Comment.mn

А.Ганбаатар ОУХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд оролцжээ

А.Ганбаатар ОУХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд оролцжээ
Швейцарь улсын Цюрих хотноо тавдугаар сарын 29-ний өдөр болсон Олон улсын Хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны ээлжит 65 дугаар их хуралд Монголын хөдбөмбөгийн холбооны ерөнийлөгч А.Ганбаатар оролцоод ирлээ.

Дэлхийн 209 орныг нэгтгэсэн FIFA буюу ОУХБХ-ны ерөнхийлөгч Швейцарийн иргэн Жозеп С.Блаттер дахин уг албан тушаалыг дөрвөн жилийн хугацаатайгаар хашихаар болов. Тэрбээр амьдралынхаа 40 гаруй жилийг ОУХБХ-нд алба хашиж, Техникийн захирлаас Ерөнхийлөгчийн албан тушаал хүртэл дэвшин, 111 жилийн түүхтэй тус байгууллагыг сүүлийн 17 жил удирдаж байна.

А.Ганбаатар ОУХБХ-ны тус ээлжит их хуралд Монгол Улсаа төлөөлж санал өгөх эрхтэй оролцоод иржээ. МХБХ-ны хувьд энэ их хурлаар хөлбөмбөг өндөр хөгжсөн орнуудаас дасгалжуулагч урих, дэд бүтцээ сайжруулах болон гадаад харилцааны чиглэлээр олон улсын хөтөлбөрт хамрагдах болсныг онцолж байна.

Их хурлын зарим асуудлаар электрон төхөөрөмжөөр санал авч, ОУХБХ өөрийн цахим хуудсаар дамжуулан дэлхий нийтэд уг хурлыг шууд үзүүлсэн. ОУХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Голланд улсын иргэн, Германы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Майкл Ван Праг (MICHAEL VAN PRAAG), Португал гаралтай хөлбөмбөгийн амьд домог Люш Фигү (Luis Figo), ОУХБХ дэд ерөнхийлөгч, Иордан улсын Хунтайж Али Бин Ал Хуссен нар ноён Блаттертэй өрсөлдсөн юм. Тодорхой шалтгаанаар Лю Ван Праг болон Люш Фигү нар нэрээ татаж, ОУХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Иорданы хунтайж Али бин Ал Хуссейн, Блаттер нар тунасан.

Ээлжит Их хурал болохоос хоёр хоногийн өмнө ОУХБХ-ны нэр бүхий албаны 14 хүнийг АНУ-ын удирдах байгууллагын шийдвэрээр Швейцарь улсын цагдаагийн байгууллага Цюрих хотноо баривчилсан нь дэлхий дахинд шуугиан дэгдээсэн юм. Үүнээс болж их хурлыг хойшлуулахыг шаардсан хэдий ч ОУХБХ-ны жолоог олон жил барьсан туршлагатай, ноён Блаттер уг асуудлыг “Сонгуультай холбоогүй” гэж тайлбарлан, хурлыг хугацаанд нь хуралдуулж чадлаа.

ОУХБХ-ны Сонгуулийн хороо санал өгөх эрхтэй 209 төлөөлөгчид саналын хуудсыг гардуулж, 206 хүчинтэй саналыг хураан авсан. Саналын хуудсаа бүх төлөөлөгчдийн өмнө тоолж, сонгуулийн үр дүнг зарлахад, Хунтайж Али Бин Ал Хуссейн 73 санал, одоогийн ерөнхийлөгч Блаттер 133 санал авсан билээ. ОУХБХ-ны дүрмийн 27.3-т зааснаар “Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй нийт гишүүдийн гуравны хоёроос дээш саналаар Ерөнхийлөгчийг тодруулах ба тус саналд хүрээгүй тохиолдолд хоёр дахь санал хураалтыг явуулах ….”. гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн нэр дэвшигч 139-өөс багагүй санал авсан тохиолдолд ялалт байгуулсан гэж үзэх юм. Үүнээс үүдэж дахин санал хураах шийдвэр гарсан ч Иорданы Хунтайж албан ёсны мэдэгдэл хийж, өөрийн нэрээ татжээ. Ийнхүү ОУХБХ-ны ерөнхийлөгчөөр өдгөө 79 настай Блаттер өөрийг нь эсэргүүцэж байсан өрсөлдөгчдийг ялан, 5 дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.