Comment.mn

Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаан амжилттай болж өнгөрлөө

Монголын драмын урлагийн хөгжилд тэр дундаа Моно жүжгийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж “Монголын Моно жүжгийн төв”, “Dream Art” продакшн нар хамтран БСШУЯ, УДЭТ, ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаан”-ыг амжилттай зохион байгууллаа.

Монголынхоо жүжигчдийн ур чадвар, авъяасыг сорьж “Ялагчдын цуваа” хэмээх олон улсын фестивальд оролцох жүжигчнийг сонгох энэ уралдаан өчигдөр СУИС-ийн Оюутан театрт болж олон сайхан залуу жүжигчид өөр өөрийн бүтээлийг тайзнаа амилуулан өрсөлджээ. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд МУУГЗ найруулагч Б.Мөнхдорж, Б.Баатар, Ч.Найдандорж, найруулагч Ч.Түвшин, МУГЖ Ч.Алтан-Өлзий нар ажилласан бөгөөд уралдаанд Эрдэнэт хотын ХЗТ-ын жүжигчин Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу” жүжгээр, Уран бүтээлийн “Гоо нэгдэл”-ийн жүжигчин Г.Туяа “Улаан дэнлүүт асар” жүжгээр, УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл Гётегийн Фауст жүжгээс сэдэвлэсэн “Book” жүжгээр, О.Оюун-Эрдэнэ “Цэцгэн байшин” жүжгээр оролцсоноос жүжигчин Б.Одгэрэл шүүгч нарын 100 хувийн саналаар тэргүүн байрыг эзлэж, Олон улсын фестивалыг хааж тоглох эрхийг авлаа. Харин шүүгч нарын саналаар Эрдэнэтийн театрын залуу жүжигчин Г.Мишээлд уг фестивальд оролцож өөрийн бүтээлээ тоглох эрхийг нэмэлтээр олгосон юм.

    Энэ дашрамд дуулгахад Монголын театрын урлагт тэр дундаа ганц хүний жүжгийн хөгжилд өндөр ач холбогдолтой олон улсын Моно жүжгийн фестиваль 9-р сарын 30-наас 10-р сарын 6-ны өдрүүдэд Монгол улсад зохиогдох бөгөөд гадны олон орноос ирэх шилдэг жүжигчдийн тоглолтыг манай үзэгчид үзэж сонирхон, жүжигчид маань тэдэнтэй туршлага солилцох юм. Ийнхүү Монголын жүжигчид гадагш гарах, дэлхийн улс орнуудад Монгол жүжигчний авъяас чадварыг гайхуулан үнэлүүлэх тэр эхлэлийг тавьж, жимийг гаргасан УДЭТ-ын жүжигчин, МУСТА Ц.Баясгалан өөрийн гаргасан тэр жимийг зам болгохоор зорьж ийнхүү Олон улсын фестивалийг эх орондоо зориглон зохион байгуулж байгаа аж. Ингээд тэр жим тод гэгчийн зурайсан зам болж Монголын драмын урлаг дэлхийд Моно жүжгээр танигдан хөгжих болтугай.

Бэлтгэсэн: Ё.Мөнхзаяа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.