-ыг шүүмжилж “ажил хийлгэдэггүй” гэж цоллож байсан бол “Нүүрс” хөтөлбөрийн хэрэг мандсанаар АТГ-т эрх мэдэл ихээр төвлөрснийг шүүмжлэх болсон юм. Ингээд АТГ, Алтанхуяг хоёрын тэмцэл “хурцдаж” УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж чиг үүргийг нь Авлигатай тэмцэх газарт харьяалуулсныг эргүүлэн сэргээх асуудлыг тусгаж, хуулийн төсөл санаачилсан ч батлуулж чадаагүй. Ингэж хэрэг явдал цуварсаар өдгөө Н.Алтанхуягийн зөв байсан уу, буруу байсан уу, гэдэгт бага ч болтугай нөлөөлөх шүүх хурал болж байна.

Тухайлбал, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө зувчуулсан байж болзошгүй үндэслэлээр шүүгдэж байгаа Л.Гансүх, “MGL-SB” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарын гэм бурууг тогтоогоогүй ч цагдан хорьж, нийгэм тэднийг гэмтэн мэтээр харж байгаад АТГ ямар нэг байдлаар буруутай гэж Н.Алтанхуяг болоод тэдний өмгөөлөгчид үздэг. Хэрвээ, шүүх бүрэлдэхүүн тэднийг гэм буруугүй гэж үзвэл, цагдан хоригдсон, гэмтэн мэтээр ярьж байсан гээд АТГ-ыг тал бүрээс эмтэлж, тус газрын авлигын эсрэг үйл ажиллагаа доголдох гэмтэй. Ялангуяа, УИХ-ын түвшинд ч АТГ байх ёстой юу, үгүй юу гэж маргаж байгаа үед алдаан дээр нь дөрөөлөх эрх баригч ч бишгүй байгаа нь харагдаж байгаа юм.

Мөн өчигдөр болсон шүүх хурлын үеэр “Багануур” компани буюу хуулийн этгээдийг төлөөлөн нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаард­лагаа бүрэн тайлбарлаж чадсангүй гэж шүүх хурлыг ажиглаж байгаа иргэд сошиал ертөнцөөр дуу хоолойгоо хүргэж байна. Хоёр ч сувгаар шууд дамжуулж, нээлттэй явагдаж байгаа шүүх хурлын үеэр шүүгдэгчийн өмгөө­лөгчийн асуултад хохирогч бүрэн хариулж чадахгүй, нэхэмжлэлийн шаардлагаа хүр­тэл ойлгомжтой тайл­барлаж чадахгүй байгаа нь харагдаж байсан юм. Мөн өмгөө­лөгчид “Багануур” компанийг нэхэмжлэгч биш гэж үзэж байгаагаа хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, нэ­хэм­жлэлд дурдагдсан тоог “Ба­гануур” компани бус Үн­дэсний аудитын газрын гаргаж өгсөн тооцоонд үндэс­лэн нэхэмжилж байгаа гэж үзсэн юм.
Юутай ч, шүүгдэгч болоод гэрчүүд мэдүүлэг өгч, шүүх хурал 21.30 цаг хүртэл үргэлжлэн завсарласан юм.
Эх сурвалж: www.assa.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.