Монгол: Зээлээс зээлийн хооронд амьдрахуй

“Тэд бидний тухай” булан энэ удаа “Financial times” сонинд Люси Хорнбигийн бичсэн “Монгол: Зээлээс, зээлийн хооронд амьдрахуй” нийтлэлийг онцолж байна. Гаднын хэвлэлээр Монголын талаар олигтой мэдээлэл гарахаа больжээ.

“Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй”
(Монгол ардын зүйр цэцэн үг)

Гантүлхүүр бол Улаанбаатарт хамгийн томд тооцогдох махны захад нэгэн лангууг эзэмшин бөөний худалдаа эрхэлдэг нэгэн. Өдгөө монголчууд тэр чигээрээ өрийн сүлжээнд баригдаад байгаа бөгөөд Гантүлхүүр ч ялгаагүй, энэ сүлжээний нэг хэсэг нь болж хувирчээ. Тэрээр өрийн данс хөтөлнө. Данс болох жижиг дэвтэрт нь түүнээс мах зээлээр авсан жижиглэнгийн худалдаачдын нэрсийг мөнгөн дүн, утасны дугаартай нь кирилл үсгээр жирийтэл бичсэн байх аж. Энд нэр нь бичигдсэн худалдаачид харин зээлээр авсан мах, махнаас арай хямд дотор эрхтэн зэргийг жижиг, жижиг хэсэг болгоод эцсийн хэрэглэгчид худалддаг байна.

“Би өмнө нь өдөртөө багтаагаад бүх махаа зарчихдаг байсан. Харин одоо зарагдахаа больсон. Иргэдийн худалдан авах чадвар муудсан” гэж Гантүлхүүр ярив.
Түүхий эдийн үнийн өсөлтийн оргил үед Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлыг хөгжиж байгаа ангилалд багтдаг бусад улсуудаасаа илүү их татдаг байлаа. Тэд Монголын хангай, говь хосолсон өргөн уудам нутагт ашигт малтмалын ордтой болохоор хошуурч, 2011 онд ДНБ-ий өсөлт нь 17 хувьд хүрч байв. Гэвч зээл авч, түүхий эдийн өсөлтийн оргил үе өнгөрснөөр далайд гарцгүй энэ улс хямралд хамгийн их өртсөн орны нэг болжээ…
Төв банк төгрөгийн ханшийн уналтыг тогтоох зорилгоор бодлогын хүүгээ 4.5 хувиар нэмэгдүүлэх шийд­вэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Мөн Олон улсын валютын сан хэрвээ Монголын Засгийн газар хүсэх юм бол зээл олгохоо илэрхийлээд байна. Түүнчлэн барууны зээлдүүлэгчид тат­галзсан тохиолдолд БНХАУ-ын зээлдэгчид оронд нь орж ирж, зээл, хөнгөлөлтүүдийг өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлж эхэлжээ.
Бодлогын хүү нэмэгдсэнээр аж ахуйн нэгж, хувь хүнд зээл авах, авсан хойноо эргүүлж төлөхөд улам ч хүнд бэрх болж байна. Тэр ч утгаараа банкнаас бус, нэг нэгнээсээ зээл аван өрийн сүлжээнд баригдаж байгаа юм.
Дэлхийн банкны хийсэн судалгаагаар, тус улсын ядуурлын төвшин 2010 онд 39 хувь байснаа дөрвөн жилийн дотор 22 хувь болж үлэмж буурчээ. Энэ нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өссөний ачаар экспортын орлого нэмэгдэж, төрөөс халамжийн бодлого хэрэгжүүлсний үр дүн байв. Хот хүрээ өргөжин тэлж, иргэдийн ихэнх нь хот суурин газар амьдрах болсон байна. Гэвч хотод амьдрахад алхам тутамд мөнгө хэрэг болдог онцлогтой. Энэ нь иргэдийн амьдралыг улам хүндрүүлж байгаа аж.
Гантүлхүүр “Өнгөрсөн намартай харьцуулахад амьдрал нэлээд хэцүү болсон. Бэлэн мөнгөөр худалдаа хийх нь багасч, ихэвчлэн зээлээр наймаалцах боллоо” гэснээ гэнэт бага зэрэг эргэлзэж “Дэмий юм ярьчихав уу даа. Улс орныхоо нэр хүндийг сэвтээх юм ярьчих вий гэж санаа зовчихлоо” хэмээн өгүүлсэн юм.
Монголын Сангийн сайд тэргүүтэй эрх баригчид өнгөрсөн сард улс орныхоо өнөөгийн байдлын талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж, төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд, улсын нийт өр ДНБ-ий 78 хувьд хүрэн, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуульд заасан хэмжээнээс давсан талаар мэдээлсэн. Үр дүнд нь иргэд ам.доллар худалдаж авахыг эрмэлзэн ам.долларын ханш эрс нэмэгдсэн тул Төв банк бодлогын хүүгээ өсгөхөд хүрсэн билээ…
Монгол Улс хэдийгээр ОУВС-гаас зээл хүсээгүй байгаа боловч энэ намартаа тийм алхам хийх төлөвтэй байна. Үүний дараа Азийн сэргээн босголтын банк, Дэлхийн банк, Япон зэрэг томоохон зээлдэгчид нь одоо байгаа зээлийн хүүгээ нэг хувиар бууруулах магадлалтай юм. Мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 2.5 хүртэлх хувийн хүүтэйгээр шинэ төсөл хэрэгжүүлж ч болох юм.
Монгол Улс өмнө нь ОУВС-гаас 232 сая ам.долларын зээл аваад түүхий эдийн үнийн өсөлтийн ачаар амжилттай төлж байсан. Энэ удаа ч гэсэн зээл авсан тохиолдолд үнийн өсөлтөөс их зүйл шалтгаална.
5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2021 он хүртэл үргэлжилнэ. Гэсэн ч төсөлд эзэмшиж байгаа 34 хувиа Рио Тинтогоос ЛИБОР+ буюу жилийн 6.5 хувийн хүүтэй зээлсэн учраас 15 жилийн турш ногдол ашиг хүртэхгүй.
Эдийн засгийн байдал хүндэрснээр олон улсын зах зээлээс хөрөнгө босгох боломж хумигджээ. Монгол Улс хамгийн сүүлд жилийн 10.5 хувийн хүүтэй бонд босгосон. Үүнийг сонссон гаднын нэгэн банкир “Монголоос өөр ямар ч улс ийм өндөр хүүтэй бонд гаргаж байгаагүй” гэж дуу алдсан гэдэг. “Монголоос ч илүү хямралтай, эрсдэлтэй улс дэлхий дээр олон бий. Гэвч тэр үүнийгээ мэдээд бонд гаргадаггүй юм” гэж тэрээр өгүүлсэн байдаг…
БНХАУ-аас своп хэлцлээр авсан 11 тэрбум ремнибигийн зээл нь Төгрөгийн ханшийн уналтаас болоод 15 тэрбум болж өссөн. Жилийн 6.5 хувийн хүүтэй энэ зээлийн хугацаа 2017 онд дуусах ч монголчууд өмнөд хөршөө хугацааг нь сунгачих байх гэж найдаж байна…
Монголын санхүүгийн салбар хүнд байдалд орсонтой зэрэгцээд БНХАУ-ын “Bank of China” үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэх вий гэж Монголын банкууд санаа зовж байна. Хятадын банк одоогоор Монголд үйл ажиллагаа явуулдаг 7000 жижиг бизнес эрхлэгчидтэй харьцаж байгаа юм…
УИХ-ын гишүүн Г.Зандан­шатарын ярьснаар, 2018 он хүртэл тэтгэврийн зээл авчихсан хүн олон байгаа бөгөөд энэ нь төлбөрийн түргэн гүйцэтгэх чадварыг сулруулна гэж үзэж байна. Түүнчлэн хүүхдийн 20 мянган төгрөгийн хөтөлбөр нь олон гэр бүлийн амьжиргааны гол эх үүсвэр хэвээр байгаа юм.
Зоогийн газар ажиллуулдаг Эрдэнэбаяр гэдэг залуу “Бид хэдий их ажиллаж байгаа ч өртэй. Бид гаднын улс оронд өртэй. Монгол хүний хувьд үүнд санаа зовж л байна” гэж ярьж байна.

АРДЫН ЭРХ сонин