
АНУ-ын Миннесота мужийн Коттеж-Гроув хотын нэгэн хос тэдний байшингийн доод хонгилд хүн амьдарч байгааг мэджээ. Энэ сарын 15-ны өдөр 911 рүү Морганы гэр бүлийнхэн ярьсны дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн тийшээ хөдөлжээ. Тэд очтол гэр бүлийн хос гэрийнхээ гадаа зогсож байсан гэнэ. “Тэд бидэн дээр гүйж ирээд доод хонгилоос нь хүн хашгирахыг сонссон гэдгээ хэлсэн” хэмээн ахмад Брюс Норманн өгүүлэв.Цагдаа нар байшинд үзлэг хийгээд чимээ нэгэн шүүгээний цаанаас сонсогдсон болохыг тогтоожээ. Тэд үлэмж хэмжээтэй төмөр шүүгээг холдуултал хонгил руу орсон хаалга харагдсан аж. Тэр өрөөнд лабораторийн тоног төхөөрөмж тавьсан байсан бөгөөд дотор нь айж сандарсан өвгөн сууж байжээ. 83 настай өвгөнийг 1984 оны намар ор сураггүй алга болсон Миннесотагийн их сургуулийн химийн профессор багш, доктор Уинстон Корриган гэдгийг тогтоов. Профессор эр энэ байшингийн өмнөх оршин суугч байсан аж.
Тэрхүү өрөөнөөс цагдаа нар дээрх их сургуулиас хулгайлагдсан 500 мянган долларын үнэтэй лабораторийн тоног төхөөрөмжийг олжээ. Мөн тэндээс гурван гар буу, байлдааны винтов буу, 50 жил идэхэд хүрэлцэх цэргийн хоол хүнс, 210 литрийн багтаамжтай 12 ширхэг торхыг гаргаж ирсэн байна. Торхнууд дотор лизергин хүчлийн диэтиламид гэдэг бодис шингэн хэлбэрээрээ агуулагдаж байжээ. Энэ бодис бол ЛСД-25 гэдэг хар тамхи юм. Эх сурвалж www.wikimon.mn