Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Ганцэцэгтэй эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, үйлчилгээний талаар ярилцлаа.
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн сард баталсан. Шинэчилсэн найруулгаар ямар өөрчлөлт орсон вэ?
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан. Хуулийн шинэчлэлийн агуулга нь шимтгэлээ төлсөн даатгуулагчдын эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн ачааллыг хуваалцах, даатгалтай мөртлөө эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах үедээ даатгуулагч өөрөөсөө их хэмжээний төлбөрийг төлж байгааг өөрчлөх, төлбөрийн хэмжээг бууруулах зорилготой. Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудлаар даатгуулагч руу чиглэсэн чухал асуудлыг тусгасан. Тухайлбал, өрхийн даатгалын харилцаа байна.
-Өрхийн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Өрхийн гишүүд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа. Ийм тохиолдолд тухайн өрхийн илүү өвчлөмтгий, эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай нэг гишүүн даатгуулагч тухайн жил эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаараас хэтрэх хэмжээгээр төлбөр гаргуулсан тохиолдолд нөгөө шимтгэлээ төлсөн өрхийн гишүүнийхээ даатгалаас төлөх төлбөрийг шилжүүлэн зарцуулах боломжтой. Энэ боломжийг жилд нэг л удаа хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, одоогийн хуулийн дагуу нэг даатгуулагч жилдээ эрүүл мэндийн даатгалын сангаас 1.8 сая төгрөгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төлүүлдэг. Тэгэхээр тухайн өрхийн нэг гишүүний төлбөр 1.8 саяас хэтрэх, тухайлбал, олон удаа эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай бол өрхийн нөгөө гишүүний 1.8 сая төгрөгөөс нэг удаа ашиглаж болно гэсэн үг.
-Өрхийн гишүүнд даатгалаа шилжүүлэх тохиолдолд ямар бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй вэ?
-Хууль 2015 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжинэ. Өрхийн даатгалыг харилцан шилжүүлэх талаар тодорхой журам гарна. Хуульд “Даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлж тооцуулах эрхтэй” гэж заасан. Тиймээс жилд нэг удаа гэр бүлийн нэг л гишүүний даатгалыг шилжүүлнэ гэсэн үг.
-Эмийн үнийн хөнгөлөлтийг даатгуулагчид ямар журмаар авах ёстой вэ?
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар зайлшгүй шаард лагаар өрх, сум, багийн эм чийн бичсэн жороор олгох эмэнд даатгуулагч үнийн хөнгөлөлт эдлэх эрхтэй. Эрүүл мэндийн даатгалаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Нийг мийн даатгалын үндэсний зөвлөл баталсан. Энэ жагсаалтад ерөнхий нэршлээр 134 эм багтсан байдаг. Мөн тухайн эмийн үнийн дээд хязгаар, даатгалын сангаас хөнгөлөх хувь хэмжээг заасан байгаа. Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын баталсан, эмийн санд тавигдах шаардлага, стандартыг хангасан, нийгмийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмийн сангууд үзүүлдэг.
-Даатгуулагч хөнгөлөлттэй үнээр эм авахын тулд эмчийн жороос гадна ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?
-Даатгуулагч эмийн үнийн хөнгөлөлт эдлэхдээ эмчийн бичсэн жороос гадна эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөө баталгаажуулсан гэрчилгээтэй байхад болно.
М.Цэцэг
Эх сурвалж : www.unen.mn