Comment.mn

Төрийнх биш ээ, иргэн таны өр

Чанарын удирдлагын иж бүрэн системийг үндэслэгч В.Деминг (1900-1993) өнгөрсөн зууны дунд үед хүн, нийгэм, байгууллагын үйл ажиллагааг дөрвөн цуварсан, тойрог үйлдэлд хуваагаад тус бүрийг нь өгөөжтэй удирдах замаар чанарын хяналт тавьж, сайжруулах тухай анх хөнджээ. Энэ нь төлөвлөх (plan), хэрэгжүүлэх (do), шалгах (check) ба засах (act) гэсэн дөрвөн маш энгийн хэсэг бүхий тойрог үйлдэл аж.

Төр гэдэг нь ардчилсан оронд олон нийтийн, нээлттэй сонгуулиар хамгийн их дэмжлэг хүлээсэн нам хууль тогтоох засаглалын эрхийг аван, өөрийн хүмүүсээ тодорхой хугацаанд гүйцэтгэх засаглалд томилж, хараат бус шүүх засаглалтай хамтран ажилладаг улс төрийн байгуулал юм.

Тэгвэл Монголын төрийн засаглалын үйл ажиллагааны явцыг урт хугацаагаар, сайтар ажиглаад байвал дээрх Демингийн тойргийн эхний үйлдэл нь маш сул, хоёр дахь нь “гурилдалт”, эсвэл сохор азаар явж ирсэн бол гурав дахь буюу шалгах, дөрөв дэх буюу засах нь бүр байхгүй мэт санагдана.

Төр уг нь өөрөө өөрийгөө шалгаж, засаж явах ёстой байдаг ч, төрийн үйл ажиллагааг бүхэлд нь хянаж, нийтэд мэдээлдэг механизм бол хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл (ХМХ), төрийн бус буюу иргэний нийгмийн (мэдээлэлтэй иргэд) байгууллууд юм. Гэтэл манайд төр гэдэг машин хэрхэн ажилладаг, дотор нь ямар үйлдэл хийж, яаж ажиллуулбал хувьдаа ашиг хонжоо олж болдгийг мэддэг, мэргэшсэн хүмүүс (бид тэднийг улстөрчид гэж бас нэрлэх болсон) улам олширсоор байна.

ХЯНАЛТГҮЙ ТӨР

Улстөрчид өөрсдийн ХМХ-тэй болж, хүссэн дүр төрхөөр олон нийтэд сурталчлан таниулж чадаж байна. Иргэний нийгэм нь бэхжээгүй, төрийн бус байгууллууд (ТББ) нь санхүүгийн хувьд бие даах чадваргүй, хараат учраас Монгол Улсад хянаж магадалж, үнэнийг тогтоох үйл ажиллагаа сул, түүнээс болж алдаатай үйлдлээ засаж залруулах боломж бүрдэхгүй явж ирэв. Монголын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал тус бүртээ суларч, зарим тохиолдолд хоорондын ялгаа нь ч сарнин арилж, зөвхөн улс төрийн нэг хэсэг бүлэгт үйлчлэх боллоо.

Жишээлбэл, Монгол Улсын төсвийн үйл ажиллагааг харья. Төлөвлөлтийн арга нь таамаг төдий, маш бүдүүн баараг аргачлалтай, шинжлэх ухаанд биш, улстөрчдийн мөрөөдлийн жагсаалтад суурилж анх төлөвлөгддөг учир улсын төсвийг Монгол Улс жилд гурав дахин хийдэг болов.

Төсвийн хэрэгжүүлэлтийг зөвхөн өөрсдөд нь ашигтай бол нийгэмд буюу иргэн бидэнд ямар өгөөжтэй болох нь нэг их сонин биш учраас гүйцэтгэлийн шийдвэр гаргагчид нь нийтийн хөрөнгөнөөс их багаар завшихыг л эрмэлздэг. Тэд төрийн олон төрлийн худалдан авалт, тендерийг өөртөө ашигтайгаар шалгаруулдаг. Шан харамж авч албан тушаал, эрх мэдэл хуваарилдаг. Энэ бүх үйлдлийг авлига гэдэг. Авлига бол хяналтгүй нийгэмд өсөн үржих сайхан хөрсөө олдог нийгмийн хорт үзэгдэл. Энэ аймшигт үзэгдэл манай улсад хэвийн явдал болоод удаж байна. Авлига манайд ямар “том” болсныг өдрөөс өдөрт өсөж буй Монгол Улсын өр төлбөр, олон улсын шүүхээс тогтоож буй торгууль шийтгэл сануулах боллоо.

Төр засгийн өр төлбөр бол монгол хүн бүрийнх гэдгийг иргэд бүрэн ойлгохгүй хэвээр байна. Төр засаг гадаад, дотоодод өр тавьж, бонд, монд гэж гадаад үгээр нэрлээд, Чингис, Өгөдэй хаадынхаа нэрээр чимэхээр өр чинь авлага болчихдоггүй гэдгийг хүн бүр эдийн засгийн хямрал тохиох үед мэдэрдэг. Ажилгүй, орлогогүй, арай чүү олсон мөнгөнийх нь худалдан авах чадвар унахаар л яс махандаа тултал ойлгож байна. Хүүхдийн цэцэрлэг хүрэлцэхгүй, сургууль нь хол, ангидаа багтахгүй, өвөлдөө утаандаа дарамтлуулж, олон мянгуулаа уушгины өвчтэй болсоор буй нь ийм байдлаасаа гарч чадахгүйн учрыг хүн бүрийг эргэцүүлэн бодоход хүргэж байна.

АВЛИГА ЯАГААД ӨССӨӨР БАЙНА ВЭ

Уг нь энэ бүх асуудлыг шийдэх мөнгө, хөрөнгө Монголд бий. Гагцхүү энэ хөрөнгийг чинь улс төрийн намын нэрээр төрийн эрхэнд гарч буй цөөн этгээд завшиж гувшуулдаг. Тэгээд ямар ч хариуцлага хүлээхгүй яваад өгдөг, эсвэл нуугдаж үлдээд, ил далдаар бусдыг удирдан хорт үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр буйд л хамаг учир байгаа юм.

Төрийн өмчит компанийн үйл ажиллагаанаас болоод олон улсын шүүхээс төлбөр, торгууль ногдуулахаар хамгийн түрүүнд монгол хүн бүр төлж эхэлдэг. Учир нь төр засагт та биднээс хүчээр авдаг татварын мөнгөнөөс, эсвэл уул уурхайн баялаг борлуулсны хураамжаас, хил гаалиар оруулсан барааны хураамжаас өөр орлого байдаггүй юм. Төрийн бүх өр төлбөр, торгууль нь иргэд дээр эхэлж буудаг.

Жишээлбэл, “Хан ресурс” гэдэг Канадын компанийн лицензийг Монголын Засгийн газар хурааж аваад, өөр компанид шилжүүлснээс үүсэлтэй маргааныг Олон улсын арбитрын шүүх манай төр засаг буруутайг тогтоон, монголчууд 100 сая доллар энэ зун төлсөн юм.

Мөн Монголын хувийн компани болох “Жаст” групп нь төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр” болон УБТЗ-аар баталгаа гаргуулан, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 120 сая ам.долларын зээл авсан боловч түүнийгээ төлж чадаагүй тул Олон улсын арбитрын шүүхээр удтал хэлэлцсэний дараа тэрхүү зээлийг “Эрдэнэт үйлдвэр” төлөх, хүү болон шүүхийн зардлыг нь оруулаад 170 сая доллар өгөх болсныг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулав. “Блүүмбэрг” агентлагийн мэдээлснээр баталгаа гаргасан “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал, ТӨХ-ны дарга нар өөрсдийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж мэдүүлж байсан ч гарын үсэг нь мөн болохыг Олон улсын арбитрын шүүх тогтоожээ.

ТҮШМЭД ЗАВШИЖ, ТӨЛБӨРИЙГ НЬ ИРГЭН ТА ТӨЛНӨ

Гэтэл Монголд эдүгээ нийтийн хөрөнгийг зувчуулсан нь ял завшиж, ямар ч төлбөр барагдуулдаггүй, харин гэмт хэрэгтэй ямар ч холбоогүй иргэд нь хамтраад тэр хохирлыг төлдөг жишиг тогтож эхэллээ. Буруу шийдвэр гаргасан төр засгийн нөхдүүд өөрийн шангаа хуваалцаад авчихсан тул тухайн хүнийг шоронд хэсэг суулгаад өнгөрдөг, ямар ч төлбөр авдаггүй, эсвэл Өршөөлийн хуулиар хэлтрүүлдэг болов.

Энэ бол Монголын нийтийн засаглалын зөвхөн ганц, хоёрхон л жишээ. Гэвч хэвлэлээр гараагүй, эсвэл “хаалтын гэрээ”-тэй учир тэд дуугараагүй хэчнээн олон жишээ байгааг таахад хэцүү. Ямар ч л гэсэн монголчууд бид энэхүү авлига гэгч аварга могойг дарахгүйгээр ядуурал, утаанаасаа хэзээ ч салахгүй, цэцэглэн хөгжиж чадахгүй нь тодорхой юм.

Д.Жаргалсайхан

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.