Comment.mn

Алтан зулын өвчин


Тюльфан хэмээх алдартай, бас түгээмэл сайхан цэцгийг монголоор алтан зул гэнэ. Энэ цэцэгтэй холбогдон аль эрт Голландад болсон явдлыг сонирхуулах гэж байна. Уг нь цэцэгтэй биш, банк санхүүгийн луйвартай холбоотой юм. Одоо ч гэсэн сургамжтай болов уу. Учир нь алтан зулын оронд металл алт, цалин мөнгө, түүний дотор төрөл бүрийн ашигт малтмал байсан ч ялгаагүй “хөгийн өвчин” тусгадагт асуудлын мөн чанар оршино. Ингээд өмнө нь хэсэг хэсгээр нь орчуулан хүргэж байсан мөнөөх номын нэгэн бүлгээс танилцуулж байна…
Их эрт үеэс алтнаас өөр эквилалент олох гэж маш олон хүн толгойгоо гашилгаж иржээ. Алт бол өөрөө таваар юм. Түүнээс бүр ч илүү хийсвэр, өөр ямар нэг юм олох хэрэгтэй, бүр бага худалдааны өртөгтэй байвал сайн…
XYIII зуунд голландчууд ийм эквивалентыг олчихлоо гэж бодсон юм. Голланд тэр үед Европын, магадгүй дэлхийн хамгийн баян орон гэж тооцогдож байсан юм. Тэр үеийн хамгийн шилдэг үйлдвэрлэл, худалдаа экспедицүүд халуун ногоо, алтаар сольж авчирсан Америк, Зүүн Өмнөд Ази дахь колонийн бараагаар Голландын аварга баячуудыг хангаж байсан юм. Энэ мөнгийг дэлхийд хамгийн том Амстердамийн бирж дээр “эргэлдүүлдэг” байлаа.
Бирж гэдэг үг нь голландын “берзе” буюу “хөхүүр”, “тулам” буюу арьсаар хийсэн шуудай гэсэн үгнээс гаралтай юм. Мөн XII зуунд “бурс” гэсэн үг нь ширэн түрийвчийг хэлдэг байж. Тэр үед худалдаачдын уулздаг онцгой газар “бурс”-д уулзаж наймаа хийж, мөнгө солилцдог байжээ. “Биржид очих” гэсэн илэрхийлэл ингэж бий болжээ. 1549 онд энэ нэр томъёо албан ёсны болж, түүнийг баримт бичгүүдэд хэрэглэж эхэлжээ.
1630-аад оноос биржүүд алтан зулын өртгийн гайхам өсөлтийг тэмдэглэж эхэлсэн байдаг. Голландад алтан зул буюу тюльпан цэцгийг ямагт хайрлаж ирсэн юм. Түүнийг ургуулах нь голландчуудын үндэсний уламжлал, үнэтэй сортын булцуу нь мэдээж хэрэг илүү үнэтэй. 1629 он хүртэл алтан зулын булцууны үнэ 1-2 гульденгээс хэтэрч байгаагүй. Үүнийг жишиж ойлгохын тулд: сайн хос морь 100-200 гульден, Амстердамын төв дэх чулуун байшин 1000 гульден байсан байна.
Гэхдээ нэг жилийн дараа бүх нийтийн ухаан самуурч, алтан зулын өвчин дэлгэрэх нь тэр. Semper Augustus сортын булцуу 4500 гульден, “Адмирал Лифкен”-ы булцуу 4400 гульден болов !
Алтан зулын үнэ байнга өсч, алтыг хүртэл хол даван гарав. 1634-1637 онуудад “Адмирал Энкхузиен” сортын булцуу аль хэдийн 6 мянган гульден, мөнөөх “Семпер Аугустус” булцуу 13.000 гульден болов. Эдүгээ 1500 гульденгийн үнэтэй алтан зулыг дүрсэлсэн хуучны сийлбэр зураг хадгалагдан үлджээ. Сайхан, улаантай цагаан хосолсон, байдаг л нэг алтан зул.
Голландчуудын чухамхүү алтан зулд дурлахад саад болох ямар ч ноцтой шалтгаан байгаагүй нь мэдээж хэрэг. “Алтан зулын өвчнөөс” холуур байсан хүмүүс ухаанаа алдсан олон түмнийг гайхан харж, үнэнхүү гажиг мэт санагдах энэ үйлдлийг ойлгох гэхэд ухаан нь хүрэхгүй байсан юм.
Алс холын колониос ирсэн, өөрийн орны амьдралаас үлэмж тасарсан нэгэн усан цэрэг лангуунаас нэг бөндгөр булцуу шүүрч аваад зажилж орхижээ; тэрээр алтан зулын булцууг ердийн сонгинийн булцуутай андуураад залгичихсан учраас бүхэл бүтэн өв хөрөнгө устгаж орхисон байна ! Тэр мангуу молхи амьтанд дөнгө зүүгээд далайгаар буцаагаад хаашаа ч юм цөлж орхисон гэдэг. Нутагтаа ирсэн биш баларч байгаа юм шүү…
Голландад алтан зулын шинэ сорт гаргах хамгийн ашигтай ажил болов. Амжилттай төгсгөвөл өөрийгөө болон гэр бүлээ олон үеэр нь тэжээнэ гэж итгэж болох болов. Алтан зулын ирээдүйн сортод мөнгө оруулдаг компаниуд ч бий болов…
Тодорхой хугацаанд шинэ сорт гаргана гэсэн цэцэрлэгч буюу сонирхогч-үржүүлэгчийн амлалт-бичиг хүртэл валют болон хувирав. Өвөрмөц төрлийн фьючерс юм уу даа. Ийм цаасыг бирж дээр зарж, авах болж, Голланд тэр чигээрээ ийм цаасаар дүүрэв. Ийм амлалт жинхэнэ сортоосоо олон дахин илүү гарах болсон байна.
Тэр үеийн “мичуринчуудэд” заримдаа аз ивээх үе гардаг байлаа. Жишээлбэл, Харлем хотод амьдарч байсан негрүүд – эрх чөлөөгөө олж авсан африкчууд хар арьстай хүмүүсийн гоо сайхны бэлэгдэл болсон хар алтан зул гаргахаар шийджээ. Тэд дэлхийн бүх ботаникуудад хандан уриалга гаргаж, 10.000 гульденгийн шагнал амлажээ. Харлем хот 100.000 гульден хүртэл шагналыг нэмлээ…!
Ингэтэл нэгэн ботаникч ийм цэцэг бүтээж чаджээ ! Хар алтан зулд зориулж Харлем хотод нүсэр баяр зохиов. Энэ бол 1637 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байсан юм.
Багт наадмын жагсаалыг хар-ягаан хилэн, алтан зулын өнгөтэй торгон хувцсаар гоёсон Харлем хотын цэцэрлэгчдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч М.Ван-Сантес тэргүүлэв. Түүний араас аз жаргалтай мөнөөх цэцэрлэгч дагалджээ. Харамсалтай нь түүний нэр түүхэнд тодорхойгүй. Араас нь амласан шагналыг агуулсан асар том арьсан түрийвч залжээ: зуун мянган гульден алт (315 кг алт), өөрөөр хэлбэл өнөөгийн үнээр 10 сая доллар. Энэ жагсаалыг баярын гол хаан болох мөнөөх хар алтан зулын булцууг дамнуур дээр залж явсан байна.
Ратушийн талбай дээр Оранскийн хан хүүгийн сэнтийтэй эн чацуу алтан зулын тавиур барьжээ. Ханхүү тансаг хувцасласан бараа бологсдоо дагуулан ирж ард түмэндээ сэтгэл хөдөлгөм үг хэлэв…
Ирээдүйн сорт хийгээд шинэ ургацын бэлдмэлд мөнгө оруулах гэвэл зөвхөн вексель бичих юмуу фьючерсийн гэрээ хийх биржээр дамжин хийж болох байв. Амстердам, Роттердам, Харлемд алтан зулын наймаа, түүний гэрээ хийхээр төрөлжсөн биржүүд бий болов.
Брюггед фирмийн тэргүүн нь ван дер Берке өөрөө болж алтан зулын сорт, үнийн (котировка) тоонуудыг хар самбар дээр шохойгоор анх удаа бичиж эхэлжээ. Яг ингэж хулдаасан самбар дээр амархан арилдаг шохойгоор бичсэн юм. Мөн яг ийм байдлаар XX зуунд электрон самбар гартал брокерууд ажиллаж байсан билээ.
Алтан зулын бирж байхгүй жижиг тосгон, хөдөөгийн суурингуудад түүний үүргийг гол архины гуанзууд гүйцэтгэх болов. “Ажил хэрэгч” хүмүүс тэндээ цуглаж алтан зулынхаа наймааг хийдэг байжээ.
Алтан зулын үнийн мөнхийн өсөлтөд итгэх нь голландчуудын өөрийн ухамсрын нэг хэсэг болсон байна. Голландчууд баярт очиж гэж байгаа мэт гоёж гоодон гэрээ хэлцэл хийхээр цугладаг байжээ. Хэдэн зуугаараа ажил хэрэгч хүн болохоор бэлтгэв. Архины газруудаа цэцэглэж буй алтан зулаар чимж, хөгжилтэй найр зохиодог байв. Дарс гол шиг урсаж, хөгжим тоглоод л найрлаж гардаг байж. Удахгүй аймшигт төгсгөл ирнэ гэж хэлсэн хэнийг ч байсан голландчууд алах байсан биз…
Бирж байгаа л бол алтан зулын өртөг эрс өөрчлөгдөж чадна, ханшны өчүүхэн төдий өөрчлөлтийг шууд мэдэрч чадна, энэ ханшин дээр тоглож болно.
Мөн бэлэн мөнгө төлөхгүйн тулд банк оршин байгаа. 315 кило жинтэй түрийвчийг чирж явж болохгүй. Банкинд бол Таны санал болгосон алтан зулын булцууны өртгийг үнэлж чадна. Байшин, газар, мал зарах гэж центнер биш юмаа гэхэд пуд алт зөөж явахгүй. Танд өмчийн чинь өртгийг хэлж өгнө. Банк булцуу эзэмшигчдэд булцууны өртгийг төлөх буюу зүгээр л Танаас өмчийг чинь авна. Яршиг түвэг байхгүй, зүгээр л банкны зуучлалаар бодит солилцоо хийж байна.
1634 онд Амстердамын Гоор гудамжин дахь хоёр чулуун байшинг 3 алтан зулын булцуугаар сольсон байна. 1637 онд алтан зулын “Дэд хаан” булцууны төлөө 80 орчим кг улаан буудай, 140 орчим кг хөх тариа, 4 тарган шар, 8 гахай, 12 хонь, 2 торх дарс, 2 торх тос, 4 фунт бяслаг, даашинзны боолт, мөнгөн цом өгч байжээ. Нэгэн фермер 38 акр газар, зуун толгой малаа алтан зулын цорын ганц “Семпер Аугустус” булцуугаар зарж орхисон байна.
Гэхдээ баян биш хүмүүс гудамжны худалдаачид, усан цэрэг, өдрийн ажилчид бас л үүнээс гадуур байхыг хүссэнгүй. Ердөө л хэдхэн булцуу эзэмшихийг хүссэн хэдэн арваад хүмүүс нэгдсэн хувь нийлүүлсэн нийгэмлэгүүд өсч эхлэв. Энэ нь өнөөгийн хувь нийлүүлсэн нийгэмлэгүүдтэй их төстэй байсан юм.
Хамгийн гайхалтай нь: нийгэм “алтан зулын өвчнийг” ерөөсөө аюултай гэж үзэхгүй, түүнээс ямар нэг хачирхалтай юм олж харахгүй байв. Алтанд зулд хөрөнгө оруулсан бүх хүн үнэ бараг л мөнхөд өснө гэдэгт итгэлтэй байсан юм. Тэд ухаангүй мөнгөө хиймэгцээ бүр ч илүү санаанд оромгүй их мөнгө олж чадаж байлаа.
Харин “алтан зулын өвчний” үеэр хууран мэхлэлт байгаагүй юм. Бүгдээрээ эв найртайгаар хууралцсан боловч харин бие биенээ хулхидаагүй юм. Голландын Засгийн газар ч, түүний санхүүгийн элит ч, энгийн хүмүүс ч өвөрмөц төрлийн “гүн ухааны чулуу” олсон, алтан зулын үнэ төгсгөлгүй өснө гэж чин сэтгэлээсээ итгэж байсан юм.
Улс орны мөнгөний урсгал бараг бүх юмны үнийг аймшигтай их өсгөв. Хүнсний үнэ 3-6 дахин өсчээ. Гэсэн ч хүмүүст мөнгө байлаа. Нийгэм ч тэр, засгийн газар ч тэр алтан зулын шуургаар улс орны ядуурал асар удалгүй ор мөргүй алга болно гэж үзэж байлаа.
Алтан зулын булцууг гадаадынхан ч авч байв. Англи болон Хойт Францын баян худалдаачид мөнгөө дуртайяа хийж, бирж дээр тоглож байлаа. Сонинууд бүх нийтийн цэцэглэлтийн түлхүүр оллоо; голландын алтан зулыг улам өндөр үнээр худалдан авах болно, бүх дэлхийн баячууд мөнгөө Голландад авчрах болно гэж бичиж байв.
Хамгийн инээдэмтэй нь Засгийн Газар алтан зулын булцууны худалдааг зохицуулахыг чармайж байлаа. Худалдааг хянахын тулд тусгай бүрэн эрхт төлөөлөгч томилж, “алтан зулын нотариус” хэмээх онцгой хүмүүс ч бий болов. “Алтан зулын” орлогоор түшмэдүүдийг тэжээх болов, өөрөөр ч яах юм билээ дээ.
Голландчууд аль болох сайн сайхан байхыг хичээсэн, гэхдээ хаа ч байдгийн адилаар муу муухайгаар дууссан юм. Хэрэв мөнгө таваараасаа их бол тэрээр эдийн засгийн ямар нэг үйлдвэрлэлийн бус салбар руу тэмүүлдэг нь жам. Энэ хүрээ эрчимтэй “халах” бөгөөд зүгээр л яагаад гэвэл “илүүдэл” мөнгийг хаа нэг тийш хийх хэрэгтэй учраас тэр.
Өнөөдөр ч гэсэн бүх дэлхийн хүмүүс мөнгөө үл хөдлөх хөрөнгө рүү оруулах гэж шуурч байна. Үл хөдлөх хөрөнгийн өртөг мөнхөд өсөх мэт банкууд зээл олгож, улс төрчид ядуурлыг ялсан талаараа илтгэж, хүмүүс сүүлийн мөнгөөрөө квадрат метр орон сууц худалдан авч байна. Нарийндаа бол ирээдүйнхээ орлогыг.
Гэхдээ ингээд “илүүдэл” мөнгө дуусчээ. Тэр нь дуусахын хамт хямрал эхлэв. Эдийн засаг дахь мөнгөний илүүдлээс болсон санхүүгийн хямрал.
Голландчууд их сонирхолтой байсан юм. Тэдний мөнгөний урсгал Потосийн орд газраас биш, харин таваар, үйлчилгээний хөлс байдлаар ирж байсан юм. Уг нь бол тэдэнд дэд бүтэц хэрэгтэй байсан, тэгвэл энэ нь хэнд ч хэрэггүй алтан зулын булцууны оронд үлдэж, шинэ мөнгө хийх байсан байхгүй юу…
1637 он болоход алтан зулд оруулсан бүх “илүүдэл” мөнгө дуусав. Ахин булцуу авах хүнгүй болж, бүгд л зөвхөн зарахыг хүсэх болов. Хангалттай ! Ахиад өсөлт болохгүй. Нэг хоногт булцууны үнэ 50% унав, долоо хоногт 80% унав…Гурван долоо хоногийн дараа Засгийн Газар алтан зулын булцууны төлөө 50 гульденгээс илүү шаардаж болохгүй гэж зарлав. Шүүхийн бүх заргыг хориглов.
Алтан зулд оруулсан асар их мөнгө болон үнэт зүйлсийг ямар ч хүчээр эргүүлэн авч болохгүй болсон байлаа. Амстердам дахь алдарт хоёр байшинг ч, мөнгөн цомыг ч, газрыг ч, тарган бухуудыг ч үүрд алдсан байлаа…
Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: www.ganaa.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.