Хуулийн дагуу намрын ээлжит чуулган ирэх сарын 01-нд буюу маргааш нээлтээ хийх ёстой. Харин үүнээс өмнө УИХ-ын даргын болон эрх баригчдын өмнө төсөв үү, өршөөл үү гэх ярвигтай асуулт гарч ирээд байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёрын аль нь чухал болохыг тогтоох шаардлага тулгарчихаад байгаа юм. Уг нь улс орны эдийн засаг эрчимтэй уруудаж, элгээрээ мөлхөж байгаа энэ цаг үед энэ оныхоо төсөвт тодотгол хийх, ирэх оныхоо төсвийн төсөөллийг ярилцах учиртай баймаар. Тэгээд ч Засгийн газрын тэргүүн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Сангийн сайдыг дуудаж уулзан, даалгавар өгөхдөө намрын чуулганы эхэнд хэлэлц гэсэн. Сангийн сайд ч хамгийн түрүүнд төсвөө хэлэлцүүлэх чиглэл барьж ажиллаж байгаагаа дуулгасан. Харин тэдний энэ санал санаачилга дээр хуулийн заалт нэмэгдэх учиртай.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар хуулийн дагуу аравдугаар сарын 01-нд ирэх оны төсвөө өргөн барих учиртай. Энэ үүднээс нь харвал УИХ намрын чуулганаа эхэлсэн даруйдаа төсвөө хэлэлцэж эхлэхээр харагдаж байгаа юм. Гэтэл УИХ энэ зун хоёр ч удаа ээлжит бус чуулган зарласан. Ингэхдээ хоёулаа “ацаг”-тай байсан нь төсвийг түрүүлж хэлэлцүүлэхгүй ч байж магадгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Учир нь, эхний ээлжит бус чуулганаар эрх баригчид хаалттай хаалганы цаана хоёр талын /АН,МАХН/ ашиг сонирхлыг хангах үүднээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Энэ нь араасаа маш олон асуудал дагуулсан учраас хоёр дахь удаагаа ээлжит бус чуулган зарласан байдаг. Харин УИХ хоёронтаа хуралдаад ч Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэг мөр болгож чадаагүй юм.
Тодруулбал, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хоёр дахь ээлжит бус чуулганаар хүлээн авсан ч хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хийх Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг бантан хутгачихсан нь Өршөөлийн хуулийг, түүний цаана наранд гарахаар хоног тоолон хүлээж суугаа олон мянган иргэнийг хүлээлтийн байдалд оруулсан хэрэг. Бүр том зургаар нь харвал Өршөөлийн хуульд бүх ард түмнийг, улс орны эдийн засгийг хүртэл барьцаалчихлаа ч гэж хэлж болохоор байна. Яагаад гэвэл, байж болох бүх хэмнэлтээ хийхээр болоод байгаа энэ үед цаг алдалгүй төсвөө хэлэлцмээр байгаа ч Өршөөлийн хууль ийнхүү барьцаа болж байна. Ингээд ч зогсохгүй УИХ-ын дэд дарга “Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, тогтоол гарган шийдвэрлэсэн. Энэ тухай намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо” гэж мэдэгдсэн. Харин үүний дараагаар УИХ-ын дарга намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо нийт 27 асуудлыг хэлэлцэхээр тогтсон ч хамгийн эхэнд Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эрэмбэлсэн.
Ийнхүү УИХ-ын даргын захирамжаас харвал УИХ намрын чуулганаа эхэлсэн даруйдаа Өршөөлийн хуулиа хэлэлцэж эхлэхээр байна. Гэтэл нэг асуудлыг хэлэлцэнэ гэдэг нэлээд хэд хоногийг барна гэсэн үг. Тэр дундаа нэгнээ барьцаалж, шантаажилсан Өршөөлийн хуулийг тэд хэдхэн хоногт нугалчихгүй нь ойлгомжтой. АН олонхиороо хүлээгээд авчихсан учраас Ерөнхийлөгчийн хоригийн дагуу нэмэлт, өөрчлөлт хийхийг зорих нь ойлгомжтой ч МАХН-ынхны гол зорилгыг Ерөнхийлөгч хуулиас сугалчихсан нь ийнхүү асуудал дагуулаад байгаа нь нууц биш. Ингээд бодохоор намрын чуулганаар хэл амтай асуудлаар эхэлж, эцэстээ ямар шийдэлд хүрэх нь эргэлзээтэй харагдаж байгаа юм. Гэтэл энэ бүхний цаана улс орны, ард түмний, Засгийн газрын, ерөөсөө бүгдийн эхэнд эрэмбэлэгдэх учиртай төсөв хол хаягдаж магадгүй нөхцөл байдал харагдаад байна. Төсвийн тодотгол гэдэг буруу тооцооллоо, алдаагаа засахын л нэр.
Нэгэнт УИХ буруу тоооцооллоор энэ оныхоо төсвийг баталсан, тиймдээ ч нэг их наядаар орлого нь дутахаар байгаа энэ үед тодотголоо яаралтай хэлэлцмээр. Гэтэл МАХН-ын барьцаа юунд ч хүргэж болзошгүй. Эцсийн дүндээ эрх баригчид улс эх орноо бодох уу, нэг хүний эрх ашгийн төлөө нийтийн ашгийг цааш тавих уу гэдгийг харах л үлдэж байна.
Эх сурвалж www.wikimon.mn