Comment.mn

Ч.Сайханбилэг: Ипотекийн зээлийн урьдчилгаа 20 хувьд Засгийн газраас баталгаа гаргана


УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Ерөнхий сайдын цагаар үргэлжиллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ удаа иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Засгийн газар 2003 оноос эхлэн орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш нийт 67 мянга 612 иргэнд хоёрих наяд 957,85 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. 1657 иргэнд 57,75 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхийн зэрэгцээ ахмадын байрны асуудлыг шийдээд явж байна. Мөн Хөгжлийн банкны “Чингэс” бондоос салбарыг дэмжиж хийсэн хөрөнгө оруулалт амжилттай хэрэгжиж байгаа. Тиймээс Засгийн газар энэ арга хэмжээний эхлэл болгон ипотекийн зээлийг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд “Нийгмийн даатгалын сангийн тухай” хуульд нийгмийн даатгалын санг дотоодын институциональ хөрөнгө оруулагч болгон ашиглах, тус сангийн хуримтлал хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлсэн. Засгийн газрын “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10-30 хувь байхаар тусгасан ч 2013-2014 онд 30 хувиар хангагдаж ирсэн.

Энэ төлбөрийн 20 хүртэл хувьд нь Засгийн газар баталгаа гаргаснаар банкны хувьд эрсдэлгүй бөгөөд иргэд 10 хувийг төлөөд урт хугацаанд үлдсэн 20 хувийг төлөх боломж бүрдэнэ. УИХ бодлогын түвшинд дэмжлэг үзүүлбэл Засгийн газар урьдчилгаа төлбөрийг бууруулах бололцоотой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Одоогоор ТОСК-ийн үйл ажиллагааныхаа хүрээнд 2014 онд Архангай, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд, Хэнтий зэрэг аймагт, мөн Улаанбаатар хотод “Буянт-Ухаа I” хороолол, “Буянт-Ухаа II“ хорооллын нэгдүгээр хэсэг нийт 5156 айлын орон сууцны 297 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлж 197 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөнэнэ онд “Буянт-Ухаа II” хорооллын хоёрдугаархэсэг, VII хороолол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Эко-Яармаг” төсөл, Багануур дүүрэг, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон аймагт нийт 10 мянга 709 айлын орон сууцны 814 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний угсралтын ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 байршлын 27 хэсэгчилсэн талбайд гүйцэтгэж байгаа бөгөөд найман байршлын14 хэсэгчилсэн талбайд орон сууцны хорооллын цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус ариутгах татуурга, холбооны иж бүрэн ажлын зургийг боловсруулсан. Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкны “Чингэс” бондоос ТОСК-аар дамжуулан 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн 1680 айлын орон сууцны “Эко-Яармаг” төслийн санхүүжилтийгБНТУ-ын “EYG Групп” компани өөрийн хөрөнгөөр барихаар тохиролцож Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна” гэлээ.

Түүнийг ийнхүү мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Барилгын салбарт, иргэдийг орон сууцаар хангахын тулд төр хувийн хэвшлийнхэн хамтран зүтгэж байгаа. Гэтэл үүнтэй зэрэгцээд төрийн зарим байгууллага ажилчдаа орон сууцаар хангахаар газар авч, байшин барьж байна. Тэгээд нөгөө барилгаа ажилчдадаа арилжиж нэг талын бизнес хийж байна. Жишээ нь Гадаадын иргэн харьяатын газар. Тэдний үйл ажиллагааг ажилчдаа орон сууцаар хангах нь гээд дэмжиж болох ч яам, агентлаг хүртэл барилгын салбарт өрсөлдөж байгаа юм биш үү. Мөн Засгийн газар зээлийн урьдчилгааны 20 хувийг төлнө гээд байгаа. Яг ямар учиртай асуудал байна вэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу” хэмээн асуулаа. Асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Яам агентлагууд барилга барьдаг асуудлыг нэг тийш болгоно. Бүгдийг ипотекийн хүрээнд хамруулахаар ажил эхэлсэн. Төрийн байгууллагууд ажилчдаа орон сууцанд ороход нь дэмжихээр болбол урьдчилгаа төлбөрийг нь шийдэхээс эхлээд гарц хайж байгаа. Харин ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 болгож үлдсэн 20 хувьд Засгийн газар баталгаа гаргана гэдэг нь эдийн засаг хямарсантай холбоотой асуудал. Засгийн газар 20 хувийн санхүүгийн дэмжлэгтэй оролцох уу эсвэл 20 хувьд нь баталгаа гаргаж оролцох уу гэдэг удахгүй тодорхой болно” гэж хариулав. Тэгэхэд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Хотын захаар газрын үнэ арван сая ч хүрэхгүй байхад хотын төвд 200-300 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Захын хорооллын газрыг яаж үнэд оруулах вэ” хэмээн асуухад Д.Цогтбаатар сайд “Зах зээл нь ийм байгаа. Дэд бүтцэд холбогдсон газар үнэтэй байгаа учир цаашид дэд бүтцийг шийдэхийн тулд түлхүү ажиллах хэрэгтэй” гэв.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан “Баригдаад борлогдохгүй байгаа орон сууц хэд байгаа вэ” гэдгийг тодруулж Д.Цогтбаатар “36 мянган орон сууц борлогдоогүй” хэмээн хариулсан. Мөн Ж.Батзандан гишүүн “ТОСК барилгын зах зээлд яаж нөлөөлж байгаа вэ. Дээхнэ үед баригдсан барилгуудыг шинэчлэх асуудал төрийн бодлогын аль хэсэгт яваа вэ” хэмээн асуув. Тэгэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “ТОСК зах зээлийн боломжит үнийг тогтоох зорилгоор ажиллаж байгаа. Харин барилгууд чанар муудаагүй байхад насжилт өндөр гээд шууд барьж аваад шинэчлээд явчих боломж байхгүй” гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгааг Засгийн газар анхааралдаа аваарай. Ер нь энэ асуудалд ямар хариулт хэлэх юм” гэж асуухад нийслэлийн Засаг даргыг төлөөлж ирсэн мэргэжилтнүүд “Бид хүний эрх зөрчигдсөн үү гэдэг тайлбарыг авсан. Ямар нэгэн байдлаар хүний эрхэд халдсан тохиолдол байхгүй. Бидний эрх зөрчигдлөө гээд хэвлэлийн бага хурал хийгээд байсан хүмүүсийг шалгахад тэдний нэг нь ч дахин төлөвлөлтөд хамрагдсан бүсэд амьдардаггүй нь тогтоогдсон” гэдэг хариултыг хэлсэн. А.Бакей гишүүн “Барилгын үнэ бууж байгаа юу” хэмээн асууж ТОСК-ын захирал А.Гантулга “Метр квадрат нь дор хаяж 500 мянган төгрөгөөр буусан” гэдгийг ч хэлж байлаа. Мөн Ц.Нямдорж гишүүн “Хотын Засаг дарга Э.Бат-Үүл хаана байна. Гэр хорооллын иргэдийг халуун хүйтэн усаар хангана гэсэн юу болов. Тэгээд дахин төлөвлөлт гэж хачин юм эхлүүлчихээд байгаа. Иргэд газраа албадлагаар өгчихсөн. Гэтэл ажил нь ядаггүй. Газрыг нь хүчээр авчихаад гадас ч зоогоогүй байна. Энэ хүмүүс хэдэн жил гэр оронгүй явах вэ. Орон сууцны найман хувийг зарлаж асуудалд төр оролцож эхэлснээс хойш байрны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Одоо 10 хувь болгоно гээд хэдэн хувь болгож өсгөх бол доо. Газраа өгөхгүй гэсэн иргэний усыг нь, цахилгааныг нь тасалдаг асуудал хавтгайрлаа” гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “УИХ-аас нийгэм, зах зээлд цацаж буй мэдээлэлдээ болгоомжтой хандах хэрэгтэй байна. Түрүүн Д.Цогтбаатар сайд 36 мянган орон сууц зарагдаагүй гэлээ. Яг үнэндээ арав хүрэхгүй мянган орон сууц өнгөрсөн жил үлдсэн. Өнөө жил баригдах барилга нэмэгдээд 36 мянгад хүрнэ” хэмээн хариулснаар Ерөнхий сайдын мэдээллийн цаг дууссан юм.

Харин энэ өдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Бодлогын баримт бичгийн зорилгыг товчхон сонирхуулъя. Аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд долоон зорилт дэвшүүлжээ. Тухайлбал, Аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай орчин бүрдүүлнэ. Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлон “Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал”-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулна. Үлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрлэлийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлнэ. Дэвшилтэт техник, өндөр технологи, инновацид суурилсан, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий боловсруулах үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжинэ. Аж үйлдвэрийн салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах, бэлтгэх, худалдааны таатай орчин бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх асуудлууд багтаж байна. Дээрх зорилтуудыг гурван үе шаттайгаар тус бүр таван жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангах юм байна. Дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно гэж салбарынхан үзэж байгаа. Байнгын хороон дээр 40 зарчмын зөрүүтэй санал гарсан тул санал бүр дээр гишүүд асуулт асууж байлаа. Энэ үеэр гишүүдээс асуудал ихтэй бодлогын баримт бичгийг эргүүлэн татаж, зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгээд оруулж ирэх санал ч гарч байсан юм. Гишүүд Эдийн засгийн байнгын хорооны даргаас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Дорноговь аймагт Аж үйлдвэрийн парк байгуулна гэж хэдэн жил ярьсан юу болсон бэ. Хөнгөн, хүнсний үйлдвэрийн бодлого, аж үйлдвэрийн кабинет байсан газрыг сэргээж байгуулах асуудал хэлэлцүүлгийн явцад хэр зэрэг тодорч гарав.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -Яам байгуулагдаад зургаан сар болж байгаа. Харьцангуй богино хугацаанд бодлогын баримт бичгээ боловсруулж оруулж ирсэн. Байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал орж ирсэн. Зам тээврийн яам, Х.Баттулга сайдыг ажиллаж байх явцад яригдаж байсан асуудал. Дараа дараагийн үйлдвэрүүд түүхий эдээ дагаж байгуулагдана. Бодлого батлагдвал хөнгөн, хүнсний үйлдвэр байгуулагдана гэж ойлгож байгаа.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: -Ажлын хэсгийн саналуудыг харж байхад зарим асуудал үлдчихсэн юм шиг байна. Салбарын бодлогыг гаргахдаа аль салбараа түлхүү хөгжүүлэх вэ гэдгийг чухалчлах хэрэгтэй. Баримт бичгийг харж байхад бүх л салбараа хөгжүүлчих юм шиг ойлгогдоод байна. Ийм олон санал хураалттай бодлого орж ирэхээр унах магадлал өндөр байдаг. Тэгэхээр эргэж татаад, дахиж оруулж ирж болдоггүй юмуу.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -Олон нөхөөстэй гэдэг асуудал яригдсан. Татаж аваад дахиж боловсруулах асуудал байнгын хороон дээр дэмжигдээгүй хэмээн хариулж байлаа. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж дууссан.

Л.Мөнхөө

М.МӨНХ

 

Эх сурвалж: www.dnn.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.